Давосын чуулга уулзалт хөрөнгө оруулагчдыг татах боломж
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хоёр жил нэлээд хүндэрч, хямрал нүүрлээд байгаа. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн дээд цэгтээ хүрч өдгөө 1950 төгрөгт хүрээд байгаа. Энэ нь мэдээж гадаадын хөрөнгө оруулалт ердөө хоёрхон жилийн дотор 70 хүртэлх хувиар буурсантай холбоотой. Нэгэн цагт дэлхийн томоохон корпорациудын анхаарлыг татаж байсан манай уул уурхайн салбар  эрхзүйн орчин муугаасаа болж хөрөнгө оруулагчдыг үргээсэн.

Нэгэнт газрын хэвлий дэх баялгаараа улсын төсвийнхөө нэлээдгүй хувийг бүрдүүлдэг уул, уурхайд түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд эргүүлээд хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн чухал болоод байгаа. Тиймээс ч өнгөрсөн хаврын чуулган, намрын чуулганаар УИХ-аас хөрөнгө оруулагчдыг татах, энэ салбарын гол гол хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж баталсан.

Тухайлбал Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг байна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхлээд нэг жил гаран болж байна. Тэгвэл эдгээр хууль тогтоомжоо гадны хөрөнгө оруулагчдад сурталчилах ажил бидэнд бий.

Харин үүнд өчигдөр Давос хотноо нээлтээ хийсэн “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” нэлээд тус дөхөм болно. Дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүн болоод томоохон корпорациудын захирлууд оролцдог энэхүү чуулганд манай улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор Швейцарьт очоод байгаа билээ.  Манай ерөнхийлөгч жил бүр уг уулзалтад оролцохдоо тодорхой чиглэлээр илтгэл тавьдаг. Энэ жилийн хувьд уул уурхайн чиглэлээр уулзалтад оролцож, илтгэл тавихаар болжээ. Эндээс хөрөнгө оруулагчдыг татах шинэ, шинэ боломжууд гарч ирнэ хэмээн мэргэжилтнүүд ихээхэн найдлага тавьж байгаа аж.

45 дахь удаагийн Давосын чуулга уулзалтад  дэлхийн 40 орны төр засгийн удирдагч, 750 том корпорацийн гүйцэтгэх захирал, мөн 140 гаруй орны 1500 гаруй бизнесийн шилдэг удирдагчид оролцож байгаа юм. Чуулга уулзалт энэ сарын 25 хүртэл үргэлжлэн явагдана.
 
 Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.