Тайландын бүх эрх мэдлийг цэргийн арми гартаа авч, экс ерөнхий сайд Ийнглак Чинаватра саатуулагдав
Жагсаал цуглаанууд удаан хугацаанд үргэлжилж,  Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватра албан тушаалаасаа огцрох зэрэг улс төрийн шинжтэй тогтворгүй байдал Тайландад үүсээд байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэж, тайван байдлыг эргүүлэн авчрах зорилготойгоор улсдаа шилдэгт тооцогддог цэргийн штабын дарга, генерал Прайят дайны байдал тогтоосон юм.

Мөн тэрбээр хоёр хэсэгт талцсан жагсагчдыг харилцан зөвшилцөлд хүргэх ажлыг яаравчлуулж, зуучийн үүргийг гүйцэтгэсэн. Түүний санаачилгатайгаар зохион явуулсан  хоёр талын хамтарсан уулзалтаар Засгийн газрыг дэмжигч тал парламентийн сонгуулийг дахин явуулахыг зорьж байсан бол эсэргүүцэгч тал нь улс төрийн шинэчлэлийг юун түрүүнд хийх ёстой бөгөөд сонгууль хийлгүйгээр түр Засгийн газар байгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байжээ.

Ийнхүү хэлэлцээр амжилтгүй болсон учраас цэргийн эргэлтээ тунхаглахад хүрсэн байна. Бүх эрх мэдлийг цэргийн хүчнийхэнд олгож, цаашдаа цэргийн удирдлагаар төрийн хэргийг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний ээлжинд штабын генерал Прайят Ерөнхий сайдын албан  үүргийг гүйцэтгэж, түр Засгийн газрыг байгуулан ажиллахаар болсон байна. Тэрбээр     дайны байдал тогтоох журамд үндэслэн оройн 10.00 цагаас маргааш өглөөний 05.00 цаг хүртэл гадагш гарахгүй байхыг анхааруулж орон даяар хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн.  Мөн таваас дээш хүн нэг дор цугларахыг ч мөн хориглосон захирамжуудыг гаргаж,  бүх радио болон телевизийн нэвтрүүлгүүдийг явуулахыг хориглож, үндсэн хуулийг ч гэсэн болиулах шийдвэр гаргасан гэнэ. Энэ байдал удаан үргэлжлэх нь эдийн засаг зэрэг салбарт томоохон цохилт болох учир өнгөрсөн удаагийн 2006 оны цэргийн эргэлтийн үеийнх шиг  шинэ Үндсэн хууль болон шинэ Ерөнхий сайдыг сонгож түүний дараа сонгуулийн өдрийг товлох зэрэг ажлуудыг явуулах юм. Иймээс эхлээд хоёр талын жагсагчдыг тарааж, улс төрийн хямралыг  нэн тэргүүнд шийдвэрлэх байдалтай байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Мөн экс Ерөнхий сайд Ийнглак Чинаватра болон түүний гэр бүлийнхэн,  парламентийн гишүүд,  ерөнхий сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ниваттумрон, үзэл бодлын зөрчилдөөнтэй байгаа хоёр талын жагсагчдыг тэргүүлэгчдийн нийт 155 хүнийг зарлан дуудсан  бөгөөд зөвшөөрөлгүйгээр гадаад улс оронд зорчихыг нь хориглосон байна. Экс ерөнхий сайд Ийнглак Чинаватра энэ сарын 23-ны өдөр уг тушаалын дагуу Бангкокт байрладаг цэргийн штабт өөрийн биеэр очсон бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр 150 гаруй хүн саатуулагдаад байгаа гэнэ. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Үндсэн хуулийн шүүхээс энэ сарын 7-ны өдөр огцруулах шийдвэр гаргасанаас хойш түүний олны өмнө ил гарч ирсэн анхны тохиолдол болсон юм.

Нөгөө талаар Бангкокт хөл хорио тогтоож, нийтийн тээврийн байгууллагуудын ажлын цагийг багасгаж, арилжааны байгууллагын хаах цагийг нь урагшлуулах зэргээр хотын оршин суугчдын амьдралд таагүй нөхцөлийг үүсгэж эхэлсэн байна.  Энэ шийдвэрт уурссан иргэд өнгөрсөн баасан гарагт Бангкок хотын төв хэсэгт цэрэг армийг эсэргүүцсэн цуглааныг зохион явуулжээ. Тэд бидний эрх чөлөөнд халдаж байна гэсэн санааг илэрхийлж, амандаа хар наалт нааж, “цэргийн эргэлтийн эсрэг байна” гэж бичсэн уриа лоозонг барьж жагсчээ. Мөн “цэргийн эргэлтээр хар бараан болсон нийгэмдээ гэрэл гэгээг авчиръя” гэсэн санааг илэрхийлж, гал асаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Зарим хэсэг нь гудамжинд бэлэн байдалтай зогсох цэргүүд рүү дөхөн очиж “цэргүүд зайл” гэх зэргээр бухимдаж байсан ч баривчилгаа явуулаагүй гэнэ. Тайландын цэргийн арми эдүгээг хүртэл улс төрийн шинжтэй эмх замбараагүй байдлыг зохицуулах үйл ажиллагаанд аль болох оролцохгүй байх байр суурийг баримталж ирсэн бөгөөд 1932 оноос хойш нийт 19 удаа цэргийн эргэлт явагдаж байжээ. Харин барууны улс орнууд  Тайландын цэргийн эргэлтийн эсрэг байр суурь илэрхийлж байна. Европын холбоо Үндсэн хуулиа дээдлэхийг уриалсан бол АНУ Зүүн өмнөд Азийн энэ оронтой цэргийн хамтын ажиллагааныхаа нөхцлийг эргэн харахаар шийджээ.

Энэхүү ажиллагааг  тэргүүлж, АНУ-ын Засгийн газар Тайланд руу илгээж байсан тусламжийнхаа гуравны нэг хэсэг буюу 3.5 сая ам долларын цэргийн тусламжийг зогсоох арга хэмжээ авсан байна. Мөн АНУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мэри Харп  “Сонгуулиар байгуулсан гадаад улс орны засгийн газрыг цэргийн эргэлтээр түлхэн унагасан тохиолдолд тухайн улс дахь тусламжын үлйчилгээг зогсооно” гэсэн дотоод хууль тогтоомждоо үндэслэж нэмэлт арга хэмжээ авахаар судлан ажиллаж байна гэжээ. Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер  цэргийнхэн сөрөг намуудтай яриа хэлцлээ  сэргээн парламентын сонгуулийг ойрын хугацаанд явуулах хэрэгтэйг тэмдэглэсэн бол Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ч гэсэн  улс төрийн хямралд автсан орон Үндсэн хуулийн дэглэмдээ эргэн орох нь чухал гэжээ. Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын Дээд комиссар Кэтрин Эштон Тайландын хэрэг явдалд түгшиж буйгаа илэрхийлээд парламентын сонгууль яаралтай явуулахыг уриалжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “ардчилсан, иргэний захиргаанд“ эргэн орохыг шаарджээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.