Н.Батцэрэг: Өрийн удирдлагын тухай хуулийн зарим хэсгийг хэлэлцэхгүй

УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Өрийн удирдлагын тухай хуулийг бүлгийн хурлаараа дахин авч хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.

-“Шударга ёс” эвсэл Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хоёр дахь удаагаа бүлгээр хэлэлцэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт бичиг хүргүүлсэн. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг яаран хэлэлцэх шаардлагагүй, ул суурьтай ярилцах замаар улс төрийн нам, эвслүүд зөвшилцөлд хүрч, хуулиа батлах ёстой гэсэн утга бүхий бичиг байсан. Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ бичгийн хуулбарыг өчигдөр надад хүргүүлсэн юм. УИХ-ын тухай хуулийн 39.1.9-ийг ишлэл болгосноор УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх ажлын бэлтгэлийг Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хангах үүрэгтэй байдаг. Энэ утгаараа нам, эвслийн удирдлага уг асуудлыг хоорондоо ярилцаж, зөвшилцөх боломжийг харгалзан үзээч гэсэн. Тиймээс бид Өрийн удирдлагын тухай хуулийг дахин хэлэлцлээ.

-МАН-ын тавьж буй гол шаардлага нь Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг ердийн журмаар батлаад явбал түүнд нь нийт улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулснаар 70 хувь болгож баталчих гээд байна. Тиймээс ингэх шаардлага байна уу гэсэн байр суурьтай байгаа?

-Өрийн удирдлагын тухай хуульд улсын өр гэсэн нэр томъёо байхгүй. Харин Засгийн газрын өр гэж явж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өр гэсэн ойлголт явдаг байсан. Энэ нь төрийн өмчийн аж ахуйн байгууллагуудын авсан зээл, хугацаа хэтэрсэн өр, Засгийн газрын гаргасан санхүүгийн баталгааг улсын нийт өр гэдэгт үзэж явж байсныг өөрчилсөн. Үүнийг шинэ хуулийн төсөлд Засгийн газрын өр гэсэн агуулгаар дэмжих  нь зүйтэй гэж манай бүлэг үзэж байна. Мөн одоогийн хуулийн төсөлд байгаа 17.1 буюу Засгийн газрын өрийн дээд хэмжээг зааж өгсөн тэр хэсгийг хасъя гэсэн. Өөрөөр хэлбэл, Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газар хэдий хэмжээний өртэй байх вэ гэдэг хэсгийг авч хэлэлцэхгүй. Хуулийн төсөлд оруулахгүй гэсэн үг. Энэ байдлаар хуулийн төслөө дэмжинэ.

-Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулснаар 70 хүртэл хувь болж байгааг одоогийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу явна гэсэн үг үү?

-Өрийн удирдлагын тухай хуулиар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэм хэмжээг зохицуулахгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нь явая гэсэн зарчмын шийдвэрийг бүлгийн хурлаас гаргалаа.

Д.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.