Олон улсын эрдэмтэд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн талаар хуралдана
Монгол Улсын төр Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн ардчилсан нийгмийн эрх зүйн үндсийг цаашид боловсронгуй болгох зорилгоор2012 оноос эрх зүйн шинэчлэлийн дараагийн давалгааг эхлүүлэн шүүх, шүүхийн тогтолцоо, гэмт хэрэгтэй тэмцэх ба хууль сахиулахтогтолцоо, захиргааны үйл ажиллагаанд хүний эрхийн баталгаа ба хууль дээдлэх ёсыг гүнзгийрүүлэх чиглэлд өргөн хүрээний шинэчлэлийг өрнүүлж байна. Аливаа улсын хууль зүйн шинэчлэл нь олон улсын сайн туршлагыг судлан нутагшуулах замаар хийгддэгийн адил Монгол Улсад ч ийнхүү өрнөж буй шинэчлэл манай улсын эрдэмтэд, хуульчдаас гадна олон улсын эрдэмтэн, судлаачдын анхаарлын төвд байгаа юм.

Олон нийт болон салбарын мэргэжилтнүүдийн сонирхлыг татаж буй уг асуудлын хүрээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, мөн Ханнс-Зайделын сан, Жайкагийн Эвлэрүүлэн зуучлалыг чадавхижуулах төсөл хамтран “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  2014 оны 5 дугаар сарын 30-ны Баасан гарагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү хурал нь манай улсын эрх зүйн шинэтгэлийн өнөөгийн үйл явц, тодорхой зарим асуудлыг харьцуулсан эрх зүйн өнцгөөс дүн шинжилгээ хийн харилцан хэлэлцэх зорилготой.

Тус олон улсын хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар үг хэлэх бөгөөд салбарын эрдэмтэд, хуульчидболон бодлого тодорхойлогчид үнэтэй санал зөвлөмжөө хуваалцах юм.Мөн Япон Улсын Васеда их сургуулийн Харьцуулсан эрх зүйн институтийн захирал, профессор Ёшики Курумисава, ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны сургуулийн доктор Юрген Харбих, Сингапурын Их Сургуулийн профессор Дэвид Пучниак, ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений их сургуулийн профессор Бернд Шюнеманн нар урилгаар оролцож байгаа юм.

Дурдсан эрдэмтэд тус олон улсын хуралд "Эрхзүйн харьцуулсан судалгааны хэтийн төлвөөс Монголын эрүүгийн эрхзүйн шинэтгэлийг дүгнэх нь",  "Япон Улсад өмчийн эрх зүйг уламжлан авсан туршлага: Монгол Улсын газрын болон бэлчээрийн эрх зүйд хамаарах нь", "Өрнө, дорнын эрх зүйн харилцан уялдаа-Монгол Улсын нийтийн эрх зүйн жишээн дээр", "Азид хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа байдал" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх болно.
 
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.