Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейн А хорооны хурлаар өчигдөр халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт, вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах зэрэг асуудлыг хэлэлцэж, зарим тогтоолын төслийг баталлаа. Дээрх хуралдаанд ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр оролцож, хэлэлцсэн асуудлуудаар Монгол Улсын Засгийн Газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүлэв.

Халдварт бус өвчин (ХБӨ)-өөс урьдчилан сэргийлэх, хянах дэлхийн стратегийн хүрээнд 2008-2013 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж дүгнэсэн ба 2013-2020 онд ХБӨ-ийг хянах дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэж батлав. Эл асуудлаар Др. С.Төгсдэлгэр манай улсын байр суурийг илэрхийлэхдээ 2008 оноос хойш ХБӨ-ний асуудлыг дэлхий нийтийн хэмжээнд хөгжлийн тэргүүлэх асуудлуудын нэг болгож чадсан нь ДЭМБ-ын том амжилт болохыг тодотгож, улмаар ХБӨ-ийг хянах, бууруулах асуудлаар үндэсний түвшинд бодлого, стратеги боловсруулахад гишүүн улс орнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж байгаад Засгийн Газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Монгол Улсын хувьд ХБӨ-ийг хянах, урьдчилан сэргийлэх асуудлаар, нэн ялангуяа тамхины хяналтын асуудлаар салбар дундын хамтын ажиллагааг сайтар өрнүүлж чадсан ба Тамхины хяналтын хуулийг шинэчлэн батлуулснаар олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглож, тамхин бүтээгдэхүүн худалдан авах насыг 21 болгож ахиулсан нь томоохон амжилт болохыг онцлов. Түүнчлэн Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцын Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах нэмэлт Протоколыг соёрхон баталж, Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий салбар дундын хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа талаар тэмдэглэв. Хэдийгээр олсон ололт амжилтууд багагүй байгаа ч Монгол Улсын хувьд ХБӨ-аас шалтгаалсан нас баралтын түвшин тууштай буурахгүй байгааг онцлов. Тухайлбал, Монгол Улсад ХБӨ-өөс, нэн ялангуяа зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нийт насанд хүрэгчдийн нас баралтын гуравны нэгийг эзэлж байгаа хэдий ч хөгжлийн албан ёсны туслалцааны 10 хүрэхгүй хувийг энэ чиглэлд зарцуулж байгаа нь туйлын хангалтгүй болохыг тэмдэглэж, аюулгүй, үр дүн сайтай, боломжийн үнэ бүхий эм хэрэгслийн хангалтыг сайжруулж, оношлогооны чадавхийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар, түүнчлэн дэлхий нийтийн хэмжээнд ХБӨ-ий талаар маш их хэлэлцдэг болсон ч хамгийн бага санхүүжилттэй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгааг онцлон тэмдэглэв. Тиймээс НҮБ-ын ХБӨ-тэй тэмцэх өндөр түвшний ажлын хэсгээр дамжуулж НҮБ-ын Хөгжлийн Туслалцааны Хөтөлбөрийн Хүрээнд ХБӨ-ий асуудлыг тэргүүлэх чиглэл болгож тусгуулах тал дээр ДЭМБ онцгой анхаарч ажиллах талаар санал дэвшүүлэв. Хэлэлцүүлэгийн эцэст ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны зохицуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 2014-2015 оны төлөвлөгөөг мөн батлав.

Дараачийн хэлэлцсэн асуудлын хувьд, Монгол Улс нь халдварт гепатитын тархалт өндөртэй улсын тоонд ордог ч дархлаажуулалтын үр дүнд вируст гепатит А, В-ийн хяналт сайжирч байгаа тухай тэмдэглэв. Тухайлбал 1990-ээд оноос вируст гепатит В-ийн халдварын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлснээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд халдварын тархалт 0.53 хувь хүртэл буурсан бол вируст гепатит А-ийн эсрэг вакцинжуулалтыг 2012 оноос нэвтрүүлснээр хоёрхон жилийн дотор уг халдварыг бараг 9 дахин бууруулсан амжилттай байна. Гэвч эрт илрүүлэг хангалтгүй, оношлогоо, эмчилгээний чадавхи сул зэргээс улбаалж элэгний хатуурал болон хавдраар өвчлөгсдийн хувь өндөр байгаа талаар онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулж, вируст гепатитын хяналтын чиглэлээр боловсруулсан тогтоолын төслийг батлахыг Монгол Улс бүрэн дэмжиж байгааг илэрхийлэхийн сацуу НҮБ-ын холбогдох бусад агентлагуудыг вируст гепатитаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлд тогтвортой санхүүжилт гаргаж ажиллахыг уриалав. Эцэст нь вируст гепатиттай тэмцэх үйл ажиллагааг ХДХВ/БЗДХ-аас сэргийлэх хөтөлбөртэй нягт уялдуулж, Монгол зэрэг өвчлөл ихтэй улс орнуудад үр дүнтэй, аюулгүй эмийг боломжийн үнээр хангах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн байна. Ийнхүү вирүст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах дэлхий нийтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай тогтоол батлагдлаа.

Мөн өдрийн нэгдсэн хуралдаан дээр нийгмийн эрүүл мэндийн нэр зүтгэлтнүүдийн нэрэмжит шагналуудыг Пакистан, Доминикан, Коста Рика болон Чех улсын эрдэмтэн судлаачдад гардуулан өгсөн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.