Г.Пүрэвбат: Цорж Санжжавын занданшсан шүтээн нь өөрийн эрхгүй занданшсан бие
Бид өмнөх дугаартаа нийслэлээс олдсон занданшуулсан шарил олон түмэнд “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн- Арашийн Чултэмжамцын шавь цорж Санжжавынх байх магадлалтай тухай мэдээлсэн. Түүнчлэн шарилыг судлах ажлын хэсгийнхэн дээрх мэдээллийг бататгасан бөгөөд Бурханч лам Г.Пүрэвбатаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Ажлын хэсгийнхэн нийслэлээс олдсон занданшуулсан шарил цорж Санжжавынх гэдгийг баталчихав уу?
 
-Манай ажлын хэсэгт түүхийн хүрээлэн, архелоги, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны байгууллагын зүгээс олон талын мэргэжилтнүүд багтаж, нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Ерөнхийдөө бүх юм тодорхой сайхан боллоо. Энэхүү занданшуулсан шарилыг занданшсан шүтээн бие гэж нэрлэвэл зохимжтой.
 
Анх энэ шүтээнийг олдлоо гэхэд нь би Гэсэр Богдын шавь цорж Санжжавынх байж болзошгүй гээд бунхныг нь шалгуулахаар хүмүүс явуулсан. Гэтэл бүрэн бүтэн, хөндөгдөөгүй байна гэсэн мэдээтэй ирсэн. Гэтэл ажлын хэсгийн шалгалт шинжилгээний явцад уг занданшуулсан шүтээн нь цорж Санжжавынх гэдэг нь батлагдлаа. Уг шүтээнийг авч явсан этгээдүүд бунхныг хуучин хэвэнд нь оруулан, хөндөгдөөгүй мэт болгосон байсан нь биднийг хэсэг хугацаанд төөрөгдүүллээ.
 
Өнөөдрийн олдсон занданшуулсан шүтээн бие бол очир завилаар суулгаад, зүүн гарыг нь тэгш агуулсан чагжаа хийлгээд, баруун гараар нь ном номлохын чагжаа зүрхэн тушаа хийлгэсэн байна. Он удаан жил өнгөрсний улмаас бөгтийснөөс болж гар нь жаахан доошоо болсон байна. Үсээ сайхан авчихсан. Эндээс үзэхэд албан ёсоор шүтээнчлэн занданшуулсан шарил болох нь илт байгаа юм. Энэ бясалгалд суугаад өөрөө аяндаа занданшсан хүн биш. Зориуд энэ хүнийг бунхалсан гэсэн үг.
 
-Та түүний талаар хэр сайн мэдэх вэ. 200 гаруй жилийн настай гэсэн байх аа?
 
-Энэ хүн бол Гэсэр ламын ойрын шавь. Одоогоос 200- гаад жилийн өмнөх хүн. Битүү хар хууз сахалтай, 70 орчим настайдаа таалал хураасан болов уу гэмээр тэмдэгтэй. Өндөр монхордуу хамартай. 180 см орчим өндөр биетэй хүн байсан юм билээ. Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтан. 1999 онд шарилын модон сав нь ялзарч муудаад, толгой болон цээжин бие нь ил гараад нэлээд удсан шиг байгаа юм. Тэр ил гарсан хэсгийг нь шувуу тоншиж, гэмтээсэн маягтай байсныг сэргээж янзалсан байдаг.
 
-Та цагаас нь өмнө гаргачихлаа гэж байсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн нутаг орондоо элдэв зэтгэр тохиох магадлалтай юу?
 
-Гэсэр лам өөрийнхөө шүтээнийг тэнд үеийн үед байлгахыг гэрээсэлсэн. Олон үе дамжин муу юмыг хариулж, даахын тулд шарилаа зориуд тэнд орхисон. Занданшуулсан шүтээнийг хүмүүс яагаад хүндлээд, бурхан шиг мөргөөд байна  гэсэн асуудал тарч ирдэг. Шашны том богдууд гайхамшипгай. Бурхан багшийг чандарлахад бие нь маш гоё таван өнгөтэй эрдэнийн үрэл болж хувирсан байдаг. Тэр нь арвиждаг, үрждэг. Тэднийг шилэн хоргонд хийсэн байдаг. Хүмүүс мөргөхөд шилэн хоргон дотроо ханыг нь дагаад гүйдэг. Тийм сонин, гайхамшигтай. Бид тэнд мөргөх л юм бол бурхан багшид бодитоор мөргөсөн юм шиг ач тусаа өгдөг. Ад зэтгэр нь гардаг. Олон муу зүйлийг хариулдаг.
 
