Г.Амарсанаа: Хууль бус антай тэмцэхийн тулд олон улсын гэрээ конвенцоо биелүүлэх хэрэгтэй

Өнөөдөр манай улсад аливаа амьтныг агнахад тодорхой хязгаарлалт байхаас гадна зарим амьтдыг бүр агнах ч эрхгүй байдаг. Гэтэл энэ нь цаагуураа хууль бус анг өөгшүүлэх, далд хэлбэрээр цэцэглэн хэнэн нэгэн эрх мэдэлтний хармааг түнтийлгэх хэрэгсэл болоод байна. Үүний тод жишээ бол сүүлийн үед хууль бусаар агнасан хөлдөөсөн чоно хил давуулан худалдаалах гэсэн үйлдэл тасралтгүй гарах болсон. Иймээс амьтныг агнах эрх, тэдгээрийг өсгөж үржүүлэх бас ашиг шимийг хүртэх болон эрхзүйн орчны асуудлаар Амьтан ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн, амьтан судлаач  Г.Амарсанаатай ярилцлаа.

-Эхлээд та байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?

-Манай Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо эгнээндээ мэргэжлийн байгууллагын эрхтэй төрийн болон ТББ мөн монголд  биш ч олон улсад танигдсан эрдэмтэн судлаачид болон өсөх ирээдүйтэй залуу судлаачид эрдэмтдийг нэгтгэсэн ТББ байгууллага. Гол зорилго нь амьтан,ургамал гэгддэг нөхөгддөг баялагаа хэрэн өсгөж ямар орлого олж болохыг нотлон харуулах  явдал. Үүний тулд ямар нэгэн түшмэл биш харин мэргэжлийн хүмүүс нь ашиглах асуудалд шинжлэх ухааны дүгнэлт гаргадаг байх тогтолцоог нэвтрүүлэх юм. Жишээ нь мэргэжлийн байгууллагынхан гар далавчтан та нарынхаар сарьсан багваахай гэдэг амьтныг яаж өсгөж, ашиглахыг  судлаачаас нь санал авч 2999999 хүн хэрэгжүүлдэг байя.Загасны асуудлыг гэхэд дэлхийд танигдсан  гурван эрдмтнийхээ саналаар шийддэг болъё гээд байгаа хэрэг.

-Танай холбооноос амьтан ургамлын зохистой хэрэглээг бий болгож ашиг шимийг нь хүртэх тухай асуудлыг дэвшүүлээд байгаа юм байна. Энэ талаараа яривал?

-Манай улс зохистой хэрэглэх тогтолцоо бий болгоогүй болохоор  амьтан, ургамал хууль бусаар  хайр найргүй ашиглагддаг.  Дээрээс нь авилгалын уул уурхай болчихоод байна. Иймээс хууль эрхзүйн орчноо өөрчилж, амьтан ургамлаа ашиглах, тэр хэмжээгээр хамгаалуулах арга зүйг нэвтрүүлж, ан амьтдынхаа ашиг шимийг хүртдэг болмоор байна. Тэгэхгүй бол манайх ан амьтдаа нэн ховор амьтны тоонд оруулчихаад агнахыг хориглочихдог. Тэгсэн хэрнээ цаагуураа хууль бусаар агнуулдаг. Энэ нь яаж байна гэхээр цаашдаа хууль бус ан агнуур цэцэглэх гол хөшүүрэг болж байгаа юм.  
Энэ нь зохистой хэрэглээ байхгүй учраас л хүмүүс хууль бусаар чоно агнаж байгаа хэрэг. Мөн агналт ч явуулахгүй болохоор явуулахгүй болохоор тоо толгойг нь багасгах байгалийнхаа зохицуулалтаар чоно галзуурч ард иргэд болон ан амьтанд аюул учруулах магадлал үүсчихээд байна шүү дээ.

 Мөн ирвэс гэхэд л малд халдсанаасаа болж жилд 100-200 ирвэс хууль бусаар агнагдаж байна гэсэн тооцоо гарчихаад байсан. Гэтэл тэдгээр бууны суманд өртөж байгаа ирвэсний арьс, гавлын ясан дээр  хийсэн манай эрдэмтдийн судалгаагаар бүгд сүргээ нөхөх ёстой, байгальд  үр төлөө үлдээгээгүй 2-3 настай залуу ирвэснүүд болох нь тогтоогдоод байв. Энэ юу хэлээд байна вэ гэхээр ан агнах аливаа амьтныг хорооход шинэ залуугаас нь бус өвчтэй сул дорой, үр төлөө үлдээсэн байгалийн үүргээ гүйцэтгэснээс нь эхэлж агнаж байх ёстой шүү дээ. Ингэж залууг нь үлдээж, тухайн амьтны тоо толгойг зохих хэмжээнд байлгаж байх ёстой атал хуулиараа дэлхийд өндөр үнэ хүрдэг амьтдыг агнахыг хориглочихоод байна. Гэтэл үүнийг хууль бус анчид нь овжин ашиглаж, ашиг хүртэж байна шүү дээ.
Уул нь тэр ашиг хувь хүний эсвэл, гадаадын нэг анчны хармааруу биш манай улсын санд ашиг болон орж байх ёстой. Тэрхүү ашгийн 50 хувийг эргээгээд тухайн амьтнаа өсгөж үржүүлэхэд , хамгаалан ашиг шимийг нь зарцуулж байх ёстой шүү дээ. Гэтэл манай улсад энэ зарчим ерөөсөө хэрэгжихгүй байна. Хууль журам нь Олон улсын гэрээ конвенцтэйгээ зөрчилдөж байна.

- Тэгэхээр төр засаг, холбогдох яамны зүгээс үүнийг зохицуулахын тулд яг юу хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Иймээс бид олон улсад үнэ хүрдэг амьтдаа зүй зохистой агнаж, ашгийг нь хүртэе гэдэг асуудлаар Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Сү.Батболдод хандсан. Тус байнгын хорооны дор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам байдаг. Сү.Батболд дарга бидний тавьсан асуудлыг нааштай хүлээж авсан. Ямар ч байсан эхний ээлжинд энэ талын бүхий л эрдэмтдээ цуглуулаад нэг хэлэлцүүлэг хийе гэчихээд байгаа. Гэхдээ одоогоор энэ хэлэлцүүлэг яг хэдийд болох нь тодорхойгүй байна.

-Хулгайн анг зогсоох ямар арга байна вэ?

-Манай хороо үндэсний  хорооныхон ялангуяа П.Эрдэнэбат, В.Цогтбаатар нарын дэмжлэгтэйгээр “Баданга хүдрийг гэмтээлгүй заар авах аж ахуй байгуулах”, “Тарвага сэргээн нутагшуулах”, “Орон нутагт нөхөрлөл байгуулах” аргачлал 2014 онд  боловсруулж байгалийн өөр өөр бүсэд орших аймаг, сумын захиргаанаас эдгээр ажлуудыг бүрэн дэмжсэн албан санал авсан. Мөн орон нутагт амьтан, ургамал хамгаалах, зохистой ашиглах нөхөрлөлүүд байгуулагдсан тохиолдолд идлэг шонхорын квот авах албан ёсны зөвшөөрөл CITES-ийн Нарийн бичгийн газраас авч байлаа.
Бид Ё.Ононд CITES-ийн  Үндэсний хэмжээнд экспортын квот авах журам, (Management of nationally established export quotas) Зөвшөөрөл, сертификат олгох журам(Permits and certificates), I болон II хавсралтын товч тайлбарыг хэрэглэх журам(Use of annotations in Appendices I and II)-ыг монгол хэл дээр хөрвүүлж өгөөд яамныхаа сайт дээр тавьж хүмүүст ойлгуулж мөрдүүлээч гээд хоёр жил хүлээлээ.Таг чиг.
Энэ журмуудыг мөрдөснөөр хулгайн ан, олборлолт  гэгддэг зохисгүй ашиглалт зогсож амьтан ургамлаа зохистой ашиглах замаар хамгаалж өсгөх боломж бүрдэх юм. Учир нь 1995 оноос байгаль хамгаалах албан ёсны олон улсын байгууллагууд Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ.Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаа.
Уул нь манай улс амьтан ургамалтай холбоотой Олон улсын 14 гэрээ конвенцид нэгдсэн шүү дээ. Гэтэл тэрхүү гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлдэггүй.

-Тодруулбал?

- Өнөөдөр CITES-аар дамжин 35 000 зүйлийн амьтан, ургамлыг зохистой ашиглах замаар тэрбум, тэрбум долларын ашиг гишүүн улсууд нь олж байна. Харин CITES-ын 2014 онд квотод манай улсын нэг ч ургамал, нэг ширхэгч ч амьтны нэр алга. Бүр Mongolia гэсэн нэр ч байхгүй болсон. Нэр нь ч байхгүй улс гэдэг олон улсынхаа гэрээг биелүүлэх ямар ч найдваргүй авилгалын үүр, уурхай болсон улс гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д өнөөдөр  Монгол Улсад амьтан, ургамлын баялаг ард түмний бус гагцхүү хэн нэгэн эрх мэдэлтнийх болж, Эцэг хууль зөрчигдчихөөд байна.
Мөн УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн энэхүү Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар нэг байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэгэхээр Монгол Улс оршин тогтнож байгаа цагт энэ заалт хэвээрээ байна гэсэн үг. Иймээс бид үеийн үед үл өөрчлөгдөх Монголын Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдлэх гээд байгаа хэрэг юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.