Ашигт малтмалын хуулийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, эхлээд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах болон найруулгын засвар хийхээр ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлахад, тогтоолын төслийн хавсралтын 1.1 дэх дэд заалтын “хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй байх” гэснийг “хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлэх замаар зохистой түвшинд болгох” гэж өөрчлөн найруулах болов. Мөн тогтоолын хавсралтын 1.3 дахь дэд заалтыг “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.


Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэх үүднээс энэ хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав.

Улс орны аж үйлдвэр, гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, улсын болон орон нутгийн төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурал өмнөх чуулганаараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталсан. Түүнчлэн алтны худалдаанд ил тод байдлыг хангах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зохих өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан. Иймээс Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Уул уурхайн сайд дурдав.

Нийтдээ зургаан зүйлтэй энэ хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр томъёог өөрчлөхөөр тусгажээ. Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгуулагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байх, хуульд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх, геологи хайгуулын ажлыг бүрэн хийдэг болгохын тулд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд уг зөвшөөрлийг бусдад бүхлээр нь болон хэсэгчлэн шилжүүлэхгүй байх, мөн энэ өдрөөс хойш 3 дэх жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 10 хувийг, 6 дэх жилд үлдсэн талбайн 20 хувийг буцаан өгдөг болох зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм.
Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар саналаа хэлж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хороо дараа нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар энэхүү тогтоолын төслийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав.
Ашигт малтмалын тухай хуулиар “Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах” нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд, “тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар заажээ. Мөн хуулийн 4.1.11-д ““Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, мөн тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод хамааруулах боломжтой орд гэж баталжээ.

Уул уурхайн сайдын 2012 оны 85 дугаар тушаалаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нэмж хамааруулах ордыг судлан асуудал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 39 орд, түүнчлэн 2007 оноос хойш хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон томоохон 25 ордыг судалснаас ашигт малтмалын төрөл, нөөц, чанар, дэд бүтцийн байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг үзүүлэлтийг харгалзан зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах саналыг боловсруулсан юм байна. Мөн стратегийн орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын ордын залгаа жигүүрээр бүртгүүлж буй нөөцийг стратегийн ордын үргэлжлэл гэж үзэх, ордыг иж бүрнээр ашиглах асуудал чухал байгааг харгалзан тогтоолд энэ асуудлыг тусгасан байна.

Иймээс “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дугаар зүйл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал бүхий “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Харин байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн талаарх Уул уурхайн сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулах явцдаа тогтоолын төслийг өргөн барьснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж гарсан тул тогтоолын төслийг бодлогын баримт бичигтээ нийцүүлэх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэх горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.