Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Тус Байнгын хорооны дарга Д.Батцогт хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул энэ удаагийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей даргалан явуулав.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд орсон “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /төрөөс 2014-2024 он хүртэл боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай/-ийг хэлэлцэх эсэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр уг асуудлыг хоёр долоо хоногоор хойшлуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Учир нь тогтоолын төслийн агуулгатай сайн танилцах шаардлагатай байгаагийн зэрэгцээ энэ хугацаанд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулж нухацтай ярилцах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Үүний дараа Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, гишүүдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, А.Бакей, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, Ё.Отгонбаяр нарыг томилсон байна.
Бусдад түгээх
  • gplus