Хүүхдийн нүднээс нулимс бүү унага, эцэг эхчүүд ээ
Зүүний үзүүрт будаа тогтохын дайтай төрдөг бяцхан үрс минь. Зүрх сэтгэлийг баярлуулж, баяр баясгалан болж ирдэг нархан минь. Хүүхдүүд минь. Та нарыгаа хамгаалахын тулд эх орон чинь юу хийх ёстой вэ. Элэг нэгт Монголчууд минь юу хийвэл зохилтой вэ. 

Дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ зодуурын улмаас дотор  эрхтэн нь бяцарч нас барсан харамсалтай хэрэг Монголчуудыг цочоолоо. Одоо эл хэргийн сэжигтнүүдийг шалгах ажил хийгдэж байгаа. Харин нийт Монгол ээжүүд энэ хэргийн шүүх хурлын нээлттэй ил тод болгохыг хүсэж байна. 

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас хичнээн хүүхэд би эрхтэн, сэтгэлээрээ хохирч байна вэ. Харин гэр бүлийнхээ амар тайван байдлыг эвдэж, гэр бүлээ айдас хүйдэст автуулан буй хичнээн эцэг ял сонсож, гэм зэмээ ухаарсан бол. Энэ асуултуудад тодорхой тоо хэлчихэж болох. Гэхдээ далд хэлбэрээр үйлдэгддэг энэхүү гэр бүлийн хүчирхийллийн талаар нэгд нэгэнгүй тоо хэлнэ гэдэг өөрөө бүрхэг юм. Яагаад гэвэл бүгд далд хэлбэрээр үйлдэгддэг. Зөвхөн тухайн гэр бүлийн гишүүдийн хооронд болдог учир хүүхдээ зодуулсан, хүчирхийлүүлсэн ээжүүд энэ талаар дуугарах нь ховор, “аав ингэлээ ,ээж тэглээ” хэмээн хуулийн байгууллагад хандах хүүхдүүдийн зориг үгүй.  

Ямартаа ч 2014 онд Цагдаагийн ерөнхий газарт 301 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэний 297 нь эмэгтэй хохирогчтой бол   125 нь насанд хүрээгүй хүүхдүүд  байна гэсэн тоо баримт гарчээ. Тэгвэл эдгээр хохирогч хүүхдүүдийн  10 нь 7 хүртэлх насны буюу дандаа бага насны хохирогч байна судалгаа гарсан байна. Гэхдээ энэ бол тухайн жилд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бүхэлд нь хамарсан тоо биш бөгөөд, үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл ямар ч хэлбэрээр өрнөж байх магадлалтай. 

Хамгийн аймшигтай нь төрсөн эцэг, хойд эхдээ зодуулж амиа алдсан гэх энэ охин шиг харамсалтай амьдралаар амьдарч, хохирсон хүүхэд өөр бий юу. Тэгвэл энэ асуултад Хүүхдийн төлөө Үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн  онд  гурван хүүхэд  ижил гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан байна. Мэдээж, олон нийт энэ талаар мэдээгүй, сонсоогүй. 
Хэрэв амиа алдсан энэ гурван хүүхдийн хэргийг асуудал болгон хүүхдийн төлөөх байгууллагуудад олон нийтийн анхаарлын төвд гаргаж тавьсан бол дахин нэг хүүхэд эцэг эхийнхээ гарт амиа алдахаас сэргийлж чадах байсан ч юм билүү.
Иймээс хамгийн гол асуудал бол гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэсэн гарцыг хайх юм. 
Үүний талд дараах хэдэн арга хэмжээг авах нь хамгаас чухал юм.

Энэ бол,
-Хөршийн холбоог сайжруулах. Зэргэлдээ оршдог айл өрхүүд хэн нэгнийг хүчирхийллийн золиос болгохгүйн тулд ямар нэгэн сэжигтэй зүйл боллоо гэхэд хуулийн байгууллагад ханддаг, санаа тавьдаг сэтгэлтэй байх хэрэгтэй юм. 
-Хорооны нийгмийн ажилтнуудыг ажлаа хийдэг болгох. Мэдээж, тэд ажлаа хийж байгаа. Гэхдээ л дутмаг. Зарим хорооны ажилтнууд өөрийнх нь хамаарах хороонд хичнээн өнчин ядуу хүүхэд амьдарч байгааг, хэд нь гэр бүлийн тогтворгүй байдалд өсөн торниж буйг тэр бүр анхааран авч үздэггүй. Иймээс хорооны нийгмийн ажилтнууд энэ асуудалд анхааран ажиллах нь хамгаас чухал юм. 
-Эцэг эхийг хариуцлагажуулъя. Үүний хамгийн тод жишээ бол саяхан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр анхаарлаа хандуулж, гэрлэх хосууд “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулах тухай захирамж гаргасан байна. Уг захирамж гарснаар, шинээр гэр бүл болон гэрлэлтээ батлуулахдаа гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага, өмчийн болон харилцааны тэгш эрхийг хангасан Хамтын хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр гэрлэлтийг албан ёсоор бүртгэж байхаар болж байгаа юм.  Энэ нь гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах, үнэ цэнийг бататгаж, гэр бүл салалт, түүнээс үүдэн гарах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Энэхүү “Хамтын хариуцлагын гэрээ”-нээс жишиг авч, улс даяараа хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.  
-Хүчирхийлэгч аав, ээж ах эгч нарт тооцох хариуцлагаа чангатгах.Үүний тулд холбогдох бүхий л хуулиудаа анхаарах. 
-Хүний эрх, хүүхдийн эрхийн тухай хууль конвенцуудаа сурталчилан таниулах зайлшгүй шаардлагатай. Ингэж байж л бид гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллээс бүхий л талаас нь  хамгаалах, бяцхан үрсийнхээ эрхийг баталгаажуулж, Ерөнхийлөгчийн “олуулаа” болох зорилго биелнэ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.