Украины Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Петр Порошенко 53.86 хувийн саналаар тэргүүллээ
Украины Ерөнхий­лөгчийн ээлжит бус сон­гуулийн санал хураалтаар олигархи Петр Порошенко илт тэргүүлсэн байна. Саналын хуудсын одоогоор тэрбээр 53.86 хувийн санал авсан бол Ерөнхий сайд асан Юлия Тимошенко 13.1, Үндэсний намын лидер Олег Ляшко 8.48, Дээд Радагийн депутат Анатолий Гриценко 5.48, өөрөө нэр дэвшигч Сергей Тигипко 5.18, Бүс нутгийн намаас нэр дэвшсэн Михаил Добкин 3.37 хувийн санал авчээ. Сонгуульд 21 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Украины Сонгуулийн тухай хуулиар эхний шат­ны санал хураалтаар 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг ялагчаар тооцох юм. П.Порошенко Украины 25 бүс нутагт явуулсан санал хураалтын дүнг тэргүүлж байгаа бөгөөд санал өгөх насны иргэдийн 60 хувь сонгуульд оролцсон талаар ВВС мэдээлсэн. Сонгуульд өрсөлдсөн Ю.Тимошенко, “Барууны сектор” намын тэргүүн Д.Ярош нар П.Порошенког дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “АНУ Украины шинэ Ерөнхийлөгч болон ардчиллаар сонгогдсон пар­ламенттай хамтран ажил­лахыг тэсч ядан хүлээж байна. Бид тус улсын улстөр, эдийн засгийн шинэчлэлийг дэмжинэ.

Украинчууд сүү­лийн хэдэн сарын турш удирдагчаа сонгох хүсэлтээ хэлсэн. Энэ сонгууль нь Засгийн газрыг бэхжүүлэх болон улс орноо нэгтгэхэд чухал алхам боллоо” хэмээн хэлжээ. Сонгуулийн төв комисс ирэх зургаадугаар сарын 4-нөөс өмнө эхний шатны санал хураалтын албан ёсны дүнг зарлах аж.

Гэхдээ П.Порошенко сонгуульд ялснаа зарлаж, Киев хотноо байдаг кампанит ажлын төв штабтаа үг хэл­жээ. П.Порошенкогийн эн тэргүүний зорилго нь дайныг дуусгаж, Ерөнхийлөгчийн хувьд эхлээд Украины зүүн нутгаар явж, эмх замба­раагүй байдлыг цэгцлэн, Доны­басс, Донецк, Луганск хотын иргэдэд ажлын байр санал болгох гэнэ.

Түүнчлэн ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээ хэлснээс гадна Украин, Оросын харилцаа сүүлийн 200 жилийн хугацаанд байгаагүй таагүй төвшинд хүрснийг анхааруулсан. Бизнесмэн П.Порошенкогийн хувьд улстөр, бизнесийн салбарыг хэрхэн шинэчлэх нь өмнөх Ерөнхийлөгчдөөс ялгаатай гэдгээ харуулах боломж гэж Блүмберг сайтад бич­жээ. Харин АНУ-ын шинжээчид Украин да­хиад нэг олигархийг Ерөн­хийлөгчөөрөө сон­гож бай­гаа нь өмнөх сонгуу­лиу­даас ялгаагүй болж бай­гаа хэмээн дүгнэсэн аж. Учир нь 1998 оноос улс­төрд орсон П.Порошенко Ю.Тимошенког Ерөнхий сайд байх үед түүний хамт­ран зүтгэгч байсан төдийгүй Ерөнхийлөгч В.Яну­ковичийн Засгийн газарт Гадаад хэргийн сай­даар ажиллаж байжээ.

Блүмберг агентлаг өнгөр­сөн оны арваннэгдүгээр сараас хойш хямралд орсон Украины хувьд сонгуулийн эхний шатны санал ху­раалтаар Ерөнхийлөгчөө сонгож чадвал тус улсын хувьд давуу талтайг дурьд­лаа. Хямралыг гүнзгий­рүүлэх тодорхойгүй байдал дахин үргэлжлэхгүй юм.

П.Порошенко сонгуулийн кампанит ажилд 90 сая гривен буюу 7.5 сая ам.дол­лар зарцуулсан талаар П.Порошенкогийн штабын дарга В.Ковальчук өчигдөр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр сонгуулийн урьд­чилсан дүнгийн талаар маргаан гарахгүй бөгөөд нэр дэвшигчид албан ёсны дүнгийн тухай шүүхэд гомдол мэдүүлэхгүй байх гэсэн аж. Өдгөө 48 настай тэрбумтан П.Порошенко Одесса мужийн Болград хотод төрж өссөн бөгөөд 1989 онд Киев хотын Тарас Шевченкогийн нэрэмжит их сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгсчээ. Сур­гуулиа төгсөөд бизнес эрхэлсэн П.Порошенко 1990-1993 онд бизнесмэнүүдийн “Республика” байгууллагад болон “Биржевой дом “Украина” нэртэй хувьцаат нийгэмлэгт удирдах ажил хийж эхэлсэн аж.

Тэрбээр Украины Киев, Винница, Мариуполь, Кре­менчуга хотод болон ОХУ, Литви, Унгарт байдаг чихрийн үйлдвэрүүдэд “Ро­шен” брэндийн чихэр, шоколад үйлдвэрлэж эхэлс­нээр тэрбумтан болсон.

Тиймээс түүнийг “Шоко­ладны хаан” хэмээн хочилдог гэнэ. Чихрийн үйлдвэрээс гадна түүнд авто­машины “Богдан” кор­пораци, Луцка хотын автомашины үйлдвэртэй бөгөөд хөлөг онгоц барьдаг “Ленинская кузница” үйлд­­вэр, телевизийн “5 теле­канал” зэрэг хэд хэдэн томоохон байгууллагын хувьцаа эзэмшдэг байна. Түүний хөрөнгө 1.3 тэрбум ам.доллар гэнэ.

П.Порошенко “Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол “Рошен” компаниа даруй зарна. Харин телевизийн сувгаа зарахгүй” хэмээн өн­гөрсөн дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ukrainiig demjigch 2014-05-27 04:54:51
    ter Rosheniig chine bi avya.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах