“Кансат” үндэсний хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо
Шинэчлэлийн Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 137 тоот тогтоолоор “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “Хиймэл дагуул- Бидний гараар” сэдэвт “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх үндэсний  хоёрдугаар  уралдааныг өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 24-нд зохион байгууллаа. МТШХХГ-аас МУИС-ийн ШУС болон Монгол TV телевизтэй хамтран үе шаттайгаар зохион байгуулсан тус уралдааны сүүлийн шалгаруулалт Яармагийн морин тойруулгын өмнөх талбайд болсон бөгөөд “КАНСАТ”-ийг хөөргөх үзүүлбэр тоглолтод инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус оролцсон юм.

Сансрын технологийн чиглэлээр дэлхийн олон орнуудад оюутан, залуучуудын дунд ”Кансат” тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд оюутан залуусыг хиймэл дагуулын дэвшилтэт техник технологи, үндсэн функцуудын үүрэг зориулалтыг ойлгох, үйлдэлд анализ хийх, сонирхолтой дизайны шийдэл гаргаж угсархад томоохон сургалт болж өгдөг байна. Кансатын (CanSat, can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай өөрөөр хэлбэл лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул) диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм бүхий ундааны лаазанд багтахуйц 350 гм орчим жинтэй, өртөг багатай хиймэл дагуулын энэхүү төрлийг их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор зохион бүтээж, хөөргөн ашигладаг ажээ.

Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладагаараа ихээхэн ач холбогдолтой гэнэ. Манай улсын хувьд анх удаагаа МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг 2012 оны долдугаар сард Испани Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож алт, хүрэл медалиудыг авч байсан аж.

Тиймээс “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хүрээнд сансарын технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр өнгөрсөн онд “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар “КАНСАТ” үндэсний уралдааныг Монголд анх удаа зохион байгуулсан юм. Шалгарсан баг нь Япон улсад зохиогдсон олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон бол энэ онд “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатайгаар тус уралдааныг зохион байгуулж байгаа аж. Үндэсний хоёрдугаар тэмцээнд гурван их, дээд сургуулийн зургаан баг оролцсон байна. Тодруулбал, МУИС-ийн ФЭС-ийн 1 баг, МУИС-ийн  Хэрэглэгээний сургуулийн 1 баг, МУИС-ийн МТС-ийн 1 баг, ШУТИС-ийн ХМТС-ийн 1 баг, ШУТИС-ийн КтМС-ийн 1 баг, Батлан хамгаалах их сургуулийн 1 баг нийт 6 багийн 30 оюутан, 6 багш бүхий бүрэлхүүнтэй багууд өрсөлдсөн юм. Шилдэг багуудаа тодруулж, эхний 3 байрт мөнгөн шагнал, цом гардуулан өгсөн байна.
 
Шалгарсан байр Сургууль нэр Ивээн тэтгэгч Багын нэр оноо
1-р байрт МУИС-ийн ФЭС Айсатком ХХК “Link Square” 77.3
2-р байрт ШУТИС-ийн КТМС Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК “Космос” 73.65
3-р байрт МУИС-ийн ХШУИС Мовиком корпораци “Stratosphere” 67.55
4-р байрт МУИС-ийн МТС Тридум эсекюрити компани “Орбит” 54
5-р байрт ШУТИС-ийн МХТС Цахилгаан холбоо ХК “SICT-TELECOM” 49
6-р байрт Батлан хамгаалах их сургууль болон
МУИС-ийн МТС
Монкабель ХХК “Тэнгэрийн харуул” 44

Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК,  “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Мобиком корпораци, Исатком компани, Тридум эсекюрити компани болон Монкабель компани зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцлоо. Мөн уг тэмцээний талаарх цуврал нэвтрүүлгийг Монгол HD телевиз ирэх зургаадугаар сард олон нийтэд толилуулах гэнэ. 2016 онд манай улс  үндэсний хиймэл дагуулийг хөөрөх том зорилт тавьсан байгаа тул энэ хүрээнд  үндэсний боловсон хүчинг бэлтгэх зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулсан ажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.