“Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа энэ сард дуусгавар болж байна
Толгой дараалан гарах болсон барилгын ослоор дахин хэдэн хүн амь насаа алдах вэ? Энэ асуултыг иргэд өнөөдөр төр засгаас асууж байна. Гэтэл үүнд хариулт өгч чадах албан тушаалтан алга. Тэд  мөнгөтэй  эрх мэдэлтэй хэдхэн компанийн эрхшээлд орж улсынхаа хууль дүрмийг уландаа гишгэлж байгаа юм. Сүүлийн үед гарч буй барилгын томоохон ослууд “Зуншин” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компанитай холбогдож байна. Тодруулбал Макс өргөө”, “Илсон девелопмент” компанийн захиалгаар “Зуншин” компанийн гүйцэтгэж байгаа барилгаас төмөр унаж хүний амь хохироосон, хүн унаж нас барсан, хүнд гэмтсэн хэд хэдэн тохиолдол өнгөрсөн жил гарсан. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг  хангаагүйн улмаас ийнхүү эрдэнэт хүний амь нас хохирсоор байхад тус компани хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм.

Зуншин гэх энэ компани Монгол улсад үйл ажиллагаагаа явуулсаар 13 жил болж байгаа аж. Ингэхдээ Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын 40-60 хувийг барьж босгохоор гүйцэтгэгчээр нь ажилладаг гэж байгаа. Гэвч тус компани хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг огт мөрддөггүйн  жишээг олон хүн эрүүл мэнд амь насаараа хохирсон тухай энэ компанитай холбогдох мэдээллүүдээс харж болно. 

Хамгийн сүүлд гэхэд 18 настай бүсгүй өнгөрсөн оны есдүгээр сард амиа алдсан. Гэвч бидэнд мэдэгдсэн нь л дээр дурдсан хэргүүд болохоос мэдэгдээгүй хичнээн хүн хохирч үлдсэнийг хэн ч мэдэхгүй. Энэ мэт ноцтой осол аваарууд гарсаар байхад тус компани үйл ажиллагаагаа зогсоолгүй хэвийн үргэлжлүүлсээр байгааг олон хүн гайхдаг. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Нийслэлд баригдаж буй барилгуудын тал шахуу хувийг ганцаараа барьж, гүйцэтгэдэг, ингэхдээ хөдөлмөр хамгааллыг мөрдөлгүй ажиллаж Монгол ажилчдыг эрүүл мэнд  амь насаар нь хохироосоор байхад хүртэл хэвийн ажилласаар байдаг нь энэ компанийн ард манай  дарга нар бий гэх мэдээллүүд ч байдаг. Энэ ч бараг үнэний ортой  биз ээ .

Иймээс сүүлийн үед ноцтой осол гаргаж хүний амь нас хохироогоод байгаа тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг МХЕГ-аас Барилга хот байгуулалтын яаманд өнгөрсөн оны есдүгээр сард хандсан.  Гэвч салбар яамнаас нэг хэсэг удсаны эцэст шийдвэр гаргаж тус компанийн тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлсэн билээ. Тодруулбал Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох“ ажлын хэсэг хуралдаж “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг авч хэлэлцэн  тус компанийн барьж байгаа барилга дээр удаа дараа гарсан ослын талаар МХЕГ-ын дүгнэлт болон Цагдаа, шүүхийн байгууллагын шийдвэр гартал тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд гурван сарын хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон “Зуншин” компани энэ сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болж байгаа юм.

Мэдээж хэрэг өвлийн хүйтэн саруудад барилгын үйл ажиллагаагаа  тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй байсан ч зогсоох л байсан биз ээ. Тиймээс эрдэнэт хүний амь насыг удаа дараа хохироогоод байгаа тус компанийнханд энэхүү шийдвэр төдийлөн хүнд тусаагүй нь ойлгомжтой. Тун удахгүй  зам барилгынхны ажил эхлэх цаг болно. Үүнтэй зэрэгцэн “Зуншин” гэх компани ч мөн л үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь байна. Харин эн удаад хөдөлмөр хамгааллаа хэрхэн хангаж ажиллахыг нь холбогдох албаныхан нь анхааралдаа авч сайтар шалгаж нягтлах нь зүйтэй болов уу.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.