ХААН Банк 4 дэх жилдээ “Монгол Улсын Хамгийн Идэвхтэй Аккредитив Нээгч Банк”-аар шалгарлаа
Лондон хотноо төвтэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Худалдааны санхүүжилтийг  дэмжих хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкыг “2013 оны Монгол Улсын хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар дахин шалгарууллаа.  
 
Худалдааны Санхүүжилтийн хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэх зорилгоор жил бүр 23 орны 107 банкнаас Худалдааны Санхүүжилтийн үйл ажиллагаагаар нь шилдгийг шалгаруулж, өргөмжилдөг билээ. Энэ жил Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны гишүүн улс орнуудын уулзалт 2014 оны 5-р сарын 16-ны өдөр Польш улсын нийслэл Варшав хотноо болж өнгөрсөн  юм.  Олон Улсын хэмжээнд худалдааны санхүүжилтийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус хөтөлбөрт ХААН Банк 2007 онд нэгдсэн бөгөөд өнөөг хүртэл хамтран ажиллаж, худалдааны санхүүжилтийг өөрийн харилцагчиддаа хүргэх болсон билээ. Ийнхүү ХААН Банк нь Олон Улсын стандарт үйлчилгээ болох Худалдааны Санхүүжилтийн үйл ажиллагааг явуулж эхэлсэнээс хойш харьцангуй богино хугацаанд зах зээлийн 23 хувийг эзэлж чадсан юм.  
 
ХААН Банк нь Худалдааны Санхүүжилтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн бизнес эрхлэгч харилцагчиддаа гадаад худалдааны үйл ажиллагаа тус бүрийн онцлогт нийцсэн, худалдааны эргэлтийг санхүүгийн эргэлттэй уялдуулахын зэрэгцээ гадаад худалдаанд үүсч болзошгүй эрсдлийг зохистой удирдах боломжоор ханган ажилладаг билээ. Түүнчлэн Олон улсад түгээмэл хэрэгслүүдийг таниулах, тэдгээрийг үр ашигтай хэрэглэхэд болон зах зээл дэх хүүний төвшнөөс харьцангуй хямд зардлаар бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжоор хангахад анхаарлаа төвлөрүүлэн үйлчилгээ үзүүлэх зорилтыг ханган ажиллаж байна. Ийнхүү жил тутам үзүүлэлтээ ахиулан, амжилтаа баталгаажуулан  ажиллаж буй ХААН Банкыг 2009, 2011, 2012, 2013 онуудад дараалан 4 удаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Худалдааг Дэмжих Хөтөлбөрөөс шилдгээр шалгаруулсан юм. Энэ нь  ХААН Банкны баг хамт олон болон харилцагчдын нягт хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн гэж болно.
 
Энэхүү Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Худалдааны санхүүжилтийг  дэмжих хөтөлбөр нь гишүүн орнуудын гадаад худалдааг дэмжин хөгжүүлэх үүднээс аккредитив нээгч банкуудад олон төрлийн бүтэц хувилбар бүхий импорт, экспортыг санхүүжүүлэхэд банк хоорондын үйл ажиллагаанд батлан даагчаар оролцдог юм. Түүнчлэн гишүүн улс орны банкуудын үйл ажиллагаагаар дамжуулан улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах үүднээс эх үүсвэрээр хангах болон зөвлөх үйлчилгээг Монгол Улсад амжилттай явуулж байгаа билээ. Мөн худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааны хүрээнд Олон Улсын нийтлэг дүрэм журам, хууль эрх зүй, хамтын ажиллагааны чиглэлүүдээр банкны ажилтнууд болон харилцагчдад сургалт, семинарыг танхимын болон цахим хэлбэрээр явуулах зэргээр хөгжиж буй эдийн засагтай улс орнуудыг дэмжин ажилладаг юм.
 
Бизнес эрхлэгч харилцагчиддаа худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үр дүнтэй, тогтвортой хүргэж ирсэн ХААН Банкны амжилтыг Европын Сэргээн Босголт хөгжлийн банкнаас дөрөв дэх жилдээ ийнхүү үнэллээ.
Бусдад түгээх
  • gplus