Өглөө бүр сануулж байх ёстой Шилэн дансны хуулийн хэрэгжилт
Энэ оны эхний өдрөөс л Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. "Өглөө бүр сануулж байх ёстой" тус хуулийн хэрэгжилт  тийм ч сайнгүй байна. Гэхдээ муу хэрэгжиж байна гэж болохгүй. Учир нь УИХ-ын гишүүд хэчнээн хэмжээний мөнгийг юунд зарцуулж байгааг сайн харуулжээ. Ялангуяа гуравдугаар сарын мэдээлэлд илхэн байна. Харин өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын тайланг сайн тусгаж өгөөгүй байна. 

Харин хуулийг анхлан санаачилсан Ерөнхийлөгчийн тамгын газрын шилэн данс муу хэрэгжиж байна гэхэд хилсдэхээргүй байна. Учир нь shilendans.gov.mn-рүү орж таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ рүү орж харахад нэгдүгээр сард ямар ч орлого, зарлага гараагүй байна. Харин хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100 ба түүнээс дээш настай ахмад настанд гардуулах гарын бэлгийн дээлийн даавууны үнэ гэж 18 сая 992 төгрөгийг Ашид нэхмэл ХХК руу явуулсан бол найман сая 460 мянган төгрөгийг 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өгөх бэлгэнд зарцуулжээ.  Мөн 79 сая 760 мянган төгрөгийг байр ашиглалтын зардалд шилжүүлжээ. Гуравдугаар сард Ялалтын 70 жилийн ойд зориулж таван сая төгрөг шилжүүлсэн байна. Ердөө ийм л гүйлгээ байна. 

Иргэд Шилэн дансны хуулийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа юм. Гудамжинд таарсан хүмүүсээс асуухад ихэнх нь сайн мэдэхгүй, энэ сайт руу орж үзээгүй гэх нь байсан юм. Мөн Шилэн дансанд холбогдож мэдээллээ тавих ёстой байгууллагууд ч бүрэн ороогүй байгаа аж. Бүртгэлийг хариуцаж байгаа  "Үндэсний дата төв"-өөс тодруулахад “Нийт 10 мянга гаруй байгууллага бүртгүүлэх ёстойгоос долоон мянга нь бүртгүүлээд байна. Бүртгүүлсэн байгууллагууд өөрсдөө мэдээллээ сайтдаа оруулах ёстой” гэв.

Гэхдээ хуулийн хэрэгжилтийг манлайлан оролцож байгаа байгууллагууд байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар гээд нэрлэвэл олон. Мөн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа Сангийн яам өөрийн цахим хуудас дээрх Шилэн данс цэсийг үлгэр жишээ ажиллуулж байгаа харагдлаа. 

Энэ мэтээр иргэд, ААН-үүд төсөвт байгууллагын дансыг “шилний” цаанаас ил тод, дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар харж, хянах боломж бүрдсэн байна. 

Одоогийн байдлаар ихэнх томоохон байгууллагын 2015 оны төсөв, гүйцэтгэл нэгдсэн цахим хуудаст орчихсон байгаа тул хүссэн хүн бүр орж үзэх боломжтой. 

Иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа зарим яамдын тайланг хүргэе. Монгол УИХ-ын тамгын газар 103 сая 272 мянга 696 мянган төгрөгийг байр ашиглалтын зардал гэсэн гүйлгээний утгатайгаар Төр засгийн ҮЭГ шилжүүлжээ. Хоёрдугаар сараас нэлээд их мөнгөн дүнд эргэлдсэн. Ихэнх нь УИХ-ын гишүүдтэй холбоотой байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Л.Цог, Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин, Д.Сумъяабазар, Н.Номтойбаяр, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүд тойрогтоо ажиллах, хэвлэлтийн зардал гэсэн нэрээр 5-90 сая төгрөг хүртэлх төгрөгийг зарцуулжээ.  Гуравдугаар сард ч энэ мэт зардлууд хөвөрнө. 
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэгдүгээр сард 270 сая 24 мянга 435 төгрөгийг байр ашиглалтын үйлчилгээний санхүүжилт  гэсэн утгатайгаар Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүлжээ. Мөн 12 сая 157 мянга 151 төгрөгийг Төрийн түүхийн музей руу шилжүүлсэн байх юм.  Хоёр, гуравдугаар сард ямар нэгэн орлого зарлага хийгдээгүй байна. 

Байгууллагуудын тухайд ийм байна. Харин УИХ-ын гишүүдийн мөнгөний зарцуулалт арай л хэтэрхий гэмээр өнгөтэй байлаа. Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үе эхлээгүй байхад сурталчилгааны зардал гэж 30-90 сая төгрөг хүртэлх төгрөг зарцуулсан байна.  

Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-03-16 08:18:00
    5сая төгрөгөөс дээш гүйлгээ гарвал л байршуулна шүү дээ
    202.179.8.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-12 03:46:06
    Наад УИХ-ын гишүүд чинь шууд утгаараа дээрэмчин, луйварчид, дээрэмчид шүү дээ.
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах