
Монгол Улсын өнгөрсөн сарын гадаад худалдааны тайланг нэгтгэжээ. Тайлангаас харахад энэ оны эхний сард гадаад худалдааны тэнцэл 225.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Тухайлбал экспорт 47.2 хувиар өсч, импорт 26.6 хувь буурсан байна. Экспортын өсөлтийн өнөөгийн хурд нь өнгөрсөн оны долдугаар сараас хойш хадгалагдаж байгаа аж. Харин импортын дүн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас буурсаар энэ хэмжээнд хүрчээ.
Экспортын өсөлтийн 40 хувийг ашигт малтмалын экспорт бүрдүүлсэн байна. Тухайлбал зэсийн баяжмал 179 хувь, цайрын хүдэр ба баяжмал 30 хувь, молибдений хүдэр ба баяжмал 402 хувиар тус, тус өсчээ. Харин чулуун нүүрс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт тус бүр 33-37 хувиар буурсан дүнтэй байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэг хувь, бусад бүтээгдэхүүний экспорт 0.9 хувиар буурч, бусад нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт найман хувь өссөн байна.
Нийт экспортын 89 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байгаа нь өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад 1.7 хувиар өссөн дүн юм. Үүн дотор чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт 86 хувь, нийт экспортын 76 хувийг бүрдүүлжээ. Мөнгөн дүнгээр экспортын нийт дүн 151.5 сая ам.доллараар өссөн байна.
Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn