Эрдэнэзуу хийдийн бурхад жинхэнэ эсэх нь эргэлзээтэй байна
Эрдэнэзуу хийдээс энэ сарын 18-19-нд шилжих шөнө XVIII зууны дунд үеийн түүхийн нэн ховор, хосгүй үнэт бүтээлүүдэд тооцогддог долоон бурхан хулгайд алдагдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчдын шуурхай үйл ажиллагааны үр дүнд олж илрүүлэн, өнгөрсөн даваа гарагт ССАЖЯ-нд хүлээлгэн өгсөн.

Тодруулбал, хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алтан шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхадыг цагдаагийн алба хаагчдын шуурхай үйл ажиллагааны үр дүнд олж илрүүлэн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү бурхдыг хүлээлгэн өгөх үеэр нэг бурхан нь сууриндаа таарахгүй байсан аж. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү түүх дурсгалын ховор нандин бүтээлээс гурав нь яг жинхэнэ үлдсэн нь хуурамч, эсвэл тэр бурхад яг мөн эсэхийг тогтоогоогүй байгаа гэсэн юм. Юутай ч цагдаагийн байгууллагаас мөн байж болзошгүй бурхадыг олж ССАЖЯ-нд хүлээлгэж өгч, харин тэд мөн эсэхийг нь тогтоох юм байна.
 
Б.Баатархүү: Бурхдыг жинхэнэ эсэхийг үзмэрийн ажилчид тогтооно

ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Шалгал­тын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Ямар ч байсан алдагдсан үзмэрүүдийн гурав нь түүхийн үнэт ховор, өв болох бурхад байгаа. Эдгээрийг манай алба хаагчид шуурхай олж, илрүүлсэн. Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байна.

Цаашдаа бидний олж, илрүүлсэн бурхад сууриндаа таарч байгаа эсэх үзмэрүүд ямар эвдрэл гэмтэлтэй байгаа гэдгийг тухайн музейн үзмэрийн хүмүүс нарийн шинжилгээ хийж тогтоох байх. Хэрэв ямар нэгэн байдлаар үзмэрүүд өөрчлөгдсөн буюу хуурамч байвал гэмт этгээдүүд хаашаа авч явсан, хэнд зарж борлуулсан гэдгийг шалгана. Одоогоор бол Эрдэнэзуу хийдийн үзмэр хариуцсан хүмүүс нь нарийвчилсан шалгалтын ажиллагаа явуу­лаагүй, дүгнэлтээ цагдаагийн байгууллагад гаргаж өгөөгүй байна.

Өчигдөр 17.30 цагийн үед /өнгөрсөн даваа гарагт/  ССАЖЯ-нд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Тиймээс тун удахгүй нарийн шинжилгээ хийж, судлаачид нь дүгнэлтээ гаргана” гэсэн юм. Юутай ч цагдаагийн байгууллага илрүүлсэн эдгээр бурхад хуурамч, эсвэл эвдэрч гэмтсэн гэдгийг албан ёсоор тогтоосон зүйл алга байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуустал үзмэрүүдийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд түр байрлуулаад байгаа аж. Хууль дүрмийнх нь дагуу хэмжилт тооллого хийж хүлээн авсан бөгөөд мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусахад эдгээр бурхадыг Эрдэнэзуу хийдэд нь эргэн байрлуулах юм байна.
 
Ц.Цэндсүрэн: Нэг бурхны суурь нь таараагүй зөрсөн нь үнэн

ССЯЖЯ-ны соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн “Цагдаагийн алба хаагчид алдагдсан үзмэрүүдийг өчигдөр /өнгөрсөн даваа гараг/ хууль дүрмийнх нь дагуу хэмжилт тооллого хийж хүлээлгэн өгсөн. Үзмэрүүдийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд түр байрлуулаад байна. Үзмэрүүдийг хүлээлцэх үеэр нэг бурхны суурь таарахгүй байсан нь үнэн. Гэхдээ тухайн бурхан хуурамч, эвдэрч гэмтсэн эсэхийг Эрдэнэзуу хийдийнхэн тодорхойлох болно” гэлээ.

Түүх соёлын дурсгал,үнэт олдворуудыг шалгах бүрт тодорхой хэмжээгээр дутдаг гэдгийг албаныхан хэлдэг. Музейд хадгалагдаж байгаа үзмэрүүдээс ёс юм шиг дутдаг болсоны хажуугаар харуул хамгаалалт нь муу байгаагаас энэ мэт алдах нь цөөнгүй байна. Гэтэл шалгалтаар дутсан тохиолдолд тухайн газруудын манаач, сан хөмрөгч гэх хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн торгууль эсвэл ажлаас халах гэх мэт арга хэмжээ авахаас хэтэрдэггүй. Учир нь манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох эрх зүйн орчин нэн дутмаг байдаг болохоор тэр.

Чоно борооноор гэгчээр мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн этгээдүүд түүхийн үнэт өв, дурсгал гэдгийг үл тоон үгүй хийж устгасаар байгаа нь нууц биш. Энэ удаад ч  түүхийн нэн ховор, хосгүй үнэт бүтээлүүдийг буруу гартнуудад алдсан хийдийн харуул, ажилтнуудад хариуцлага тооцоод өнгөрөх л байх. Аз болж цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлэн хил давах, хэлбэрийг нь өөрчилж, сүйтгэхээс нь өмнө Улаанбаатарт айлд авчраад нуусан байсныг олж авлаа.

Гэхдээ тус үнэт эдлэл жинхэнэ эсэх нь ийнхүү эргэлзээтэй болоод байна. Угтаа ганц бурхан, үзмэрхэн алга болоод өнгөрч байгаа мэт боловч үнэн хэрэгтээ нэг нэгээр хорогдсоор Монгол Улсын өнгөрсөн үе, түүнийг гэрчлэн үлдэх ховор нандин дурсгалууд буруу гартны балгаар устаж үгүй болох аюул нүүрлэж буй хэрэг. Тиймээс музейнүүдын үнэт олдворуудыг нэгтгэн, харуул хамгаалалт, хадгалалтын асуудлыг чангатгаснаар соёлын өвөө алдахгүй байх боломж бүрдэх юм. Улмаар түүх соёлын дурсгал,үнэт олдворуудыг дамлан худалдаалсан буюу хил давуулсан иргэдэд хатуухан хариуцлага тооцдог болвол энэ төрлийн бизнес эрхлэгчидийн хүрээг хумих том гарц болох биз ээ.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.