Шинэчлэл гэдэг шилжилт хөдөлгөөн хийж, цалинг нэмэгдүүлж, ажлын байрыг сайжруулаад болчих асуудал биш
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбаттай ярилцлаа.
 
-Гаалийн байгууллага хэрхэн ажиллавал улсын хөгжилд хувь нэмрээ оруулж чадах вэ?
 
-Гаалийн байгууллага нь Монгол Улсын Гаалийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд ханган биелүүлэх үүрэгтэй.  Гэхдээ Гаалийн хууль, тогтоомж гэдэг дотроо хэд хэдэн салбартай. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тэр нь хүнс, байгаль орчны аюулгүй байдал, эрүүл мэнд гэх мэтийн чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Нөгөөтэйгүүр гаалийн байгууллага улс орны эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байх ёстой. Ингэхдээ худалдааг дэмжих юм. Худалдааг дэмжсэнээр бараа эргэлтийг түргэсгэх юм. Бараа эргэлт түргэссэнээр хүмүүсийн гар дээрх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ шүү дээ. Ингэснээрр амьжиргаа болон эдийн засаг сайжирна. Тиймээс бид худалдааг хөнгөвчлөх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг үзүүлэх ёстой. Гэхдээ үүнийг зүгээр санаан зоргоор хийчихгүй. Ингэхийн тулд олон хэрэгслүүдийг давхар ашигладаг. Тухайлбал, иргэддээ итгэл үзүүлж, шалгах журмуудын тэнцвэрийг зөв авч явах ёстой юм.
 
-Бас улсын төсвийн орлогыг бүрдүүлэх ёстой?
 
-Гаалийн байгууллагын бас нэг том үүрэг энэ. Гэхдээ гаалийн татвар гэж бараг байдаггүй. Онцгой татвараас бусад нь таван хувь гээд тогтчихсон байдаг. Үүнийг олон улсын хэмжээнд авч үзвэл хамгийн бага татвар нь юм. Яагаад гэж асуух байх л даа. Учир нь манайх үйлдвэрлэгч улс биш, импортлогч улс. Тэгэхээр татварыг өндөр болговол иргэдэд хүнд тусна. Тиймээс л татварыг бага авдаг. Энэ эргээд нөгөө яриад байгаа худалдааг хөнгөвчлөх, дэмжих арга болж байгаа юм.
 
-Нэмүү өртгийн албан татварыг танайх авдаг гэсэн?
 
-Одоогоор импортолсон бараанаас 10 хувийн нэмүү өртгийн албан татварыг авдаг. Гэвч энэ гаалийн татвар биш. Үүнийг татварын байгууллага авах ёстой. Гэхдээ импортоор орж ирсэн барааны татварыг хил дээр нь авч байхгүй бол дараа нь нөхөж авахын тулд татварын зардал өснө. Өөрөөр хэлбэл, татвар цуглуулах зардал өсөхөөр улс оронд хүндрэл үүснэ. Тиймээс татвар авах аргыг хялбарчилж байгаа хэлбэр болохоос гаалийн татвар биш. Гааль хурааж авдаг юм.
 
-Гаалийн өрөнхий газрын даргын албан тушаалыг аваад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хооронд ямар шинэчлэлийг хийсэн талаараа сонирхуулахгүй юу?
 

-Гаалийн байгууллага энэ мэт үндсэн функцээ олон жилийн турш нэр төртэйгээр биелүүлж яввна. Мэдээж хөгжлийн явцад гаальчид нийгэмтэйгээ хамт хөгжиж байгаа болохоор сайн, муу олон нэрийг хүлээж авлаа. Сүүлийн 20 жил нийгэмд “Гаальчид хүнд суртал их гаргадаг юм. Авлига их авдаг, иргэдтэй зүй зохисгүй харьцдаг" гэсэн ойлголттой болчихсон байна. Энэ нь гаальчдын хувьд маш таагүй зүйл. Тиймээс энэ байдлаас л гаргах юмсан гэж бодож явдаг. Өөрөөр хэлбэл тэрийн өмнө хүлээсэн үүргээ байгууллага системийнхээ хэмжээнд нэр төртэй биелүүлдэг байгууллага байгаасай л гэж хүсдэг.
 
Жил гаруйн хугацаанд хийсэн зүйлээ яриад байвал урт хугацаа шаардагдана. Би дарга болоод гаальчдын талаар судалсан. Гэтэл бид нийгмээсээ түрүүлж сэтгээд байгаа ард түмэн юм шиг санагдсан. Харин биднийг чиглүүлж байдаг олон улсын конвенц байдаг. Түүнийг бид цаг тухай бүрт нь хэрэгжүүлснээр нэг алхам урд байгаад байгаа юм. Бид төлөвлөж чаддаг ч удаан хэрэгжүүлдэг. Энэ нь бидний сэтгэлгээний хандлага нийгмийн хөгжлийн түвшинтэй хадагдаад, зогсонги байдалд орчихсонтой холбоотой. Тиймээс бид хэрэгжүүлж чаддаг чадвартай болох хэрэгтэй юм. Анх ийм л зорилт тавьсан. Үүнийхээ дагуу хамгийн түрүүнд нэг газар олон жил суурьшаад, магадгүй худалдаачдын сүлжээнд орчихсон, зарим нэг компанийг дэмждэг, түүнээсээ шан харамж авдаг гэх мэтийг таслан зогсоох үүднээс Гаалийн хуулиар олгогдсон сэлгэн ажиллуулалтыг хийсэн. Өмнө нь ийм сэлгэн ажиллуулалт хийгдэж байгаагүй. Бидэнд хийхээс өөр арга байгаагүй.
 
Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 800 гаруй хүнийг хуучин ажиллаж байсан байрнаас нь сэлгэн ажиллуулсан байна. Ихэвчлэн шалгалт хийдэг хүмүүсийг шилжүүлсэн. Гэхдээ суурьшсан газраас нь хөндийрүүлнэ гэдэг хүнд ажил. Ард талд нь их зовлон байдаг байсан. Гэхдээ бид гаалийн байгууллагад олон жил ажилласан, дэмжлэг арын хаалга байхгүй, хүссэн газраа амьдарч чадахгүй байгаа хүмүүсийг бид өргөдлийнх нь дагуу явуулсан. Шилжилт хөдөлгөөний 50 хувь нь гомдож байхад, тал нь баярлаж байх жишээтэй. Энэ гаалийн шинэчлэлд нөлөөлнө. Гэхдээ хамгийн гол нь оюун санааны өөрчлөлт байх ёстой юм. Бид дандаа “Хий” гэж загнадаг. Гэтэл очихоор нь амьдрал, эрүүл ахуйн байдал гэх мэт нь ямар байхыг боддоггүй байсан байна.  Түүнчлэн ард талд нь үлдэж байгаа амьдралын талаар бодож үзээгүй.  Тиймээс энэ бүгдийг нь өөрчилье гэж байгаа юм.
 
Нэг үгээр сэтгэлгээнд нь өөрчлөлт хийхийн тулд ар тал, нийгмийн хамгааллыг нь харж үзэж байж гаальчиддаа шаардлага тавья гэж байгаа юм. Ингэхийн тулд шинэ хуулинд гаальчдын нийгмийн баталгааны талаар оруулах саналтай байгаа. Ер нь өнөөгийн төр засгийн удирдлага их дэмжиж байна. Гаальчдын цалин, урамшууллыг өндөр болгоё гэж амласан зүйл бий. Гаальчид маань үүний үр дүнг үзээд баярлах байх гэж ойлгож байгаа.
 
-Гаальчдын ажлын нөхцөл байдал ямар байдаг юм бол?
 
-Бид улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлдэг. Үүнийг оруулахын тулд улсын бүхий л хилээр явж байгаа. Ингэхийн тулд ядаж л тухайн газраа очих унаа, бензин, томилолтын зардал хэрэгтэй байгаа юм. Гэтэл ийм зүйл нь дутмаг байна. Гэхдээ энэ бүгдийг үгүй болгохын тулд л ажиллаж байна.
 
-Сүүлийн үед гаалийн алба хаагчдын эргэн тойрондох асуудал ихэсч байна. Хар тамхи, татваргүй бараа оруулахыг завдлаа гэх мэт. Зарим нь цалин нь хангалтгүй байдаг байх гэдэг бол гаалийн алба хаагчдын та­лаар онигоо хүртэл зохион ярьж байдаг. Энэ талаархи таны бодлыг сонирхмоор байна л даа?
 
-Таны асуултад хариулахаас өмнө шинэчлэлийнхээ талаар хэдэн зүйл дурдъя л даа. Шинэчлэл гэдэг шилжилт хөдөлгөөн хийж, цалинг нэмэгдүүлж, ажлын байрыг сайжруулаад болчих асуудал биш. Хамгийн гол нь удирдлагын арга барил юм. Бид өнөөдөр цөөхөн хүний хүрээнд асуудлыг шийддэг хурц босоо биш, багийн системийг нэвтрүүлээд байна. Энэ бол маш том ололт. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багийн гишүүдэд эрх шилжүүлэх, итгэл үзүүлэх, хамтдаа хариуцлага хүлээдэг байх системд шилжиж чадлаа. Үүнээс үүдээд санхүүгийн ил тод байдлаа зарлаж байна. Мөн захиргааны ил тод байдлаа зарлаж, шилэн дансыг нэвтрүүлэн, гаалийн байцаагчдын тогтоогоод байгаа үнэ, үнэлгээний байдлыг ил зарлаж байна. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх чиглэлийн софтверүүдийг өөрчилж байна. Энэ мэт шинэлэг зүйлсийг их хийжээ. Үүнээс гадна гаалийн түүхэнд байгаагүй таван метр 40 см шонхор шувууг “Монголын гааль хуулийн хүрээнд есөн эрдэнийн орноо хамгаалах болно” гэсэн санаатайгаар Замын-Үүдэд байршууллаа.

Хэрэг зөрчлийн талаар хэлье л дээ. Гаальчид маань хэрэг зөрчилд өртөмтгий хүмүүс. Учир нь улсын байцаагч нар юм. Бүгдийг үздэг, шалгадаг, зогсоодог, хураадаг, торгодог, акт тавьдаг эрх нь байцаагч гэсэн хүн бүрт байдаг. Тиймээс зөрчил гаргах, зөрчилд татагдан ороход өртөмтгий байдаг юм. Гэвч олон хүн зөрчил гаргадаггүй. Үндсэндээ цөөн тооны буюу нийт гаальчдын 20-иод хувь нь ч юм уу өртөж байдаг. Тодорхой хэдэн хүн сүлжээнд ороод авлига авахаар гаальчид л гэж ярьдаг. Гэхдээ байцаагч бүр гаалийн хуулийг хэрэгжүүлэхдээ цагийн хуваарилалт, хаана ажиллаж байгаа функтаар хязгаарлагдаж байдаг. Жишээлбэл, Баян-Өлгийн байцаагч Дорнод аймагт очиж ажиллах эрх байхгүй. Түүнчлэн хүмүүс гаальчдыг таньдаггүй. Гааль дээр Хилийн цэрэг, Гадаадын иргэн харьяат, мэргэжлийн хяналт, манайх гэх мэт олон байгууллага ажиллаж байдаг. Гэтэл хувцас болоод хүнээ ялгахгүй, хил дээр бараа нь саатсан л бол “Муусайн гаальчид” гэдэг. Саяхан Австралид болсон чуулга уулзалт дээр Өмнөд Америкийн гаалийн дарга эмэгтэй “Манайх хил дээрээ зургаан байгууллага ажиллуулдаг. Эрүүл мэндийн байгууллага хүртэл ажилладаг. Гэтэл эдгээр байгууллагын аль нь ч хэрэг гаргасан гааль гэдэг юм’’ гэж байсан. Тэгэхээр дэлхий даяар ийм байгаа юм. Энэ нь нэг талдаа Монголын хилийг гаальчин хамгаалж байна гэдэг нэр хүнд хэдий ч бусад байгууллага цэвэр ажиллахгүй бол гааль цэвэр ажилласан ч буруутай гэсэн нийгмийн сэтгэлгээ байна. Тиймээс нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
 
Бид мөнгөний хэмжүүр, хэмжээсийг гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас авч хаясан. Гаальчид маань дотроо мөнгөөр ордог, мөнгөөр тушаал дэвшдэг гэж ярьдаг байсан. Үүнийг эрт таслан зогсоож байсан бол ийм явдал миний үед гарахгүй байсан гэдгийг хэлэх байна. Зөрчлийн хувьд үнэн. Манай залуус зөрчил гаргаж байна. Тухайлбал, Сэлэнгэ дээр зургаан байцаагч ачаагүй машин гаргасан, тэр нь молокотой байснаа зөгийн бал болсон. Хүмүүс эрүүгийн хэрэг хийчихээд байхад яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг яриад байгаа юм. Мөн Бичигт дээр хоёр машинаас дутуу татвар авсан байх жишээтэй. Буянт- Ухаагийн хоёр ахлах Авлигатай тэмцэх газарт баригдсан. Бид гаальчдыг оюун санаа, бодлоо ариусгавал үйлдэл чинь цэвэр болно гэсэн ухамсрын түвшинд ярьж байгаа юм. Ер нь олон жил бусармаг байсан зүйл эргээд цэвэршихдээ урт хугацаа шаарддаг юм байна. Гэхдээ төрөөс дорвитой арга хэмжээ аваад нийгмийн баталгааг нь сайжруулаад өгөх юм бол сайжрах байх гэж бодож байгаа. Гэвч бид ийм зөрчилтэй эвлэрэхгүй. Өнгөрсөн жил би 14 хүн халж, 76 хүнд сахилгын арга хэмжээ авч байсан. Тодруубал, бид багийн системийг нэвтрүүлж байгаа учраас нэг бараа алдагдахад байцаагч, түүнийг баталгаажуулсан ахлах хоёрт арга хэмжээ авна. Улмаар ийм зөрчил удаа дараа гараад байхад зогсоож чадахгүй байгаа газрын хороодын даргад арга хэмжээ авч байгаа.
 
-Гаальчинг хәл ам ихтэй апба гэдэг шүү дээ?
 
-Одоо халагдсан болон албан тушаал буурсан 10 орчим хүн шүүхдэж байгаа. Түүнчлэн бид  өөрсдөө зөрчлийг илрүлсэн 10-аад хүнийг халах, эсвэл албан тушаалыг нь өөрчилнө. Гэхдээ үүнийг наанатай, цаанатай хэлэлцэнэ. Манайхан хоорондоо жөтөөрхөлцдөг. Сэлэнгийн зургаан байцаагчийг яг тэнд нь ажиллаж байгаад халагдсан хоёр нөхөр асуудал болгож, халуулах гээд байгаа юм. Уг нь тухайн хэргийг хяналтын бүсээс гаргалгүй, гаальчин тогтоож зөгийн балыг илрүүлсэн юм шүү дээ. Ер нь гаальчин гэдэг их хэл амтай алба. Утсанд байнга мессэж ирнэ. Тэрийг халаад өг гэх мэт.
 
-Цаасгүй болно гэсэн зорилтыг тавьж байгаа тухай дуулсан юм байна?
 
-Худалдааг хөнгөвчлөх зорилгыг түрүүн тодорхойлсон шүү дээ. Харин ингэснээр хэн хожих юм бэ гэж байгаа юм. Ер нь бол бүх нийтээрээ хожих юм шиг байгаа юм. Иргэд ачаа, бараагаа бага хугацаанд авчирна. Харин татвар хураамжийн хэлбэрийг зохистой хэмжээнд нь аваачъя гэж байгаа юм. Ингээд эдийн засаг хөгжсөнөөр улс хожих юм. Төр иргэдийн төлөө үйлчлэх ёстой байгууллага учраас иргэд жаргалтай бол төр жаргалтай болж байгаа юм. Худалдааг хөнгөвчлөхийн нэг том шалгуур нь гаалийн мэдүүлгээс эхлээд бүрдүүлэлт дуусах хүртлэх хугацааны алинд нь цаг үрж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Ингээд электронжуулна. Шивээ хүрэн, Гашуун сухайт гээд Өмнөговь аймгийг электронжуулчихсан байна. Түүнчлэн зуучлагч машинаас 11 мянган төгрөг авдаг байсныг болиуллаа. Компани нь өөрөө мэдүүлэг бөглөж байгаа юм. Цаашлаад хураамжуудыг судалж үзээд багасгах арга хэмжээ эрэлхийлнэ.  Мөн хоёр хөрштэй  гаалийн мэдүүлгийн бичиг баримтыг ижилсүүлнэ. Дээрх хоёр хэсэгт ижилсүүлэлт дууссан байгаа бол  энэ сард Бичигт дээр ижилсүүлэлт хийхээр ажиллаж байна. Мөн энэ жилдээ багтаж экспортын бүх бүтээгдэхүүний мэдээллийг электроникоор хийдэг болно. Харин дараа жил импортын барааны ижилсүүлэлтийг хийхээр төлөвлөж байна.
 
Ингэхдээ мэдүүлгийг хаанаас ч бөглөж болдог байх гар утасны аппликейшний софтверийг боловсруулж байна. Тодруубал, Америкаас бараа ачуулсан хүн тэндээсээ мэдүүлгээ бөглөж болох боломж нь бүрдэнэ. Ингээд ирэх барааг урьдчилсан мэдээ, цаад хүн нь итгэлтэй бол бид шалгахгүй итгэл үзүүлнэ.
 
-Гэхдээ хориотой бараа орж ирэх вий гэсэн хардлага гарах байх?
 
-Бид үүний эсрэг орчин үеийн өндөр мэдрэмжтэй технологийг авах талаас нь ярьж байна. Өнөөдөр бид вагонд X-ray тавьж байна. Мөн Сэлэнгэд чингэлгийн рентген, Замын-Үүдэд хоёр том машины рентген ажиллаж байна. Харин жижиг машины рентгенийг энэ жилийн төсөвт тавих гэж оролдож байна. Дээр нь бид нохойгоо хөгжүүлж байгаа. Саяхан Азербейжаны гаалийн даргын бэлгэнд өмнө нь Монголд байгаагүй цэвэр цусны эр, эм малинуа гэдэг нохой ирлээ. Энэ төрлийн нохой нь сүүлийн дөрвөн жил дэлхийн хэмжээнд хяналт шалгалтаараа эхний байранд орж байсан. Гэхдээ бид хил дээрх аюулгүй байдлын шалгалтыг заавал хийнэ. Ингэснээр бүх юм цаасгүй механизмд шилжих юм. Хэрвээ Засгийн газар мөнгийг нь шийдээд өгвөл бид нэг цонхны  үйлчилгээг хэрэгжүүлэх гэж байна. Бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан. Энэ мэтээр ажлыг хийвэл иргэдэд чирэгдэл учруулдаг бүх асуудал алга болох юм.

-Гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж байна вэ?
 
-Он гарсаар манай гадаад харилцаа их хөгжиж байгаа. Нэлээд явлаа. Гадаад харилцаагүйгээр ажил явдаггүй юм байна гэдэг нь харагдаж байна л даа. Ялангуяа хөрш орнуудынхаа гаальтай нягт холбоотой ажиллах хэрэгтэй. Гэхдээ дарга нар яах гэж төрийн мөнгөөр айлчлаад байдаг юм бэ гэх хүмүүс бий. Гэхдээ бид тодорхой асуудлыг шийдвэрлэж явдаг. ОХУ- ын айлчлалын үеэр Москвагийн Санхүүгийн их сургуульд гаальчид магистр буюу докторт Оросын тэтгэлгээр сурах боломжтой боллоо. Түүнчлэн нохойн сургууль нь замын зардлаас бусад бүх зардлыг нь даагаад сургаад өгье гэж байна. Харин Хятадын талын квотод 30 хүнийг арваннэгдүгээр сард Шанхайн академид сургахаар тохиролцлоо. Энэ мэтээр бид бүхий л талын ажлаа бүтээж, тохиролцоонд хүрч байна.
 
-Энэ жилийнхээ ажлын үзүүлэлтийн талаар сонирхуулахгүй юу?
 
-I улирлын байдлаар нийт бараа эргэлт 13 хувиар багассан байсан. Гэхдээ гаалийн татвар өнгөрсөн оны мөн үеэс нь 52 тэрбум төгрөгөөр илүү авсан байсан юм. Ханшийн зөрүүгээр 40 тэрбум төгрөг олжээ гэж үзэхэд бид өнгөрсөн оноос 12.2 тэрбум төгрөгийг илүү авсан байна. Энэ нь нөгөө сэлгээний хүч. Өөрөөр хэлбэл тогтсон сүлжээ арилахаар гаальд орох орлого нэмэгдэж байгаа юм. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар илүү болсон байсан.
 
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-05-24 00:23:05
    Shal hudlaa
    49.0.159.30
    Мэдэгдсэн Хариулах