Б.Баатарцогт: Тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газарт олгож эхэлнэ
Ашигт малтмалын ту­хай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төсөл энэ салбарт ха­мааралтай дотоод, гадаадын бизнесийнхэн төдийгүй олон нийтийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тиймээс шинэ төсөлд зарчмын ямар өөрчлөлтүүд орсныг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн га­з­рын Геологийн бод­логын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос тодрууллаа. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт ажилласан юм.

-Ашигт малтмалын ту­хай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах хуулийн төсөлд тул­гамдсан ямар асуудлуудыг шийдсэн бэ. Өмнөх хуулиас ямар дэвшил гарсан бол?

-“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” энэ оны нэгдүгээр сард бат­лагдсан. 2025 он хүртэл Монгол Улс геологи уул уур­­хайн салбараа ямар чиг шу­га­маар, ямар ба­рим­жаа­­­гаар авч явахаа тодор­хойлсон.

Ашигт малтмалын хай­гуулын тусгай зөвшөөрөл ши­нээр олгохыг хориглох ту­хай хууль 2010 онд гарсан. Хууль гарснаас хойш нэг ч хайгуулын тусгай зөв­шөөрөл олгогдоогүй. Өм­нө олгогдсон тусгай зөв­шөөр­­лүүдийн дий­­лэнхийн хугацаа дуусч байгаа. Үнд­сэндээ дөр­вөн жилийн дараа гэхэд Мон­гол Улсад хай­гуулын тус­гай зөвшөөрөл нэг ч үл­дэхээр­­гүй нөхцөл бий бо­­лоод байна. Үүнийг да­гаад геологи хайгуулын сал­барт орж ирэх хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэж болно. Энэ салбарын туслан гүйцэтгэгчид буюу өрөмдлөг, хайгуул, гео­фи­зик, лабораторийн ком­па­ниудын үйл ажиллагаа зог­сонги байдалд орчихлоо. Эдгээр нөхцөл шалтгааны улмаас Ашигт малтмалын ту­хай хуульд зайлшгүй өөрч­лөлт оруулах шаардлага тулгарсан.

Гол өөрчлөлтийн хувьд юун түрүүн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр ол­гох, ингэхдээ төрөөс тог­тоосон, зөвшөөрсөн талбайд олгох юм. Одоогийн мөрдөж бай­гаа хуульд хайгуулын тус­гай зөвшөөрлийг анх олгохдоо өргөдлийн жур­маар хэн түрүүлж ирсэнд нь буюу сонгон шалгаруулалт гэсэн хоёр зарчмаар олгодог.

Энэ зарчим хэвээр үлдсэн. Гэх­дээ зарим нэг өөрчлөлт орж бай­гаа. Өмнө нь шинээр олгох тал­бай­гүй, дуусгавар болсон, цуц­лагдсан, буцааж өгсөн, эрдсийн хуримтлалтай зэрэг нөхцөлд сонгон шал­гаруулалт зарладаг байсан. Хуульд орсон өөрч­лөл­төөр төл­бөрөө төлөө­гүй­гээс цуцлагдсан талбай, хэсэгчлэн болон бүхэлд нь буцааж өгсөн талбайнуудыг эргээд өргөдлийн журмаар хэн түрүүлж ирсэнд нь олгох зарчим руу шилжиж байгаа. Одоогийн хуулийн хүрээнд шинээр хай­гуулын тусгай зөвшөөрөл олгох талбай үндсэндээ үлдээгүй. Дараагийн нэг томоохон өөрч­лөлт нь стратегийн ордын тодор­хойлолтод өөрч­лөлт оруулсан. Ашигт малт­малын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэм­жээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бү­тээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээг­дэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлд­вэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэх тухай тодорхойлолт бий.

Дээрх тодор­хойлолтоос бүс нутгийн эдийн за­саг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний гэсэн заалтыг хассан. Монгол улсын ДНБ, эдийн засгийн чадамж өсч байна. Үүнтэй уялдаад аль болох том ордыг стратегийн гэж үзье. Бүс нутагт нө­лөө үзүүлэх хэмжээний ордуудыг стратегийн гэсэн ойл­голтод хамруулахаа больё гэсэн бодлогын үүднээс энэ өөрч­лөлтийг оруулсан. Гэхдээ энэ асуу­дал бол УИХ-аас шийдэх асуудал.

