Олон Улсын стандартад нийцсэн нөөц баялгийн ангилал буюу "MRC CODE"
Манай улс хуучин нийгмийн үед хойд хөршийнхөө хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалыг хуулбарлан авч, ашигт малтмалын нөөцөө тогтоож байв.1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж 1998 оноос “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар” нэртэй журам гарган мөрдсөн. Оросыг барьсан хандлагатай, түр нэртэй энэ зааврыг гаднаас нь харахад барууны хэлбэртэй ,ч доторхийг нь уншихаар оросыг хуулчихсан, хэт ерөнхий, ашиглахад хэцүү, будлиантай заавар хэмээн геологчид хэлж байлаа.

Ийнхүү 10-аад жилийн өмнөөс олон улсын стандарт, жишигт нийцсэн өөрийн заавартай болох асуудал ярьж эхэлсэн юм. Харин 2010 онд салбарын яам нь зорилт тавьж, нэг жилийн дараа энэ асуудлаар олон улсын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт явуулснаар үйл явц идэвхтэй өрнөх эхлэл тавигджээ. Энэ шалгаруулалтад Австрали, Герман, Дани, Өмнөд Америк, Монголын 10 компани оролцсоноос Австралийн “Snowden consulting” компани зөвлөхөөр шалгарсан байна. Ийнхүү CRIRSCO-ийн загварт тулгуурласан Монгол Улсын хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ашигт малтмалын нөөцийг тайлагнах үндэсний ангилал, заавар болох “MRC code’’-ыг боловсруулсан юм.
 
 CRIRSCO ГЭЖ ХЭН БЭ?
 
CRIRSCO нь Committee for Mineral Reserves International Reporting Standards гэсэн үгсийн товчлол бөгөөд Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хороо юм.Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн энэ байгууллага 1994 онд байгуулагджээ. Бүрэлдэхүүнд нь Австрали, Канад, Англи, Өмнөд Африк, АНУ, Чили, ОХУ болон Монгол багтдаг. Хамгийн сүүлд Монгол улс гишүүнээр элссэнээр найман орон өөрийн улс, тивээ төлөөлж байгаа юм.Дээрх наймын араас Перу, Хятад, Филиппин, Индонези, Турк зэрэг улсууд идэвхтэйгээр гишүүнээр элсэх сонирхлөо илэрхийлж байгаа. Монгол улс 2014 онд хамгийн сүүлийн гишүүн орон болсон ч элсэх үйл ажиллагаа нь нэлээн хэдэн жилийн хугацаа шаардагдсан юм. Бүр тодруулбал, 2011 оны арваннэгдүгээр сард Ашигт малтмалын ордын нөөц эрдсийн баялгийн олон улсын ангилалыг авч хэрэгжүүлэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ба CRIRSCO- ын хамтарсан уулзалт Лондон хотноо болов. Энэ үеэр хоёр тал санамж бичиг байгуулан гарын үсэг зурж Монголын тал CRIRSCO-д элсэх сонирхлоо албажуулсан болно.
 
CRIRSCO хайгуулын үр дүн, ашигт малтмалын нөөц, баялгийн нээлттэй тайлан бичих хамгийн наад захын доод стандартыг тогтоодог.Түүнийгээ тайлан бичих ойлгомжтой удирдамж, зөвлөмжүүдтэй нэгтгэдэг байна. Гишүүн орнуудын тайлан бичих загвар удирдамжууд нь CRIRSCO-ын тайлан бичих загварын тодорхойлолтуудтай ижил эсвэл гол чанараараа зөрүүгүй байх ёстой аж.

CRIRSCO-ын гишүүн орнууд хамтын гэрээний үндсэн дээр бие биенийхээ стандартыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, CRIRSCO-д улсаа төлөөлдөг Канадын CIM, Австралийн AusIMM зэрэг уул уурхайн том институтууд бие биенээ хүлээн зөвшөөрөх бөгөөд ингэснээр Австралийн ЖОРК, Канадын N143- 101 стандарт CRIRSCO- ын гишүүн орнуудад мөн адил хүлээн зөвшөөрөгдөж мөрдөгддөг.
 
CRIRSCO-Д ЭЛСЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
 
Хэрэв Монголын мэргэшсэн байгууллага CRIRSCO-д элсчихвэл тус байгууллагын гишүүн геологич, уулын инженер Канадын хөрөнгийн биржэд тайлан бичихэд түүнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг аж. Үүний тулд Монгол Улс хоёр нөхцөл хангах учиртай. Хялбар сонсогдож байгаа ч энэ тооны цаана нэг системээс нөгөөд шилжих шилжилтийн том процесс өрнөж буй. Юуны түрүүнд, CRIRSCO-д элсэх бэлтгэлийг хангахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, мэргэжлийн холбоодыг төлөөлсөн геологич, уулын инженер, эдийн засагч зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан байна. Түүнийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт ахалсан бөгөөд дурдсан хоёр шаардлагын нэн тэргүүнийх нь Монголын ашигт малтмал тайлагнах зааврыг CRIRSCO-д нийцүүлэн бичих байжээ. Энэ ажил 100 хувийн биелэлттэй хэрэгжиж буйг албаныхан хэлж байв. Монгол улс нөөцийн ангиллаа олон улсын жишгийн Дагуу боловсруулан бичиж дууссан бөгөөд түүнийг Уул уурхайн сайдын тушаалаар баталсан байна.
 
