Хүүхэдтэй л бол хаагуур ч гарч болох уу
Согтуу л биш бол насанд хүрэгчид зам гарч яваад осолд өртөх нь ховор доо. Тиймээс ч зам, тээврийн осолд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байдаг. Нийслэлийн Замын цагдаагийн газрын гаргасан судалгаагаар 2014 оны эхний гурван сард Улаанбаатар хотод 216 хүүхэд зам, тээврийн осолд өртөж хүнд болон хөнгөн гэмтэл авсан байна. Харин нэг хүүхэд нас баржээ.

Өнгөрсөн онд 1300 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байдаг. Хэдийгээр "Ногоон гэрэл, цагаан шугам" гэх мэтээр хүүхдүүдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг хүртэл зохиодог ч үр дүнд хүрэхгүй байна. Үүний шалтгаан нь эцэг, эхчүүд өөрсдөө юм. Хүүхэдтэй л бол хаагуурч гарч болно гэсэн ойлголттой мэт авто замын дундуур хүүхдээ тэврээд, хөтлөөд гарцгүй газраар гүйж яваа хүмүүс олон тохиолддог.

Нэг талаас хүүхэд тэвэрсэн, хөтөлсөн хүмүүсийг хүндэтгэж зам тавьж өгдөг жолооч нарт найдаж байгаа алхам юм даа. Гэвч энэ нь харамсалтай явдалд хүргэх нь бишгүй. Хамгийн том алдаа нь тэд хүүхдүүдийнхээ гарцаар гарч хэвших боломжийг нь хааж байгаа явдал юм. Хүүхэд бол эцэг, эхийнхээ тусгал байдаг.

Гарцгүй газраар хүүхдээ чирээд явчих юм бол тэд хичээлээ тараад замаар гарахдаа гарц хайж зогсохгүй. Эцэг, эхийнхээ үлгэр дууриаллын дагуу л явна. Тиймээс осолд өртсөн хойно нь харамсахгүйн тулд багаас нь зөв дадалд сургах нь чухал юм.

Цэцэрлэгээс нь аваад зам дээр очоод "Миний хүү энэ ногоон гэрлийг асахаар нь цагаан зураасан дээгүүр явдаг юм шүү дээ" гээд өдөр болгон дагуулаад явбал уг нь тийм ч хэцүү биш. Тэгвэл гарцаар гарч хэвшээд зам хөндлөн гүйх талаар бодох ч үгүй. Түүнээс биш мянган өдөрлөг зохиож хүүхдүүдэд цагаан шугам яриад энэ байдал засрахгүй.

Нийслэл таймс
Ж.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.