Бурхан бодитоор оршиж байгаа юм шиг байгаа орон газраа хариу нөлөө үзүүлдэг. Богдуудыг чандарлахгүйгээр хатааж байна шүү дээ. Биеийг муутгахгүй, ариун болгоод шүтэхэд мэдээж сэтгэл нь зохих хэмжээнд хөгжлийг олоод өндөр түвшинд хүрч байгаа. Тэр хүн өнгөрсөн ч гэсэн үлдсэн цогцсоор нь дамжуулан ариун санаа, оюун сэтгэл, адислалтай холбоотой байж ач тусыг нь авахад нөлөөтэй, түмэнд тустай надин шүтээн болгодог учраас тусгайлан тахидаг. Энийг ямар нэгэн муу сэтгэлээр, янз бүрийн байдлаар харьцаж гар хүрэхэд ёс буруу.
 
Мөн хутагт хувилгаадыг чандарлахад биеэс нь янз бүрийн чулуу гардаг. Тиймээс ийм онгон шүтээнтэй зүйлд янз бүрийн муу, буруу сэтгэлээр хандаж, гар хүрэх нь ёс буруу. Багшийнх нь хажууд нөмөр нөөлөг болгохоор онголсон болохоор учир начиртай, бодлоготойгоор ерөөл тавьж тэнд бунхлуулсан байгаа шүү дээ.
 
-Тэгвэл цаашид хэрхвэл зохилтой вэ?
 
-Шавь нь багшийнхаа хажууд, багшдаа нөмөр нөөлөг болж, учир, бодлоготойгоор ерөөл тавьж тэндээ бунхлуусан байгаа. Тиймээс тэнд нь буцааж аваачих ёстой. Энэ тухай Монгол орон даяар, олноороо мэддэг болчихлоо. Занданшуулсан шүтээн биеийг сүм барьж оршоодог. Тийм журмаар хамгаалалттай оршоогоод, эзэнтэй болгоод олон нийт мөргөж байхад зохимжтой сайн сайхан болгочих хэрэгтэй. Шашин дахин сэргэж байна. Өөрөө зан үйлтэй, уламжлалтай учраас ямар нэгэн сэтгэл зовиноод байх асуудалгүй. Зөв гартаа ороод ирлээ. Одоо ерөөл тавиад бүгд сайн сайхан болоосой гэж бодох хэрэгтэй.
 
-Өмнө нь занданшсан шүтээн гэмтэж байсан гэсэн. Энэ удаа гэмтсэн байна уу?
 
-Хүйтэн газар хэт удаан байлгаж, цаасан хайрцагт авч яваад байсан болохоор ерөнхийдөө цан цохиж, чийг авахуулсан байсан. Гарын арьс нь цуурсан гэх мэт шинэ гэмтлүүд бий. Тиймээс энэ бүхнийг засаж янзална.
 
-Гэсэр Богдын бунхан хөндөгдөөгүй гэдэг нь баттай юу?
 
-Саяын олдсон зандан­шуулсан шарилыг 1999 онд ил гарсан байхад нь гурван машин чулуу аваачаад, Гэсэр Богдын бунхны гадуур чулуугаар өрөөд, цементлээд битүү хорго хийчихсэн юм. Орон нутагт нь очиж шалгасан манай шинжээчид энэ цементлэсэн чулуу нь огт хөдлөөгүй, хөндөгдөөгүй байна гэдгийг нотлоод байгаа. Гэхдээ хаширлаад шүтээнийг хөндсөнийхөө дараа буцаагаад яг хэвэнд нь оруулсан байж болзошгүй. 100 хувийн баталгаа өгөөгүй. Ямар ч байсан уян зөөлөн камер оруулаад тандалт хийгээд үзэхэд болохгүй зүйлгүй.
 
-Итгэлт хамба шиг энэ шүтээнийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нь дээр болов уу гэх бодолтой хүмүүс байгаа. Дэлхий нийт ч анхаарлаа хандуулаад байгаа?
 
-Монгол орон даяараа мэддэг болчихлоо. Тиймээс уг занданшсан шүтээнийг уламжлалын дагуу сайхан цэвэрлээд, хуучин хэвэнд нь шүтээн маягаар оршоох нь зүйтэй. Ном журмын дагуу уулын оргил дээр нь тусгай сүм барьж оршоогоод, хамгаалалттай, эзэнтэй, олон нийт мөргөх боломжтой болгочиход шашин дахин сэргэж буйн илрэл. Ингэсэн байхад хүмүүс очоод мөргөж залбирахад болохгүй зүйлгүй. Одоо ямар нэг сэтгэл зовниод байх асуудалгүй. Зөв гартаа ороод ирлээ. Бүх ажлыг сайн сайхан болоосой гэж ерөөл тавиад, бүгдээрээ сайн сайхан зүйл бодох хэрэгтэй.
 
-Гадныхан занданшсан шүтээн биеийг “амьд” гэж тайлбарлаад байгаа. Та харин юу гэх бол?
 
-Үүнийг тайлбарлахын тулд гурван зүйл бий. Нэгдүгээрт өөрийн эрхтэй занданшсан бие гэж байдаг. Мөн өөрийн эрхгүй занданшсан бие гэж бий. Өөр нэг нь бол энэ биеэрээ бясалгалын оргилд хүрч байгаа тусгай улсуудын тухай. Онцгой улсууд бясалгалын наран мэт болсон өөрийн бие цогцсоо дотоод сэтгэлдээ хураагаад хөдлөхгүй, хувирахгүй байдалд буюу, мөнхийн их самадид ороод, гадна биеэсээ хатаад ер нь занданшмал шиг болчихдог. Ийм хүмүүс тангараг тавиад суучихдаг. Тухайлбал, Бутанд Жэхамбу тааллаа хураагаад, одоог хүртэл сууж байна. Бие нь тунгалагшаад онцгой байдалд орж байгаа. Энэ хүн бол солонгон биеийг олоод гэгээрлийн туйлд хүрнэ. Харин өөрийн эрхтэй зандашсан бие гэхээр өөрсдөө таалал хураахдаа биеэ орхиод явж байгаа буюу өөрөө муудахгүй, өөрийгөө занданшуулаад үлдээж байгаа гайхамшигтай хүмүүс байна.
 
Зүүн өмнөд Ази Вьетнам,Тайландын хийдүүдэд бий. Энэ занданшсан шарилд хүмүүс мөргөж байна. Хүн сэтгэлийн хилэнцээ дараад, сэтгэл нь ихээр ариусахаар бие нь давхар ариусаад, биеийг ялзарч муудуулах муу хий үүсгэх чанарууд устаад алга болчихдог. Зандангийн ариун үнэртэй болоод шүтээн болоод үлддэг. Харин өөрийн эрхгүй гэдэг нь болохоор хувилгаан, богд дээдсүүд таалал хураахдаа өөрөө гэрээсэлж болно. Гэсэр лам шиг. Шавь нар нь түүнийг засч янзлаад занданшуулах нарийн ухаан, уламжлалтай. Занданшуулахдаа ямар ч биеийг нь хөнддөггүй, ариун уусмалаар дотор биеийг нь угаагаад, жил гаруйн хугацаанд хатаагаад, занданшуулаад шүтээн болгоод орхидог. Бид Есдүгээр Богдоо занданшуулаад бүтэн жил болж байна. Маш сайхан занданшиж, их сайхан шүтээн болох янзтай болж байгаа. Энэ уламжлал өнөөдөр ч гэсэн тасраагүй. Тэгэхээр бидний олсон шүтээн бол өөрийн эрхгүй занданшсан бие гэсэн үг.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2015-02-09 06:32:30
    ee ene hadgalsan hairtsagiig ni harad baigaaraai huurhii!!!, mongolchud huurhii iim archagui ulsdaa chaavaas gej
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-02-09 05:57:08
    манайхан динозаврт музей хийхээс өмнө ариун шүтээнээ тордож сэргээхээ бодоосой
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • гааяа 2015-02-09 04:32:36
    энэ шүтээнииг түргэн хэрэгтэй шүү өшөө олон шүтээн болон түүхийн өв гадагшаа гаргаад дууслаа шүү
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-09 01:35:37
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.107
    Мэдэгдсэн Хариулах