-Томоохон ажлуудын ТЭЗҮ зэрэг бичиг баримтуудыг хийж байгууллагыг олон нийт маш ихээр харддаг. Үүнд ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Тэгнэ. Өөрөөр хэлбэл хай­гуулын ажлын үр дүнгийн тай­лан, нөөцийн тооцоолол, ТЭЗҮ зэрэг үндсэн ба­римт бичгүүдийг итгэмжлэгдсэн мэргэжилтнээр гүй­цэтгүүлдэг тогтолцоо руу шил­жинэ. Тэрхүү итгэмжлэгдсэн мэр­гэжилтэнд эрх олгох асуудлыг төрийн бус байгууллага руу шил­жүүлнэ. Үүгээр төрийн за­рим чиг үүргийг төрийн бус бай­гууллага, мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ хэмээн Бод­логын баримт бичигт тус­гагдсан ажлыг эхлүүлж байгаа юм. Түүнчлэн до­тоодын аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдээ дэмжих чиг­лэлээр хэд хэдэн заалт оруулсан. Геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгчээр болон ажил, үйлчилгээ, бараа нийлүүлэлтэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд авч ажиллуулах заалтууд оруулсан. Мөн баяжуулах үйлдвэрүүд өнөөдрийг хүртэл эрх­зүйн зохицуулалт сайнгүй явж ирлээ. Үүнийг зохицуулах заал­тууд шинээр орсон. Баяжуулах үйлдвэрүүдэд тавигдах шаардлага, түүнийг эрхлэх үйл ажиллагааны журмыг Уул уурхайн яам, Засгийн газраас батлахаар тусгагдсан. Эдгээр нь дотоодын аж ахуйн нэгжүүдээ ажилтай, орлоготой байлгах, дотооддоо нэмүү өртөг шин­гэсэн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих заалт болж байгаа юм.

-Тусгай зөвшөөрөл эзэм­шигч­­дийн хувьд хариуцлагаа ухам­­­сарладагггүй гэх нь бий. Өөрөөр хэлбэл хариуцлагын тог­толцоо тааруухан байгаагийн илэр­хий­лэл болов уу. Энэ чиг­лэлээр өөрчлөлт орох уу?

-Хариуцлагын тогтолцоотой холбоотой өөрчлөлт орсон. Тус­гай зөвшөөрөл эзэмшигчдийн ха­риуцлагагүй хандлага, зөрчил дутагдал, торгуулаад өнгөрдөг байдлыг таслан зогсоохын тулд хариуцлагын тогтолцоог нэлээд өндөр болгож байгаа. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээтэй уялдуулсан. Дунджаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний торгууль ног­дуулах заалтууд орж байгаа.

Ашигт малтмалын тусгай зөв­шөөрөл олголт замбараагүй, хавт­­гайрсан, дагаад тусгай зөв­шөөрлийн ил далд наймаа гаарсан зэрэг сөрөг асуудлуудыг цэгцлэх үүднээс хэд хэдэн заалт оруулж өгсөн. Тухайлбал, хайгуулын тус­гай зөвшөөрлийг олгосноос хойш гурван жилийн хугацаанд бусдад шилжүүлэхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бол тухайн талбай дээрээ мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн багаар геологи, хайгуулын ажлыг гүйцэтгүүлдэг, өөрөөр хэлбэл талбайг бүрэн су­далдаг байх шаардлага тавьж байгаа. Ашигт малтмалын нөөц баял­гийг тооцоолох, нөөц баялгийн ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн томьёолох асуудлыг хуульд суулгасан. Ингэснээр Мон­­голын геологи, уул уурхайн мэргэжилтнүүд, геологчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, хий­сэн ажил, тооцоолсон тооцоо, бо­ловс­­руулсан техник эдийн засгийн үндэслэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бололцоо бий болох юм. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт­тэй нэг хэлээр, нэг системээр, нэг арга аргачлалаар нөөцөө тооцдог, ТЭЗҮ-гээ боловсруулдаг тогтолцоо руу шилжинэ гэсэн үг

-Ашигт малтмалын тухай хуу­лийн өөрчлөлтөд журмаар зо­хи­цуулах маш олон асуудал бай­гаа. Эдгээр журмыг хэзээ боловсруулах вэ?

-Одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд бай­сан олон журмыг цөөлсөн. Цөө­хөн хэдэн журам байгаа. Өнгөц харахад журмын тоо олон байгаа ч агуулгын хувьд төрийн чиг үүргийн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлж байна.

Орон нутагтай хийх гэрээний загварыг батална. Уурхай, уулын үйлдвэр, баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмын тухайд одоо байгаа журам бөгөөд өөрчлөлт оруулж байгаа. Баяжуулах үйлд­вэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам гэж байгаа. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын журам байгаа. Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрх­лэх үйл ажиллагааны журам шинээр орж ирж байгаа. Геологи уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг төрийн бус бай­гууллагаар гүйцэтгүүлэх журам байгаа. Төрийн бус байгууллагад эрхийг нь өгөхдөө ямар нөхцөл шаардлагын дор гүйцэтгүүлэх вэ гэдэг журмыг гаргах юм. Мөн Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг гаргана. Энэ нь орон тооны бус зохион бай­гуулалттай ажиллана. Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм, Бодлогын зөвлөлийн дүрэм нь зөвхөн тухайн байгууллагад зориулагдсан дүрэм байх юм.

-Төрийн зарим эрх үүргийг төрийн бус байгууллагад шил­жүүлнэ гэлээ. Тэрхүү эрхийг хэ­рэгжүүлэх төрийн бус бай­гуул­лагууд бэлэн байна уу? Шинээр байгуулах ёстой юу?

-Мэргэшсэн зөвлөх, зэрэг дэв олгох асуудлыг төрийн бус бай­гууллагад шилжүүлэхээр хуу­лийн төсөлд тусгасан. Ашигт малтмалын нөөцийн ангиллыг олон улсын стандарт, жи­шигт нийцүүлэхийн тулд Монгол Улс CRIRSCO-д гишүүнээр элсэх гэж байгаа. Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн энэ байгууллагын ги­­­шүүн болоход Монгол Улсад то­дорхой шаардлагууд тавигдаж байгаа. Эн тэргүүнд Монголын геологи уул уурхайн мэргэжлийн төрийн бус байгууллага байгуул гэдэг шаардлага тавьсан. Тэр бай­гууллага нь мэргэжлийн зэрэг дэв олгоод эхлэх юм бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, CRIRSCO-гийн гишүүн болох бололцоотой. Энэ нөхцөл шаардлагын үүднээс “Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт” гэдэг тө­рийн бус байгууллага байгуулсан. Анхдугаар чуулган 4 дүгээр сарын 18-нд болж, салбарын 500 гаруй мэргэжилтэн, геологи уул уурхайн инженер, техникийн ажилтнууд оролцсон. Анхдугаар хурлаараа төрийн бус байгууллагынхаа дү­рэм, гишүүнчлэлийн журам, ёс зүйн дүрмээ баталсан.

Тө­лөөлөн удирдах зөвлөлөө 15 хү­ний бүрэл­дэхүүнтэй баталж, ерөн­хийлөгч, гүйцэтгэх захирлаа сонгосон. Мэргэшсэн нягтлан бодогчдын инс­титут, Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудтай ижил төс­тэй байгууллага гэсэн үг. Мэр­гэшсэн зөвлөх, зэрэг дэвийг ол­гох асуудал энэ байгууллагад хамааралтай болно. Энэ бай­гуул­лага Монгол улсыг олон улсад төлөөлж CRIRSCO-д гишүүн болно. Эндээс олгох зэрэг дэв CRIRSCO-гоор дамжаад олон улсад гарах гарц болж байгаа юм. Энэ ажлыг хуулийн төсөл боловсруулах ажил­тай зэрэг явуулсан. Хууль бат­лагдлаа гэхэд маргаашнаас нь энэ байгууллага ямар ч эргэлзээгүй үйл ажиллагаагаа явуулна.

-Уурхайн хаалт, нөхөн сэр­гээлтийн журмыг батална гэхээр Уул уурхайн яам энэ асуудлыг хариуцна гэсэн үг үү?

-Байгаль орчин, ногоон хөгж­лийн яамтай хамтарч батална. Ер нь уурхайн хаалт бол уул уурхайн үйлдвэрлэлийн процессын нэг хэсэг. Уурхайг нээгээд олборлож байх явцад технологийн горимд нь нөхөн сэргээлт, хаалтын асуудал шингээд явж байдаг. Энэ утгаараа уурхайн хаалт уул уурхайн ашиглалтын циклийн нэн хэсэг учраас Уул уурхайн яам дээр байх ёстой гэж үзсэн. Дээрээс нь нөхөн сэргээлтийн асуудал ороод ирэхээр байгаль орчны асуудал давхар шийдэгдэх ёстой. Тиймээс хоёр яам хамтарч журмыг батална, хамтарч хяналтыг тавина.

-Газрын ховрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах уу?

-Ашигт малтмалын тухай хуу­лиар зохицуулагдана. Газрын хо­вор элементийг олборлох явцад то­дорхой хэмжээний цацраг идэвх­­­жил байдаг. Цацраг идэвхтэй эле­ментүүд зэс, молибидени, нүүрс, фосфоритын орд дээр ч бай­даг. Хамааруулаад байх юм бол бүх л ашигт малтмал ямар нэг хэмжээгээр цацраг идэвхтэй хол­­боотой, тодорхой хэмжээний агуул­гатай байдаг. Уран, торий нь Цөмийн энергийн тухай хуу­лиа­раа, бусад нь Ашигт малтмалын тухай хуулиараа явна.

-106 тусгай зөвшөөрөл, “Урт нэртэй хууль”-ас үүдэлтэй гацаад буй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гарц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гарч байгаа юу?

-106 тусгай зөвшөөрлийн ту­­­хайд сонгон шалгаруулалтаар ол­гохоор шүүхийн шийдвэр гар­сан. Тэдгээр талбай дээр сон­гон шалгаруулалт зарлагдах байх. “Урт нэртэй хууль”-тай холбоо­той асуудал хуулийн төсөлд огт тус­гагдаагүй. Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа явна.

Өглөөний сонин
Н.Ариунтуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН СӨНӨЛӨӨ 2014-05-26 07:25:25
    Дундговь аймаг эзэнтэй боллоо. Өнгөрсөн амралтын өдрөөр тус аймгийн ИТХ хуралдаж нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг дарга Сүхбаатрыг ху***йн дагуу огцруулж АН-ын дарга Од-Эрдэнийг аймгийн засаг даргад нэрийг дэвшүүлэн Ерөнхийсайдад өргөн барьсан б
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • LHAISVREN 2014-05-26 07:12:28
    CHADAH UU
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах