Д.Арвин гишүүн төрөх эмнэлгээр шоу хийжээ
Төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал сүүлийн жилүүдэд манай  улсын хамгийн ихээр тулгамдсан асуудал болоод байгаа. Саяхан гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан манай улсын хүн амын хөгжил цонх үе дээрээ ирсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа. Тиймээс  энэ үед эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж аль болох хүн амаа өсгөх бодлого баримтлах нь манай улсын хөгжилд тустай.

Гэвч манайд төрөх эмнэлэг  хүрэлцээгүйн улмаас эхчүүд гудамжинд амаржсан тохиолдол ч гарсан. Эрх баригчдын зүгээс уг асуудалд хойрго хандаж ирснийг  олон жил төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж өгөхгүй гацаасан төрөх эмнэлгийн барилгуудаас харж болно. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн ням гараг буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийн өргөтгөл болох 150 хүний ортой төрөх эмнэлэг ашиглалтад орно хэмээгээд байсан.

Олон эхчүүд эмэгтэйчүүдийг баярлуулсан энэхүү үйл явдлыг УИХ-ын гишүүн Д.Арвин олонд зарлаж өөрийн биеэр очиж төрөх эмнэлгийн ажилд туслан, цэвэрлэгээ хийж буй зураг бүх л хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаж байсан. Тэгвэл эрхэм гишүүний энэ үйлдэл зөвхөн шоу  байжээ. Учир нь тус төрөх эмнэлэг ашиглалтад орох яагаа ч үгүйгээр барахгүй барилгын ажил нь ч бүрэн гүйцэт дуусаагүй байсан юм.

Аливаа барилга байгууламж ашиглалтад ороход бүх зүйл 100 хувь бэлэн болсон байх ёстой. Гэвч шинэ төрөх эмнэлгийн хувьд барилгын ажил нь дуусаагүй  цэвэрлэгээ хийгдээгүй, тохижилтын ажил нь зуун задгай байдалтай байгаа. Түүнчлэн энэ барилгыг бүрэн гүйцэт дууссаны дараа улсын комисс хүлээн авах учиртай. Харин үүний дараа эмнэлгийн тоног төхөөрөмжөө суурилуулан эхчүүдийг хүлээн авна. Гэвч шинэ төрөх эмнэлгийн тоног төхөөрөмжинд зориулсан төсөв батлагдаагүй хэмээн эх сурвалжууд хэлж байна. Тэгэхээр энэ эмнэлэг энэ жилдээ амжиж ашиглалтад орох эсэх нь тун эргэлзээтэй.

Бодит байдал ийм байхад эрхэм гишүүн шоу хийж явахынхаа оронд  тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө мөнгийг шийдвэрлэх гарц хайсан нь эхчүүдэд илүү дээр байх байж дээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.