Монголын туршлагатай, ахмад геологчдын боловсруулсан заавар CRIRSCO-д хамаардаг заавруудад суурилсан төдийгүй Монголынхоо онцлог шинжүүдийг ч тусгасан хэмээн мэргэжилтнүүд ярив. Ерөнхий зааврын дараа ашигт малтмал тус бүрээр заавар гарна. Тэдгээрийг геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг бэлтгэнэ. Мөн заавар төдийгүй ашигт малтмалыг тайлагнах журам, тайлан бичих ойлгомжтой удирдамжийг хамтад нь зохиох ёстойг дээр дурдсан билээ.Тэр ёсоор удирдамжийг ч мөн боловсруулж байгаа агаад энэ нь Монгол Улсын нөөц тайлагнах системийг CRIRSCO-ын бүлгийн хууль дүрэмтэй зохицуулан, тэдгээрийн системд шилжүүлэн хөрвүүлэхэд тус дөхөм болох ажээ.Удирдамжаас гадаадын мэргэжилтнүүд Монголын нөөцийн талаар тодорхой ойлголттой болох бол Монголын мэргэжилтнүүд CRIRSCO-ын жишиг, загварын талаар зохих мэдлэг, мэдээллийг олж авах юм.
 
Харин хоёр дахь шаардлага нь CRIRSCO-д улсаа төлөөлөх үндэсний тайлагнах байгууллагыг бий болгох байсан. Ийм байгууллагыг олон улсын нэршлээр National Reporting Organization гэх бөгөөд товчлон NRO хэмээдэг.Манайхан Нөөцийн экспертийн үндэсний байгууллага гэж орчуулж байгаа.
 
Хоёр Дахь шаардлагыг хангахын тулд манай улс CRIRSCO-ын гишүүн байгууллагыг олон улсын жишгээр байгуулах хэрэгтэй болсон ба ажлын хэсэг энэ талаар ерөнхий загварчлал, төсөөлөл гаргаж Монголын үндэсний тайлагнах байгууллагыг Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт (МГУУМИ) байдлаар зохион байгуулжээ. Харин МГУУМИ-ын салбар зөвлөл болох Mongolian Mineral Resources and Reserves Committee 6yroyMRC нь CRIRSCO-д Монгол улсыг төлөөлөх төдийгүй онцгой чухал үүрэг хариуцлага нь ашигт малтмалыг тайлагнах журам, стандарт, удирдамжийг зохиож, түүндээ хариуцлага хүлээх юм.Тодруулбал, CRIRSCO Template дээр суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын нөөц, баялгийг нээлттэйгээр тайлагнах Монголын зааврыг гаргаж, түүнийг шаардлагатай үед засварлах үндсэн үүрэгтэй.
 
ИТГЭМЖЛЭГДСЭН  МЭРГЭЖИЛТЭН

 
Мэргэжлийн байгууллагад маш чухал эрх мэдэл бий. Тэр нь CRIRSCO Template дээр суурилсан Монголын заавраар тайлан бичих итгэмжлэгдсэн мэргэжилтнийг бүрэн хариуцахтай холбоотой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Итгэмжлэгдсэн мэргэжилтэн бэлтгэж итгэмжлэл олгодог. Итгэмжлэгдсэн мэргэжилтний эрх ашгийг хамгаална. Басхүү үүрэг, хариуцлагыг ч давхар үүрнэ.Хуурамч тайлан бичиж, ёс зүйгээ зөрчвөл эрхийг нь цуцална.Эрх нь цуцлагдсаныг нэгдсэн системд мэдэгдэнэ.Эдгээр нь шинэ байгууллагын эдлэх чухал эрх төдийгүй онцгой хариуцлага юм.
 
 
Монгол дахь ордууд олон улсын хөрөнгийн зах дээр “моодонд орох цагт” ордуудын тайланг монгол геологчид биш гадныхан бичих болсон билээ. Олон улсын бирж дээрээс хөрөнгө босгохын тулд барууны стандартаар түүнд нь таарсан тайлан бичих ёстой. Тухайн ашигт малтмалаар олон жилийн туршлагатай, мэрэгжлийн байгууллагын тодохойлолт бүхий итгэмжлэгдсэн эрхтэй геологич, инженерүүдийн гарын үсгээр хөрөнгө оруулагч тайланд итгэл хүлээлгэдэг. Монголын нөөцийн ангиллаар бодсон нөөц, хайгуулын ажлын үр дүнг олон улс, хөрөнгийн биржүүд, гадны хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрдөггүй.

Тиймээс талбай дээр дийлэнх ажлыг монгол мэргэжилтнүүд үүрдэг ч тайланд нэр орохгүй явж ирсэн билээ. Монголдоо том ордууд дээр ажилласан туршлага, мэдлэг чадвартай ч харамсалтай нь олон улсад танигдах боломж үгүй байгаа нь монгол геологич, инженерүүдийг үнэгүйдүүлж ирсэн. Үндэслэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллагын гишүүн биш. Гэтэл Монголын эрдэс баялгийн салбарт мэргэжлийн 20 гаруй холбоо үйл ажиллагаа явуулж байгаа ч өндөр шалгуур давж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь үгүй байна.
 
Үүний тулд Монголд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллага байх хэрэгтэй ба тэр нь олон улсын байгууллагын буюу CRIRSCO-ын гишүүн байх ёстой.Мэргэжлийн байгууллагадаа монгол мэргэжилтнүүд гишүүнээр элсэх хэрэгтэй бөгөөд улмаар түүгээрээ дамжин олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай.
 
Ингэснээр Монгол улсын нөөцийн ангиллын дагуу бодсон тайлан, нөөцийн үр дүн Австрали, Канадын хөрөнгийн бирж дээр гарлаа гэхэд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм. Үүний цаана хамгийн ололттой нь монгол мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Монгол хүн, монгол геологч, инженерүүдийн бодсон нөөцийг дэлхийн аль ч хөрөнгийн бирж дээр хүлээн авах бололцоо олдох билээ. Энэ нь монгол мэргэжилтнүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх алхам болж байгаа юм.
 
Монголд байгаа мэргэжлийн олон холбоог төлөөлөн Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт (МГУУМИ) б уюу англиар The Mongolian Professional Institute of Geosciences and Mining (MPIGM) ажиллаж эхэлснээр хэн дуртай нь тайлан бичиж, шинжээч хийгээд явахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Энэ байгууллагын гишүүн болсноор нэг талаасаа эрхээ эдэлнэ, нөгөө талаасаа үүрэг хариуцлагаа Давхар хүлээх систем рүү орно. Ийнхүү эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ маш өндөр хариуцлагатай гэдгийг ч албаныхан хэлж байв.
 
Итгэмжлэгдсэн мэргэжилтэн болохын тулд эн тэргүүнд тус холбооны гишүүн болох ёстой. Гишүүн болчихоод түүгээрээ дамжуулан итгэмжлэгдсэн мэргэжилтэн болох хүсэлтээ гаргадаг. Итгэмжлэгдэх мэргэжилтэнд тодорхой шаардлагууд тавигдана. Австрали, Канадад бол тухайн мэргэжлээрээ ажиллаж таваас доошгүй жил тухайн чиглэлээрээ мэргэшсэн, бие дааж хайгуулын ажил удирдаж байсан зэрэг шаардлага тавигддаг байна.

Монголд хэдийгээр өмнө нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллага байхгүй байсан ч гадны ийм зэрэглэлийн байгууллагын босгыг давсан цөөхөн геологич бий. Тэд олон улсад уул уурхай, геологийн ажил хийж тайлан бичих эрхтэй.
 
Жилд нэг удаа CRIRSCO-ын гишүүн байгууллагууд уулзаж, тулгарч буй асуудал бэрхшээл, ололт амжилтаа тайлагнадаг уламжлалтай. 2014 оны энэхүү уулзалт хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан ба уулзалтыг МГУУМИ, Уул уурхайн яам, Дэлхийн банк, CRIRSCO байгууллагууд хамтран хийсэн. Уг уулзалтаар Монгол улс дээр дурьдсанаар найм дахь гишүүнээр элссэн билээ.
 
Ашигт Малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ч ашигт малтмалын орд, түүний судалгаа, нөөцийн чиглэлээр тодорхой заалтуудыг зохих байдлаар тусгасныг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ ажлын хэсгийн гаргасан төслийг мэргэжилтнүүдэд танилцуулж, нухацтай ярилцах, өргөң хэлэлцүүлэг өрнүүлэн, ажил хэрэгч санал санаачилга хүлээж авах ажлууд хийгдэх байх. Багасгасан хүрээнд хэд хэдэн ч удаа хэлэлцүүлэг хийж буй аж. Энэ асуудал цэгцэрснээр нөөц тойрсон маргаанд цэг тавигдана гэсэн хүлээлт бас бий.

Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus