Тойрогтоо төлийн ажилд туславал таарна
УИХ-ын намрын чуулган завсарласан биш гишүүд хийх юмаа олж ядаж байгаа бололтой. Хил манаж, эмнэлгийн байр цэвэрлэж ч байх шиг. Зарим нь гадаад томилолтоор ниссэн бол нөгөө хэсэг нь тойрогтоо ажиллах нэрээр хөдөөг зорьж золголтоо үргэлжлүүлсээр явна.
 
Үнэн хэрэгтээ орон нутагт очиж ирэх сонгуулийн буухиагаа эхлүүлж байгаа нь тодорхой бөгөөд хууль сурталчлахын оронд өөрсдийн чаддаг аргаа хөөрхийлөлтэйгээр хэрэглэж байна. Хэдийгээр УИХ-ын сонгууль болоход даруй жил гаруйн хугацаа үлдсэн ч нэгэнт энэ удаагийн парламентад дорвитой хийсэн ажилгүй, популизм хийж суусан болохоор ядмагхан арга хэрэглэхээс аргагүйд хүрсэн биз.
 
Уг нь сонгуулийн сурталчилгааны үеэр л айл, өрхийн хаалга тогшиж, усыг нь зөөж, хогийг нь цэвэрлэж өгөхөөс наахнуур загнадагсан. Харин энэ удаа нэлээд эртнээс аргаа нарийсгаж, өөрсдийгөө сурталчилж байгаа аж. Тиймдээ ч сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүдэд оролцож иргэдийг хөгжөөн, инээдийг барж, элгийг нь “эмчилж” явна.
Нийгэм, эдийн засгийн байдал доройтож, хүмүүс уур, бухимдал ихтэй үед заримдаа   улстөрчдийн хэтийдсэн популизм болон олонд таалагдах гэсэн элдэвтэй үйлдлүүд нь эцэг, эхдээ загнуулсан жаахан хүүхдүүдийн үйлдэл шиг л байх болж. Тухайлбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлэгийн шинэ барилгын асуудал нэлээд удсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Арвины гэгдэх “Их өргөө” ХХК нэр холбогдон багагүй шуугиан тарьж байсан.
 
Гэтэл энэ сарын 8-нд нээлтээ хийх сургаар эрхэм гишүүн cap шинийн дараахан цэвэрлэгээний ажилд нь өөрийн биеэр оролцож, арчиж зүлгээд сүрхий харагдсан. Өөрөөр хэлбэл дараагийн удаа тус дүүрэгт нэр дэвшвэл “Барихаас нь ашиглалтад ортол нь зүтгэж, цэвэрлэгээг нь хүртэл өөрөө хийж байлаа” хэмээн саймшрах нь тодорхой.
 
Мөн С.Ганбаатар гишүүн тойрогтоо “Иргэн танаа тайлан уулзалт” хийж байна гэсэн атлаа хилийн цэргийн хувцас өмсчихсөн, дуран барьчихсан тууж явах жишээтэй. Эсвэл мань хүн алсаас айл, өрхийн ахуй амьдралыг дурандаж байгаад уулзалтаа зохион байгуулж ч явна уу бүү мэд. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүртэл тойрогтоо ажиллахын зэрэгцээ “Энгийн, эгэл хүн шүү би” гэдгээ илэрхийлэн сумын клубын танцанд оччихсон бүжиглэж тууж явах жишээтэй.
 
Энэ мэтчилэн гишүүд өөр, өөрсдийн “сэдвээ” сугавчлан орон нутгаар аялж явна. Тэдний сугавчилсан сэдвүүд нь тун ч тодорхой “Тэтгэврийн зээлийн хүү, унаа машиныхаа зардлыг танасан, одонтой ээжүүдийн болон хүүхдийн мөнгийг хасаагүй, төрд ашиглаж буй жийпнүүдийг хэрэглэхээ больсон” гэх зэрэг аахар, шаахар зүйлийг л хэлж, далимаар нь хөшсөн биеэ сэргээж, хэнгэнтэл сайхан амарч яваа. Уг нь сонгогдсон тойрогтоо сонгогдсон бус санамсаргүй таарсан иргэдтэй уулзахад л амьдрал ямар байгаа, ард түмний амьдрал хэрхэн уруудан, доройтож байгааг хэлээд өгнө. Харамсалтай нь манай улстөрчид хачин сайн дэглэсэн жүжигт дуртай, өөрсдөө түүнийхээ гол дүрийг бүтээх сонирхолтой байдаг болохоор барагтай л бол жинхэнэ амьдрал хүүрнэх хүнтэй тэр бүр уулзахгүй л дээ, хөөрхийс.
 
Уг нь орон нутагт ажил оволзож байгаа энэ үед хурал, цуглаан хийнэ гэж хавийн хүнийг сумын клубт цуглуулж байхаар хөдөө, хотонд нь очоод төлийн ажилд нь гар бие оролцон, туслаж, гайгүй хэдэн хатуу үг сонсвол уг нь сайнсан. Хууль чангарахаар хулгайчийн арга нарийсна гэдэг дээ. Түүн шиг улстөрчдийн арга ч их нарийн болж байна шүү. Цаг нь тулахаас өмнө зав л гарвал ард иргэдийн тархийг угааж, “Та нартаа хайртай, эх орны хүү, охин чинь шүү дээ, би” гэдэг үгээ аль хэдийн хэлээд эхэлжээ.

Уг нь хуурамч үгээр тархийг нь угааж, хөдлөнгүүтээ мартахын оронд халуу дүүгсэн хотонд нь ороод дөнгөж төрсөн хар халзан хурга тэвэрсэн шиг амьдрал дунд буцалж яваад ирвэл аштай юу.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-05 21:47:37
    эрхэм гишүүдээ орон нутагт очиж төрийн ажил, малчид тариаланчдад гай хүндрэл учруулахаа больё. Та нарыг яваад очихоор тоох хэцүү, тоохгүй байх хэцүү юмаа.
    112.72.13.174
    Мэдэгдсэн Хариулах
  • arai bishee 2015-03-05 11:53:51
    eoooe yaanaa kkk tataahiimaa neeree
    217.170.190.5
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-05 08:29:11
    ИЧИЖ ҮХЭЭСЭЙ, 76 ТЭНЭГЭЭ. ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЬ ДАНДАА ЖҮЖИГ. СОЁЛ УРЛАГЫН ДЭЭДЭД ОРВОЛ ЭНЭ ХЭД БҮГД ОНЦ СУРНА ШҮҮ, ХЭ ХЭ ХЭ
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-05 00:51:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.157
    Мэдэгдсэн Хариулах