Гол усны бохирдол нэмэгдсээр, ширгэсээр
Монгол хэмээх нэрийг дэлхийд хэзээ ч арилхааргүй тамаглаж үлдээсэн их эзэн Чингис  хааныхаа ачаар бид энэ дэлхийн хаана ч очоод Монгол гэж  хэлээд танигдаж чаддагаас өөрөөр биднийг дэлхий мэддэггүй байсан үе саяхан. Харин сүүлийн үед манай улс арай өөр зүйлээр дэлхийд танигдаж эхэлсэн. Энэ бол яах аргагүй уул уурхай юм. Асар уудам газар нутагтай атлаа гуравхан сая хүн амтай манай улс газар доороо  байгалийн нөөц баялаг ихтэй. Манай орны 21 аймгийн 330 гаруй сум бараг бүгд л ямар нэгэн байгалийн нөөцтэй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг  яах аргагүй татаж байгаа юм.

Сүүлийн хэдэн жилд манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын томоохон пүүс компаниуд, үндэстэн дамнасан том  корпорациуд олширсон. Тэр хэрээр дэлхий нийтийн анхаарал Монголчууд бидэн дээр төвлөрч чадсан. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирч ашиглаж чадахгүй байгаа нөөц баялагаа ашиглаж, эргэлтэнд оруулж эдийн засгаа сайжруулж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Гэвч уул уурхайг дагаад байгаль орчин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйрч байна.

Уг нь байгалийн тэр их нөөцөө ашиглан дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улс орон болох боломж бидэнд байсан. Гэтэл ухаангүй урагшгүй төрийн түшээд, эрх мэдэл, эд мөнгөнд нүдээ таглуулсан цөөн хэдэн хүмүүсээс болоод  өнөөдөр манай улсад уул уурхайн компаниудын гар хүрээгүй онгон дагшин газар нутаг гэж байхгүй болжээ.

Улс орныхоо эрх ашиг гэхээсээ илүү хувьдаа жаахан хэдэн төгрөг авч байвал болоо гэсэн аминчхан үзлээр төрийн албан тушаалыг хувьдаа ашиглан тусгай зөвшөөрөл, лиценз олгодог увиагүй луйварчдын балгаар дэлхийд гайхагддаг байсан алдарт Мэнэнгийн тал юу ч үгүй сүйрч овоолсон улаан шороо болон үлдсэн. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианит натрид хордон бараг бүгд л эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчтэй болж нутаг уснаасаа дайжсан. Тэд  бүхэл бүтэн сумаараа хамуутай хэмээн хэлүүлсээр өнөөдрийг хүрсэн. Цаашлаад Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан, Гавь-Алтай аймгийн Цээл сум, гэх мэт хариуцлагагүй  уул уурхайгаас болж  юу ч үгүй сүйр ч  амьд хүн байтугай  мал амьтан амьдрахад бэрх болсон.

Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй ухаж орхисон нүхэнд нь хүн амьтан мал унаж бэртэн амь насаа алдахаас эхлүүлээд  асуудлууд зөндөө. Хөдөө орон нутагт гол, мөрний усыг хайр гамгүй ашиглаж байна. Хэрэглэж дууссан усаа гол мөрөн рүү шууд урсгаж байгаагаас манай орны томоохон голуудын бохирдол нэмэгдсээр  байна. Зарим нь бүр ширгэж үгүй болох аюулд ороод байгаа юм. 2007 оны гол усны тооллогоор Монголд 18610 гол, нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 нь ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байна. Дээрх тоо одоо ч нэмэгдсээр байгаа. Монголчуудын түүхийн хэдэн мянган жилийг тольдон урссан Хойд мөсөн далайн цутгал болох Орхон голын сав газарт алт олборлож буй компаниуд алт угаасан усаа Орхон гол руу юүлж бохирдуулсан нь эдүгээ болор тунгалаг Орхон улаан хоормог болон урсаж эхэллээ.

Ингээд бодохоор бид цэнхэр гарагийнхаа амин эрдэнэ болсон усанд  арай л дэндүү хайр, найргүй хандаад байх шиг. Дан ганц уул уурхайн компаниуд гэлтгүй нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй барилга, арьс ширний үйлдвэрүүд ч мөн л нийслэлчүүд бидний ундны усны ундарга болсон Хатан туул голоо бохирдуулсаар байгаа.

Элдэв төрлийн хорт бодистой хэрэглэж дууссан усаа туул гол руугаа асгадаг үйлдвэрүүд хэд хэд бий. Урин дулааны улиралд иргэд өөрсдөө амралт зугаалганд явж Туул голын ойр орчимд хог новшоо ил задгай хаяснаас  Туулын  маань бохирдол жил ирэх бүр нэмэгдэж байна. Тэр ч бүү хэл туул голынхоо эрэг дээр зогсож байгаад хувцас хунар, хивс гэх мэт гэр ахуйн хэрэглэл болон машин тэргээ хүртэл угаагаад зогсож байгаа хүмүүстэй бишгүй л олон удаа таарч байсан. Сүүлийн жилүүдэд Туул голоос үхсэн загаснууд олноороо олдож байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу.
Уг нь бид чинь голынхоо усанд хиртэй хувцасаа угаах нь бүү хэл чулуу шидэн булингартуулж болдоггүй эс тэгэвээс цаазаар авахуулдаг түүхтэй ард түмэн биз дээ.  Гэвч өнөөдөр маш олон жижиг гол, булаг шанд ширгэж үгүй болсоор байна. Тэднийг ширгэхэд хүргэж буй мөнгөнөөс өөр  зүйл нүдэнд нь харагдахаа байсан нөхдүүдтэй тооцох хариуцлага эрхзүйн орчин Монголд алга. Энэ асуудалд анхаарлаа хандуулан хуулийн төсөл өргөн барьж, батлуулна хэмээн улайран дайрах төрийн түшээ эрхэм 76-гийн дунд нэг ч алга.

Хот хөдөөгүй уул уурхай, барилга байгууламжийн салбараас ашиг хонжоо хайсан цөөн хэдэн олигархуудын шунал барагдаж дуустал дахин хэдэн гол мөрөн ширгэж үгүй болохыг хэн ч таашгүй.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ysgyi bol amidral mehne???? 2015-02-06 11:33:41
    Gol ysgyi bol baigal delhii ertenz meheh tal ryygaa yabna!hynii amidral ch dagaad ygyirne!ysgyi bol hen amid baih be?....baigalidaa hairtai baij eh ornoo hairla...
    148.60.83.131
    Мэдэгдсэн Хариулах