Тийм ээ, би өртэй хүн
Өнөөдөр Монголд өргүй хүмүүс гэвэл УИХ, Засгийн газрын гишүүд, яамдын хурган дарга нар, алт, нүүрс, зэс ухаж хөлжигсөд л байгаа. Бусад нь орон сууцны, авто машины, оюутны сургалтын төлбөрийн, цалингийн, тэтгэврийн гээд байж болох бүх өр зээлд өөрсдийгөө бариад өгчихсөн гудамжаар дүүрэн “Гуниггүй ядуус” пижигнэлдэж байгаа билээ.
 
Орон сууцны зээл бол ойлгомжтой. Ямар одот тэнгэрийн дор овоохой, урц ч үгүй овооролдолтой биш орох орон, оочих аягатай болох нь хүний хамгийн эхний зайлшгүй хэрэгцээ учир арилжааны хэдэн банкны үүдийг сахиж, оочирлож, дугаарлаж байгаад зээл тавьцгаасан.
 
Автомашины зээлийг аархал, атаархал хосолсон зээл гэж ойлгож болно. Монголчууд хүний доор орж амьдрах тун дургүй, ер нь удам судраараа тэр амьдралыг үзээгүй шахуу хүмүүс. Тийм ч учраас хөрш нь Солонгос машин аваад уначихвал хорондоо Японы “Приус” аваад уначихыг бодно. Харин хөрш нь машинаа сайжруулж, дунд гарын жийптэй болсныг хараад “За гайгүй дээ” гээд "Лексус-470” зээлээр авч унахаар өдрийн бодол, шөнийн зүүд болно. Мөдхөн зүүдээ биелүүлж мөрөөдлийнхөө “Лексус- 470”-ынхаа хаазыг тултал гишгэж, хөршийнхөө эхнэрийн духыг үрчийлгэнэ. Ингээд л өртөнгүүдийн тоо үржүүлэхийн хурдаар нэмэгдэнэ.
 
Гэхдээ өртөнгүүдийг зөвхөн хоёр өрөө байр, бандгар жийпний төлөө нүдээ гархилтал зээл тавигсад гэж хөнгөн хуумгай дүгнэвэл алдас болно. Тэдний араас дугаар хорооны тэтгэврийн хөгшин, нөхөр Дугарыг оруулахгүй бол тун муухай хүн чанаргүй, шударга бус явдал болно. Дугар гуай гуравхан жилийн өмнө байрныхаа хөгшчүүлтэй өдөржин 60 хар эргүүлж “Ёгзолдоржийн хөдөөнөөс, Ёнзон хамбын гадаанаас, Цайны сүүний гуйлгачин, Цалам барьсан дээрэмчин” хэмээн хоолойгоо сөөтөл гуншин хадааж, тэтгэврийн хэдээрээ жаалж явсан хөгшин байв. Тэгтэл өнөөдөр ‘‘Тэтгэврийн зээлтэй” хэмээн сулхан дуугарч, доогуур харсан шиг гэлдэрч явна. Улаанбаатар байтугай Монголын бараг бүх л хөгшид Дугар гуай шиг хоёр, гурван сараар нь тэтгэвэрээ урьдчилж аваад өр, зээлтнүүдийн эгнээнд эргэлт буцалтгүй хамрагдчихаад тийчилцгээж байгаа.
 
Гэтэл үнэндээ Тэтгэврийн зээл олгоход ямар ч судалгаа ордоггүй, зардал гардаггүй, арилжааны банкуудын мөнгө “цөм” хийдэг бас нэгэн “саалийн үнээ” болчихоод байгаа юм. Бараг газар дээр нь шийдээд өгчихдөг маш бага өртөгтэй зээл гэдгийг Дугар гуай хүртэл ухаж ойлгочихоод толгой цохисоор явахад бизнесийн зээл шиг адилхан өртөг тооцож, хүүгээр нь хүүдэгнэж байгаа арилжааны банкуудыг ер нь яалтай ч билээ.
 
Асуудал үүгээр дуусахгүй. Өнөөдөр бид цалингаасаа cap бүр нийгмийн даатгал төлдөг. Гэтэл бидний даатгалын мөнгөөр цэлэлзэж байх учиртай Нийгмийн даатгалын сан нь “Модоо бариад” нэлээн хэдэн жилийн нүүр үзсэн дуулдана.
 
Гэтэл тэтгэврийн зээл олгож буй арилжааны банкны төлөөлөл болох Төрийн болон ХААН банк нийгмийн даатгалын сангаас байршуулдаг эх үүсвэрийг нэмэгдүүлбэл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэдгээ мэдэгдэв.  Тодруулбал, өнөөдөр Нийгмийн даатгалын санд нэг их наяд орчим төгрөг эргэлдэж байгаа аж.
 
Үүний 815 орчим тэрбум төгрөгийг  арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр жилийн 10.7 хувийн хүүтэйгээр байршуулдаг. Тухайлбал, төрийн санд 84 тэрбум, Төрийн банкинд 157 тэрбум, ХААН банкинд 59 тэрбум, Капитал банкинд 209 тэрбум, Улаанбаатар хотын банкинд 178 тэрбум, Голомт банкинд 29 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд долоон тэрбум, Капитрон банкинд 13 тэрбум, Чингис хаан банкинд 54 тэрбум, ХАС банкинд 918 сая, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 тэрбум төгрөг хадгалуулсан байгаа юм.

Гэтэл ХААН банкны тухайд Нийгмийн даатгалын сангаас ердөө 59 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй хэрнээ нийт тэтгэвэр авагчид буюу 340 гаруй мянга гаруй хүний 142 мянгад нь тэтгэвэр олгогддог гэсэн. Дээрх хүмүүсийнх нь 80 орчим хувь нь тус банкнаас тэтгэврийн зээл авдаг юм билээ. Тиймээс зээлийн эх үүсвэр болох Нийгмийн даатгалын сангаас байршуулж буй мөнгөн дүн нэмэгдэх юм бол тэтгэврийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэнэ.
 
Ийм л нэг өр зээлийн гинжин хэлхээнд бид дөнгөлөгджээ. Тийм ээ, бид өртэй хүмүүс.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • фцужэнгшоүлд 2015-03-11 13:13:41
    за шаа2, мэдрэл муутай юм бичих юм. хүн наад захынхаа хэрэгцээг хангахын тулд л зээл авч байгаа. хажуу айлын хүндээ атаархаад байх юм байхгүй. т1 гар вэ энэ чин...
    202.21.106.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-03-11 08:50:37
    Капитал банкинд 209 тэрбум - B.UNDARMAA-D BELEG BARIJ BAIGAA YUM UU MAN ????
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах