Монгол хүн бүрийн цусанд нум сум харвах авьяас бий
Их эзэн Чингис хаан 1225 онд Сартуул улсыг дайлаар мордож ялаад эх нутгийнхаа зүг буцах замдаа цэрэг, морьдоо амрааж их наадам хийсэн байдаг. Энэ үеэр хар­валтын тэмцээнд Хавт хасар жанжны хоёр дахь хүү Есүнхэй мэргэн 335 алд газарт харван түрүүлж байжээ. Хэрэв нэг алдыг 1.5 метр гэж үзвэл 502 метр хол байг харвасан гэсэн үг юм. Тиймдээ ч эзэн Чингис хаан Есүнхэйн эл амжилтад бахархан 1226 онд өргөн мөрний хөндийд гэрэлт хөшөө босгосон гэдэг. Харамсалтай нь цагийн аясад тэрхүү уламжлал, ёс жаяг алдагдаж байгаа та­лаар харваачид ярьж байна. Тиймээс энэ удаа­гийн “Өглөөний зочин” буландаа Монгол нум сум суд­лах үндэсний төвийн тэр­гүүн, доктор профессор Ж.Бадамсүрэнг урьж ярилцлаа.

-Саяхан Монголын уламж­лалт харваачдын хол­бооны дэргэд Монгол нум сум судлах үндэсний төв гэж байгуулагдлаа. Гэ­тэл та бүхний амнаас “Мон­гол нум сумны уламж­лал алдагдлаа” гэх утгагүй үгс л унаад байх юм. Яагаад тэр вэ?

-Монголчууд бид дэлхийн өв соёлд маш их хувь нэмэр оруулсан хүмүүс. Үүний нэг нь Монгол нум сумны соёл юм. Монгол эр хүн болгон бөх барилддаг шиг нум сум харвах авьяас бидний цусанд бий. Харамсалтай нь тодорхой түүхэн нөхцөл байдлын улмаас монголчууд бид харваа, нум сумны уламжлалт соёлоо алдаад байна.

-Уучлаарай, ойлгосон­гүй. Тодорхой түүхэн нөх­цөл байдлын улмаас гэж та яг юуг хэлээд байна вэ?

-Манжийн үеэс Монгол хүний генд байдаг дайчин уламжлалыг алдагдуулж, номхруулахын тулд маш их арга хэмжээ авч байсан гэдэг. Хамгийн наад захын жишээ л гэхэд буддын шашны дотроос хорхой шавьж хүртэл алдаггүй номхон, хүлцэнгүй шарын шашныг хүчээр сонгон авч дэлгэрүүлсэн шүү дээ. Үнэндээ бидний гол зэвсэг нум сум байсан. Шуудхан хэлэхэд монголчуудыг дэл­хийн талыг эзлэхэд морь, нум сум хоёр асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүхээс харж байхад монголчууд морин дээрээсээ нум сум харвадгаараа бусад улсаас ялгардаг бай­сан юм билээ. Нум нь гэхэд л уртагчин, эртэгчин, төмөр ширхэг гээд янз бүрийг хэрэглэдэг байж. Харин зэр сум нь 40-50 төрлийнх байсан байгаа юм.

Гэтэл Манжийн бод­логоор тэрхүү уламжлал, соёл алдагдаж өнөөдөр ганц төрлийн нум хэрэглэж байна. Мөн ганц л төрлийн годил гэж нэрлэдэг сум хэ­рэглэдэг болсон байна шүү дээ. Иймээс л тэрхүү түүхэн уламжлалаа сэргээе, нум сум харвах ёс жаягаа хад­­галж үлдээх үүднээс Мон­голын уламжлалт хар­ваачдын хол­бооны дэргэд Монгол нум сум судлах үндэсний төв байгуулагдсан.

Нөгөөтэйгүүр манай улсад нум сум хийдэг маш цөөхөн хүн бий. Ерөөсөө л 5-6-хан байдаг. Яг үйлдвэрийн журмаар хийж байгаа нь хоёрхон газар.

Харамсалтай нь өнөөдөр Монгол хуучны хийцийн биш Монгол-Манж загварын нум сум хийж байна. Үүнээс нь болж бид нум сум харваагаа “ЮНЕСКО”-д бүртгүүлээгүй явна шүү дээ.

-Цаашид Монгол нум сум судлах төв яг ямар үйл ажиллагаа явуулахаар тө­лөвлөж байна гэсэн үг вэ?

-Бид хэд хэдэн зорилго тавьсан. Хамгийн эхэнд одоо харваачдын хэрэглэж байгаа Монгол-Манж хийцийн 200-300 жил харвасан нум сум­наас гадна эртний үед хэрэглэж байсан нум су­мыг сэргээн босгох ажлыг хийхээр төлөвлөөд байна. Ингэхийн тулд түүхээ маш сайн судлах ёстой. Гэхдээ энэхүү судалгааг ганц байгууллага хийж ча­дахгүй. Харваачдаас гадна Архелоги, Физик, Хими технологийн хүрээлэн, нэр­­­тэй түүхчид гээд бүгд хам­рагдаж, хамтран ажил­­лах шаардлагатай бай­на. Ингэснээр дэлхийг байл­дан дагуулж байсан тэр нум сумаа сэргээх бол­но.

Мөн эрт дээр үед зо­хион байгуулдаг байсан олон төр­лийн харвалтын тэм­цээнийг сэргээнэ. Хамгийн наад зах нь зэв нүүлгэх тэмцээн байна. Энэ нь хэн хамгийн хүчтэй, хамгийн хол харваж бай оносон нь ялагч болдог. Түүхэнд тэмдэглэснээр 1225 онд Есүнхэй гэж мэргэн 335 алд газрын холоос бай харвасан байдаг юм билээ. Зөвхөн үүнээс л гэхэд Монгол нум сумын гайхамшиг харагдаж байна. Гэтэл өнөөдөр 600 метрийн зайд бай онох хүн хэд байгаа бол. Үнэнийг хэлэхэд бид 75 метр газарт л бай харваж байна шүү дээ.

Түүнчлэн далдын дайсан харвах гэдэг тэмцээн байна. Байг жалга довны цаана хийж байгаад 40-50 метрийн зайнаас хар­вадаг. Харваачид нь байгаа урьдчилан харж их бууны далдын буудлага шиг харвадаг наадам юм. Энэ бол дэлхийн хаана ч байдаггүй тэмцээн байж. Энэ мэтчилэн судалж уламжлал болгон зохиогд­дог байсан наадам, тэмцээ­нүүдийг сэр­гээхээр ажиллаж байна.

-Нэг үеэ бодоход залуус сур харвааг сонирхож эхэл­сэн шиг санагддаг. Харин төр засгаас хэр анхаардаг юм бол. Хөрөнгө мөнгөний хөшүүргийг нь санаанд тань хүртэл хийж өгч чадаж байх юм уу?

-Яах вэ, болж л байна. Өмнөхөө бодвол залуус их сонирхож эхэлсэн нь анзаа­рагддаг. Гэхдээ наадам бо­лоход харваачид маань жаа­хан гомддог шиг байгаа юм. /Инээв/

-Юунд тэр вэ?

-Үндэсний бөх, хурдан морио бодвол бай, шагнал нь бага шүү дээ. Тиймээс төр засгаас анхаарах шаард­лагатай гэж хэлэх байна. Хэ­дийгээр төр засгаас анхаар­­даг ч тийм сайн хө­шүүрэг өгч чадахгүй л байх юм.

-Тийм зүйл ажиглагдах нь ч ажиглагддаг шүү. Та түрүүн нум сум хийх дархчуудын тухай дурьдаад өнгөрлөө шүү дээ?

-Бид хамгийн эхэнд XIII-XIV зууны үед хэрэг­лэж байсан архелогийн дурс­галуудыг сэргээхээр ажил­лаж байна. Ингэхийн тулд судалгаагаа хийнэ. Да­раа нь бид зургаа гаргана. Ингэснээр төвийнхөө дэргэд байгаа дархчуудыг сургах бодолтой байгаа. Түүний дараа аймаг, сум болгоноос нум сум хийх сонирхолтой залуусыг авч ирж хэд хэдэн сургалтад хамруулна.

-Аймаг, сум бүрт дор хаяж нум сум хийдэг нэг дархан байх нь. Тэдний цалин хөлсний асуудлыг яаж зохицуулах вэ?

-Бид зөвхөн сургана. Харин тухайн дархан өөрийн нутагтаа ямар үнээр нум сумаа хийж, хэдэн төг­рөгөөр зарж борлуулах нь өөрсдийнх нь асуудал. Энд нэг зүйлийг зориуд хэлэх байна. Бид одоо хэрэглэж байгаа Монгол Манж нум сумаа ад үзээд байгаа юм биш. Өмнөх уламжлалаа сэргээж, сур харвааныхаа соёлыг нийслэл гэлтгүй аймаг сум, багийн хэмжээнд хэрэглэдэг, мэддэг болгохыг зорьж байна.

-Тэгвэл сур харваагаар хичээллэх нь хүнд ямар ач холбогдолтой юм бэ?

-Нум сум тэлэхэд хү­ний биеийн бүх булчин ажилладаг. Жинхэнэ хар­вааг дэлгэрүүлээд ирэхээр морин дээрээс харвадаг болно. Ингэхээр хүний бүх булчингаас гадна тархи хөгжинө л дөө. Бүх талын л авьяас чадвар шаардана. Бас нүдний хараа зэрэгт сайн.

-Ингэхэд хамгийн эрт­ний олдвор хэдий үеийнх байна?

-Ховд аймагт байдаг. Можогийн хадны зураг гэж бий. Тэр нь 7-12 мянган жилийн өмнө анх нумаар харваж байгаа дүрс байдаг юм. Хүннүгийн үеийн мо­доор хийсэн нум сум бас байдаг л даа. Маш их олдож байгаа. Энэ бүх архелогийн баримтаар тулгуурлаж, нум сумаа шинэчилж хийх бо­долтой л явна даа.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэвэлсүрэн 2017-04-13 16:11:31
    Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл ямар ном сурах бичиг байгаа вэ