З.Энхболдын намрын чуулганыг хааж хэлсэн үг
Улсын их хурлын дарга З.Энхболд 2014-2015 оны намрын чуулганыг хааж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын ээлжит намрын чуулганы хуралдаан өндөрлөж байна. Чуулганаар Улсын Их Хурлын 48 дугаар тогтоолд тусгагдсан хууль, тогтоолын төслүүдийг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар огцорсонтой холбогдуулан шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлахад багагүй хугацаа зарцууллаа.

Ардчилсан нам Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол, эв нэгдлийг эрхэмлэж, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хуралд суудалтай улс төрийн бүх намуудтай хамтран ИХ ЭВСЛИЙН Засгийн газрыг байгууллаа.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий 96 төсөл, арга хэмжээг 32.9 тэрбум төгрөгийн векселиэр санхүүжүүлэх, бодит гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг вексель гарган санхүүжүүлэх, тендерийн шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг дахин хянаж зориулалтын дагуу үргэлжлүүлэх, дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, улс төрийн албан тушаалтны урсгал зардлын норм, норматив тогтоосон тогтоол, шийдвэрүүдийг хянан үзэх зэрэг асуудлыг Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт даалгалаа.

Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс татгалзаж, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталлаа. Энэ төсвөөр эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг баримталж олон жил дамжин үргэлжилж байгаа хуучин обьектуудаа дуусгах хариуцлага хүлээсэн шийдвэр гаргасан нь онцлог байлаа.
2015 оны мөнгөний бодлогын гол зорилтыг тодорхойлж, Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусган тодотгол хийж, улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо. Гэхдээ улсын өрийн буцаан төлөх график, макро эдийн засгийн бусад тооцоо, үзүүлэлтийг харгалзаж үзэхгүйгээр дээд хэмжээг ийнхүү хуульчилсан нь эдийн засагт хүндрэл дагуулж болзошгүй байна.

Засгийн газрын хавтгайрсан нийгмийн халамжийн тогтолцоог өөрчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах, богино хугацаанд тэвчиж болох зардлуудыг хэмнэх бодлогыг нухацтай хэлэлцэж, энэ удаад Монгол Улсын нэгдсэн төсвийн зарим орлогыг нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлж, хүүхэд болон одонтой эхчүүдийн мөнгийг хэвээр үлдээхээр болсон. Цаашид төсвийн зарцуулалтыг үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулж, эдийн засгийг эрчимжүүлэх замаар нийгмийн хөгжилд бодит үр дүн авчирсан хэм хэмжээг тогтоох нь чухал байна.

2015 оны төсвийн тодотголоор Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт нэлээд буурлаа. Энэ нь эдийн засгийн бодит нөхцөлтөй холбоотойгоос гадна сангийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай уялдан гарч байна.

Улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал онцгой анхаарч байна. Оюутолгой төслийн ажиллах эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2010 онд бүрэн бүрдүүлж өгсөн бөгөөд энэ төсөл цаашид амжилттай хэрэгжих ёстой. Засгийн газраас Оюутолгой төслийн хамтрагч талтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн үр дүнтэй үргэлжүүлнэ гэж найдаж байна.

Монгол Улсын стратегийн чухал орд болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад хууль, тогтоомжид нийцүүлж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах нь төслийн амжилттай хэрэгжилт, ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг баталгаажуулах болно. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, бодитой үр ашгаа өгөх хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргасан нь эдийн засагт эерэг дохио болно. Улсын Их Хурлаас энэ асуудлыг шийдвэрлэхдээ уг ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох замаар бус, харин ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тооцож авах хэлбэрээр ордыг ашиглуулахаар Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа. Тус ордоос 10 жилийн хугацаанд олборлох 70 тонн алтыг Монголбанкинд худалдах зохицуулалт хийсэн нь чухал ач холбогдолтой шийдвэр боллоо.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Намрын чуулган ажлын 99 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 48 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 170 удаа хуралдсан байна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар 165 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталснаас бие даасан хууль 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 124, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай тухай хууль 11 байна.

Чуулганаар Номын сангийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Боловсролын болон Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай тухай тогтоол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль, тогтоолуудыг баталлаа.

Хилийн боомтын бүсэд чөлөөт бүс байгуулж, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдад татварын таатай орчинг бүрдүүлж, дэд бүтэц бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулах зохицуулалт бүхий Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.

Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг батлан гаргасан нь үндэсний соёл иргэншлээ хамгаалан хөгжүүлэх, орчин цагийн монгол хүний сэтгэлгээний хэв маягийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хэлний тухай хуулиар монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болохыг хуульчиллаа.

Эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд, залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж үзэж телевиз, радио, кабелийн суваг, кино театр, үзвэрийн цэгээр нэвтрүүлэх уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэгт үндэсний нэвтрүүлэг болон үндэсний киноны эзлэх хувийг тодорхой зааж хязгаарлалт тогтоолоо. Ингэснээр үндэсний контентын үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүллээ. Бид энэ цаг үед эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулах талаар онцгой анхаарч ажиллахын сацуу нийгмийн оюун санааны хөгжил талыг ч чухалчлан авч үзэх ёстой.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын царигтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Дээрх чиглэлд шинэ төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хөрш орон болон гуравдагч зах зээлд эскпортод гаргах өргөн боломж бүрдэнэ.

Намрын чуулганы сүүлийн өдрүүдэд хэд хэдэн чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг Улсын Их Хурал соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг баталснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх болно.

Хэрэгжилт нь зогсонги байдалд ороод байсан Гол мөрний урсац бүрэлдэх, эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд уг хуульд бус, харин түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар цаашид арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх төлбөрийн дарамтыг багасгаж, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн арга хэмжээг боловсруулах, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжих, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрийн зохистой төвшинг хадгалах боломжтой болж байна.

Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр баталлаа. Уг хөтөлбөр нь богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс бүрдэж байгаа бөгөөд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц агуулгатай юм.

Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд ноосны чанараас хамаарсан ялгавартай урамшууллыг олгох, үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж экспортыг нэмэгдүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тогтоол баталлаа.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдэхэд Улсын Их Хурлын шийдвэр, санаачилга, хяналт маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монголын нийт ард иргэд ээ,

Та, бид хөх морин жилээ үдэж, 17 дугаар жарны модон хонь жилийн шинийн нэгнээ угтан золгох гэж байна. Эх орны дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа нийт монгол түмэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, айл гэр аз жаргалаар дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн барья.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Улсын Их Хурлын намрын чуулган хаасныг мэдэгдье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-02-20 02:22:53
    ne hyn Noen uuliig hydaldajee..
    104.34.123.58
    Мэдэгдсэн Хариулах