Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 26-наас авч эхэлнэ
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аар батлагдан, улмаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож энэ тухайгаа Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу олон нийтэд зарласан. Ингэснээр уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх эрх зүйн орчин  бүрдсэн.
 
Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах,нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын нэг үндсэн чиглэл юм. 
Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5% хувийг эзэлж байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн журмаар олгох
 
Тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийшэх хэсэгт  хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна. 
 
Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг мэдээллийн технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгоно. Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үеэр Ашигт малтмалын газарт үүсдэг байсан хэт их дараалал, хүлээлт, үүнээс үүдсэн иргэдийн уур бухимдал, чирэгдэл, хардлага бүрэн арилна гэж үзэж байна. 
 
Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн бодлого бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхлэхдээ хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай, чадвартай хуулийн этгээдэд олгох чиглэлийг баримталж ажиллана.
 
Ашигт малтмалын газар 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж эхлэх ба юуны өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ-т хүрэлцэн ирж бүртгэл хийлгэх шаардлагатай.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох 
 
Уул уурхайн сайдын 2015 оны 01 сарын 13-ны №10 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулна. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсад нийтлэг мөрддөг зарчмыг баримтлах бөгөөд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авна. Харин үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, оролцогчийн мэргэжлийн боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал зэргийг үнэлж өгнө. 
 
Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий талбайд 2244 төг/га, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 1800 төг/га, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд 1350 төг/га байхаар тус тус тооцохоор зохицуулсан. 
 
Сонгон шалгаруулалтыг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын комисс зохион явуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжид зориулсан сургалт, сурталчилан таниулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. 
 
Мөн түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт, заавар, зөвлөмжийг Ашигт малтмалын газар болон тус газрын цахим хуудаснаас авч танилцаж болно. 

106 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ 
ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
 
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. 
 
Уг журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 талбайд  4 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.  
 
Сонгон шалгаруулалтын дүнд 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 
 
Харин “Чойдог худаг”, “Могойт”, “Амгалант” гэсэн 3 талбайд огт санал ирүүлээгүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
 
2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ээлжит сонгон шалгаруулалт зарласан 18 талбайн нэр бүхий 5 талбайд үнэлгээний комисс сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх ажлыг хийж байна. Харин 13 талбайд зөвхөн нэг нэг оролцогч санал ирүүлсэн тул дахин сонгон шалгаруулалт 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зарлаад байна. Эдгээртэй хамт шинээр босго үнээ баталгаажуулсан 1 талбайд сонгон шалгаруулалт зарласан. /Хавсралт 2/
 
Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 30 талбайд, давхцалтай 43 талбайгаас 7 талбайн давхцалыг нь арилгуулан  босго үнийг баталгаажуулан нийт 37 талбайд сонгон шалгаруулалтыг  амжилттай явуулж байна. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 08:54:56
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах