Д.Жавхланболд: Гацууртын орд Хүннүгийн үеийн булш бунхнаас 7 км зайтай

Гацууртын ордыг тойрсон асуудлаар Уул уурхайн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболдтой ярилцлаа.

-“Босоо хөх монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаж тэмцэл хийж байна. Гацууртын орд болон Ноён уулын талаарх мэдээлэл иргэдэд дутмаг байх шиг санагдлаа. Тиймээс Гацууртын ордын талаар тодруулъя. Олборлолт хийгдэх Гацууртын орд Ноён уулаас хичнээн км зайд байрлаж байна вэ?

-Хойд, урд гэсэн хоёр Ноён уул байгаа. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд орчихсон. Нөгөө нэг нь Хүннүгийн олдвортой. “Зуунмод уул” гэсэн компани тусгай зөвшөөрөлтэй, дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Тэр уулаас доошоо уруудаад Сүжигтийн ам гэж бий. Энэ аманд Хүннүгийн булш бунхан байгаа. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрнэ. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байгаа юм.

-Ноён уулын орчимд одоогоор хичнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа вэ?

-Одоогийн байдлаар хүчин төгөлдөр 23 тусгай зөвшөөрөл байна. Энэ тусгай зөвшөөрлүүдээс зургаа нь хайгуулын, 17 нь ашиглалтынх. Талбайн хувьд янз бүр.

-Хүннүгийн үеийн булш бунхантай ойрхон тусгай зөвшөөрөл байна уу?

-Хамгийн ойрхон нь “Гүн билиг трейд” компаний тусгай зөвшөөрөлтэй талбай. Төв аймгийн Батсүмбэр буюу Борнуурын компани юм билээ. Нэг ёсондоо тэр нутгийн компани гэсэн үг. Үүнийг манайхан буруугаар ойлгоод “Сентерра гоулд” компанитай холиод улс төр хийгээд байна.

-“Гүн билэг трейд” компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Урт нэртэй хуулийн үйлчлэлээр үйл ажиллагаа явуулахгүй зогсонги байдалтай байгаа. Мөн дээрх 23 тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагаа ч түр зогсчихсон.

-Гацууртын орд олборлох газар булш бунханаас долоон км-ийн зайтай, тэнд ямарваа нэгэн түүхийн олдвор байхгүй гэж ойлгож болох уу?

-Байхгүй. Энд Археологийн судалгаа явуулсан байгаа. Анх Шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгээс судалгаа явуулахад энэ талбай дээр булш, бунхан байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Дараа нь МУИС-ийн Түүх археологийн тэнхимээс судалгаа хийхэд түүхэн олдвор олдоогүй. Гацууртын ордыг олборлосноор түүхийн үеийн олдворуудыг сүйтгэх гэсэн зүйл байхгүй.

-Өлсгөлөн зарлаад тэмцээд байгаа хүмүүс ямар шаардлага таввьсан бэ?

-Гацууртын ордыг битгий олборлуулаач, Ноён уулыг битгий хөндөөч, Урт нэртэй хуулинд битгий өөрчлөлт оруулаач гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээлэл муутайгаасаа болоод энэ хүмүүс тэмцээд байна уу гэж ойлгож байна. Уг нь тахиж шүтдэг Ноён уул, Хүннүгийн үеийн булш бунхныг хөндөх гэсэнгүй. Тийшээ олборлолт очихгүй, уул уурхай тэнд үйл ажиллагаа явуулахгүй, ухахгүй. Нөгөө талаасаа Урт нэртэй хуулинд ямарч өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Дагаж мөрдөх журмын тухай хууль зургаан сарын хугацаатай байсан нь дуусчихсан. Гэтэл бэлтгэл ажил удсанаас энэ хууль хэрэгжихгүй удсан. Үүнийг өөрчлөх үүднээс журамд өөрчлөлт оруулсан.

-Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласан хүмүүст мөнгө өгсөн гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Уурхайн олборлолтыг зогсоож байж дараа нь нутгийн нинжа нар ч юм уу, өөр компани ухна гэсэн төлөвлөгөөтэй гэх зүйл яригдаж байна?

-Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн цаана янз бүрийн хүмүүс байна уу, орон нутгийн нинжа нар олборлох гээд байна  уу гэдэг дээр бид тайлбар хэлэх боломжгүй.  Ямар нэгэн үндэслэлгүйгээр тэр хүмүүсийг гүтгэж болохгүй. Миний бодлоор энэ хүмүүс мэдээлэл муутайгаасаа болоод асуудлыг сайн ойлгохгүй ийм байдал үүсгээд байна гэж бодож байгаа.

-Гацууртын орд алтны хэдий хэрийн нөөцтэй юм бэ?

-Геологийн нөөц нь 76 орчим тонн нөөцтэй. Үүнээс ТЭЗҮ-ээр тогтоосон олборлох нөөц нь 50 тонн алтыг олборлоно. 50 тонн алтыг олборлож борлуулснаар нийт борлуултын орлогын хэмжээ ойролцоогоор гурван их наяд буюу 1.7 тэрбум ам.долларын борлуулалт хийгдэх юм. 1.7 тэрбумын борлуулалт хийгдээд нийт гарах зардал нь 1.5 тэрбум. 200 сая ам.долларын цэвэр ашиг гарна.

-Гацууртын ордыг ашигласнаар Монголын эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

-Нийтдээ 660 тэрбум төгрөгийн буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамжийг Монгол Улсдаа төлнө. Энэ ордыг ашиглах 10 жилийн хугацаанд нийтдээ 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээ дотоодын аж ахуйн нэгжүүдэд хийгдэнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, тэр хэмжээгээр ажлын байр бий болж байна. Дээр нь 1000 орчим ажлын байр бий болно. Үүнд 90 орчим сая ам.долларыг цалин хөлсөд өгнө. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгуудтай хамтарч ажиллана. Үүний хүрээнд 10 сая ам.доллараар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр ажил хийгдэнэ. 200 сая ам.долларын ногдол ашгаас төр өөрөө хувь хүртэнэ. Хөрөнгө оруулагч “Сентерра гоулд” компани цэвэр ашгаас маш бага хувь хүртэж байгаа.

-Өмнө нь “Гацуурт” компани энэ ордын шороон ордыг олборлосон байх аа?

-“Гацуурт” компани 1998-2003 оны хооронд олборлолт хийсэн. Нийтдээ 3.6 орчим тонн алт олборлосон байдаг. Тус компанийн шороон ордыг олборлоод, ухсан нүх нь тэр хэвээрээ үлдчихсэн. Тэр ухсан нүхийг буцаагаад “Сентерра гоулд” компаниар нөхөн сэргээлт хийлгэх юм. Хэрэв энэ ордыг олборлохгүйгээр орхичихоор маш их хэмжээний нөөцтэй гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Үүнийг мэдэж байгаа учраас хууль бус олборлолт явагдахгүй гэх баталгаа байхгүй. Үүнийг дагаад нийгмийн болоод эдийн засгийн, эрүүл ахуйн аюултай асуудлууд бий болдог. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, гэмт хэрэг их гардаг. Тиймээс энэ ордыг Засгийн газраас дэмжиж байгаа. Эдийн засгийн үр өгөөж нь ч илүү юм.

-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн. Төр 20 хувийг нь эзэмшихээр оруулж ирсэн ч дэмжээгүй шүү дээ. 20 болон 34 хувь гэсэн хоёр хувилбар яригдаж байсан?

-Засгийн газрын зүгээс хэдэн хувийг нь эзэмшвэл Монгол Улсад оновчтой байх вэ гэсэн судалгаа хийгдсэн. Хэдийгээр их хэмжээний нөөцтэй 1.7 тэрбум ам.долларын борлуулалттай мөртлөө 1.5 тэрбум долларын зардалтай байдаг. Зардал өндөр байгаа учраас эрсдэл нь дагаад өсч байгаа юм. Тэгэхээр 200 саяын ашиг багасах магадлалтай. Тэр эрсдэлийг тооцож үзсэн. Мөн төгрөг, доллартай харьцах харьцааны асуудал байна. Дээр нь ТЭЗҮ-ийг тооцохдоо алтыг 1300 ам.доллараар тооцчихсон. Өнөөдөр зах зээлийн ханшаар унци алт 1250 хэд болчихсон. Үүн дээр асуудал гарч байна. Мөнгөний инфляциас шалтгаалаад зардал өсдөг хандлага байдаг.

Энэ ордыг ухчихаад шороогоо 50 гаруй км замаар зөөгөөд Бороо дээр аваачиж баяжуулна. Энд ямар ч химийн бодис байхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй. Тээврийн зардал асар их өндөр гарч байна. Мөн Гацууртын орд  нь сулфиттэй эвшэлддэг. Сулфитээс алтыг нь салгаж авахын тулд исэлдүүлэх үйлдэр барьж байгаа. Энэ үйлдвэрт их хөрөнгө зарж байгаа. Ийм эрсдэлүүд байгаа учраас төр эрсдлээ харж байна. Эрдэлтэй зүйлд их хэмжээний хөрөнгө оруулбал их алдагдал хүлээх магадлалтай. 20 хувийг авах тохиолдолд урьдчилсан гэрээ хэлэлцээр хийсэн байгаа. 20 хувийг төр авахад “Сентерра гоулд”  компанийн зүгээс хүүгүй зээлээр өгье гэсэн. Оюутолгой бол хүүтэй зээл. Харин 34 хувь болговол хүүгээс чөлөөлж чадахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. 20 хувиар авбал ногдол ашиг авах хугацаа нь арай наана, 34 хувь нь хүүтэй юм чинь зээлээ төлөх хугацаа нь хойшилж ногдол ашиг авах хугацаа нь мөн тэр хэрээр хойшилно гэсэн үг.

-Энэ асуудлыг Хаврын чуулганд дахин өргөн барих уу?

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн саналыг тусгаад “Сентерра гоулд”  компанитай дахин хэлэлцээр хийгээд, илүү оновчтой хувилбараар дахин өргөн барина.

Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus