Очирт Аюулган үйлдэгчийн нууцад зочиллоо
Дэлхийн улс орнууд Олон улсын музейн өдрийг 1977 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл Монгол Улс 20 жилийн дараа буюу 1997 оны тавдугаар сарын 18-наас Олон улсын музейн өдрийг тэмдэглэх болсон байна. Музейн өдрийн хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт байдаг Жигжид/Ямандаг/ бурханы хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэн иргэд түмэндээ үзүүлж байгаа аж.  Ингээд Ямандаг буюу Жигжид бурханы хосгүй үнэт бүтээлүүдийг сурвалжлахаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг зорилоо.

 Гайхамшигт бүтээлүүдийг танилцуулахаас өмнө Ямандаг буюу Жигжид бурханы талаар товч сийрүүлье

Оюун билгийн бурхан Манзушрийн догшин дүр юм. Тийм ч учраас Ямандаг бурханы есөн тэргүүний хамгийн дээд талд Манзушри бурханы бага зэрэг уурласан шар өнгийн тэргүүн байдаг. Ямандаг хэмээх үг нь самгарид үг бөгөөд төвдөөр Шинжэ шэд, монголоор "Эрлэгийн яргачин" гэж утгачлан тайлбарлах нь бий. Харин Важра Бхайраба буюу Монголжсон дуудлагаар Базар бэрава, төвдөөр Базар Жигжид гэдгийн хувьд ёгт нэрээр алдаршсан хэрэг. Энэ үгийн Монгол хэлнээ орчуулбал Айлган үйлдэгч болно. Ямандаг гэдгийн Яма нь Эрлэгийг хэлж байгаа ба Яма-г номхотгоод зуурдын оронд нас барагсдыг үнэн зөвөөр нь шүүн захирах эрх олгосон тул ийнхүү алдаршжээ.
 

 
Ямандаг бурхан нь хар хөх лагшинтай, есөн тэргүүнтэй, гучин дөрвөн мутартай арван зургаан өлмийтэй, баруун талын найман өлмийгөө гадагш жийсэн, зүүн талын найман өлмийгөө гадагш жийсэн байдлаар өмнөө дагина Доржролонмааг тэвэрч босоо дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дээр оршино.
 
Төрх байдлыг нь ерөнхийд нь дэлгэрүүлэн тодорхойлбол  гурван ертөнцийг агшин зуур туулах ба амаа ангайж, хэл нь хуйларч унжсан, дөрвөн соёо болон шүднүүд нь маш хурц, нүүр царай нь сүртэй догшин, хөмсөг бас сахлаас нь гал бадарсан, гэзэг үс нь дээшээ сэгсийн боссон, ертөнцийн ба ертөнцөөс гэтэлсэн сахиус, тэнгэр нугуудыг айлган, заналга үйлдсэн, хортныг хараад хөнөөн тонилгох чадалтай хүчит дуугаар даргилан дуугарч, ердийн үедээ өөрийн язгуур үсэг болох "хум" тарнийг давтан уншдаг.
 
Өмнөө дагина Доржролонмааг тэвэрсэн байдлаар орших бөгөөд энэхүү дагина нь нууц тарнийн хум (бам) хөрөнгө үсэгнээс үүсч бий болсон эх бурхан юм. Биеийн өнгө зарим ёсонд хөх цэнхэр зарим ёсонд улаан байна. Эцэг бурханаас биеэр бага, догшин, нүцгэн, эм дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун мутартаа таван үзүүрт очирт иштэй дэгүг, зүүн мутраараа цустай гавал барьж, эцэг бурханы хүзүүний баруун талаас тэвэрсэн байна. Түүний тэргүүнийх нь чимэглэл хуурай цагаан таван гавалтай, хүний ясан хорол ээмэг, хоолойвч, бугуйвч, бүс болон таван ясан хөлөл зэрэг байна. Баруун хөлөө эцгийн зүүн хөлийн хамт жийсэн, зүүн хөлөө эцгийн баруун хөлний дээд хэсгээр ороож тэвэрсэн байна гэж танилцуулжээ.
 
Ер нь Ямандаг бурханыг нууц тарнийн төгс гэгээрэлд хүрэх Ядам бурхан гэдэг. Өөрөөр хэлбэл бясалгал, оюун ухааны гэгээрэлд хүрэхийг Ямандаг бурхан даатгадаг байна. Тиймээс ч арван хангал бурханы хамгийн тэргүүнд Ямандаг бурхан байдаг.
 
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2014 оны тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 16-ны өдрийг хүртэл  Очирт Аюулган үйлдэгчийн/Монголоор Жигжид бурхан ингэж нэрлэдэг/ нууцыг олон түмэнд дэлгэн харуулж байгаа юм. Энд зөвхөн Монгол урчуудын хийж чадах бүтээл дэлгэгдсэн гэдгийг Дүрслэх урлагийн музейн ажилтан, Урлаг судлалын докторант Ц.Хандмаа тайлбарласан юм. Түүнээс Ямандаг бурхан болоод музейд дэлгэсэн бүтээлүүдийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Олон улсын музейн өдөр зориулж Ямандаг буюу Жигжид бурханыг дүрсэлсэн ховор нандин бүтээлүүдээ дэлгэн тавьжээ. Үзэсгэлэн нийт хэчнээн бүтээл байгаа вэ?
- Нийтдээ 100 гаруй Ямандаг бурханыг дэлгэн тавьсан байна. Дүрслэх урлагийн төрөл зүйл болох шүтээн зураг, цутгамал урлаг, бар зураг, шавар зэрэг олон төрлөөр бүтээгдсэн догшин дүртэй арван хангал бурхадын нэг болох Ямандаг бурханы дүрийг дэлгэсэн юм. Эдгээр бүтээлүүдийн бүгд 17-20 дугаар зууны хосгүй үнэт өв юм.  Энэ ч утгаараа элэгдэж хуучиржээ.

-Урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан гэдэг шиг Жигжид нь юуны бурхан вэ?
-Нууц тарнийн төгс гэгээрэлд хүрэх Ядам бурхан юм. Өөрөөр хэлбэл бясалгал, оюун ухааны гэгээрэлд хүрэхийг Ямандаг бурханд даатгадаг. Тиймээс ч арван хангал бурханы хамгийн тэргүүнд Ямандаг бурхан байдаг. Монголчууд бол Жигжид бурхан гэж нэрлэх нь бий.

-Эдгээр бүтээлүүдийг өмнө нь олон нийтэд дэлгэж үзүүлж байгаагүй байх. Нэн ховор бүтээлүүд болохоор тэр үү?
- 17-20 дугаар зууны хосгүй үнэт өв бүтээлүүд гэж дээр хэлсэн. Анх удаагаа олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Олон улсын музейн өдөр болон орчин цагийн музей үүсч хөгжсний 90 жилийн ойд зориулж сан хөмрөгөө ууталж байгаа юм. Тэгээд хосгүй үнэт бүтээлүүдийг дан ганц хадгалаад байх бус бусад үзүүлж, Монгол шүтээний урлаг ямар гайхамшигтай, ур чадвартай гэдгийг харуулахыг зорьсон юм.

- Өнөөдөр дэлгэн тавьсан гайхамшигт бүтээлүүдээс танилцуулахгүй юу?

Хот мандал, Ямандаг нагтан зураг


Хар өнгийн дэвсгэрт дээр алтан будгаар уран гоёмсогоор зурсан Ямандаг бурхан болоод Хот мандал тун ховор байдаг аж. Шүтээн зургийн нэг гол төрөл болох хот мандал нь бясалгал гэгээрэлийн мөн чанараар бүтээгддэг орон шүтээн юм. Нагтан зургийн төрөл гэдэг нь хар өнгийн дэвсгэр дээр өнгө явган эсвэл нэг өнгөөр/алтаар/ зурах арга юм. Энэ аргаар 17-19 дүгээр зууны Монгол зураачид олон бүтээл туурвисны нэг нь Очирт Аюулган үйлдэгчийн хот мандал юм.

1992 оны 9 дүгээр сарын 17-нд Далай лам өөрийн биеэр ирж, Ямандаг бурханы тахилга ном ёслолыг хийсэн байдаг. Ямандаг бурханы номын тахилга, шидийг үзүүлэхийн тулд хоёроос гурван өдрийг зарцуулдаг. 90-д онд Далай лам ирэхдээ хоёр цагийн дотор Ямандаг бурханы мандал зан үйл, тахилгыг хийж байсан байна.

Дараагийн нэгэн сонирхолтой бүтээл бол Ямандаг бурханы хүрэл цутгамал, алтаар шарсан.


Энэ бүтээл мөн л 19 дүгээр зуунд бүтээгдсэн. Шарын шашин төвдөөс орж ирсэн гэдэг ч Монголчуудын бурхан бүтээх, урлах нь давтагдашгүй гэдгийг дээрх хүрэл цутгамалаас харж болно. Маш уран нарийн хийцтэй, жижиг чимхлүүр ажлыг тун гайхамшигтайгаар гүйцэтгэжээ.



ОЧИРТ АЮУЛГАН ҮЙЛДЭГЧ
Бүтээгч: уран Сүрэн XX зуун
Модон сийлбэр, шороон будаг, алтан боронз

"Уран” гэж алдаршсан Сүрэн сийлбэрчийн модоор шороон будгаар өнгө ялган урласан энэхүү бүтээл уламжлалт Монгол хийцээр бурхан шүтээний зориулалттай бүтээгдсэн үнэт үзмэрүүдийн нэг билээ. Энэхүү бүтээлийг 1966онд музейн үзмэр үнэлэх, худалдан авах комиссын шийдвэрээр бүртгэлд авсан түүхтэй.

19-20 дугаар зуунд Ямандаг бурханыг дүрслэх урлагийн маш олон төрлөөр бүтээж байсны нэг нь энэхүү Уран Сүрэн гэх хүний модон сийлбэр юм. Харамсалтай нь уран Сүрэн гэх хүний талаар мэдээлэл тун ховор байдаг.



Ямандаг бурхан Шарын шашинг голлон шүтэх болсон бөгөөд Тахилга Монгол даяар түгээмэл байдаг тул сүм хийдэд энэ бурханыг гол шүтээнээ болгожээ. Аливаа хийд нэг Ядам, нэгээс хоёр Чойжин сахиусыг гол шүтээнээ болгосон байдаг. Түүний 16 бойв буюу хөл нь шашны 16 хоосон чанарыг билэгдэнэ. Энэ нь жилийн 12 сар, дөрвөн улирлын хамт 16 болохтой холбоотой. Баруун хөлийн дор хүн тэргүүтэй найман амьтан, зүүн хөлийн дор хэрээ тэргүүтэй, эд баялгийн тэмдэг шувуу Эсруа тэргүүтэн тэнгэрийг гишгэсэн нь тэнгэр газраас ертөнцийн гурван бүхэлд нь захирахыг билэгддэг. 


ОЧИРТ АЮУЛГАН ҮЙЛДЭГЧИЙГ ДҮРСЭЛСЭН БҮТЭЭЛҮҮД
XIX зуун Барын дардас, торго
Хот мандалын төвд Жигжид бурхан, тойрсон найман нүдэнд Жигжид бурханы найман дүр заларна. Дөрвөн их үүднээ нэг тэргүүн, хоёр мутартай Жигжид, нийт арван гурван Жигжид юүмийн хамт оршжээ. Түүний гадуур таван өнгийн дагнаасан, чимэг сэлт бүхий дөрвөлжин, эрдэнийн давхаргатай. Дөрвөн зүгт дөрвөн их үүд хооронд үүл, тэнгэр, бурхад, жанцан, элдэв тахилтай найлзуур мод болон дэвүүр бүхий бумба, өргөл тахилын зүйлс байна.

Хот мандал нь гадна талаараа бадам цэцгийн дэлбээ, очир, гал болон үхээрийн газар бүхий Дөрвөн давхар хүрээтэй. Бүтээлийн төв дээр Богд Зонхов хоёр шавийн хамт заларч, түүний баруун талд Улаан сахиус, зүүнтээ баян Намсрай бурхан байна.Баруун, зүүн доор догшин тахил өргөж, доогуур нь Эрлэг номун хаан, зургаан мутарт Гомбо, Балданлхам бурханыг хоёр дагуулын хамт дүрсэлжээ.

ОЧИРТ АЮУЛГАН ҮЙЛДЭГЧ  XIX зуун
Шавар, цаасан шуумал, шороон будаг
Нэр нь үл мэдэгдэх урлаачийн бүтээсэн уг бүтээлд Ямандаг бурханыг гол дунд дүрслээд зүүн дээд буланд Дамдинчойжоо, дээд голд зургаан мутарт ун дээд буланд Цагаан Итгэл буюу Гонгор, голд нь Ямандаг бурханы баруун талд Цогт охин тэнгэр, баруун талд Чагши Гомбо, Баруун талд Чагши Гомбо, зүүн доод буланд Намсрай, голд улаан сахиус Жамсран, баруун доод буланд Данжин догшид сахиусуудыг уул, ус тэгширсэн үзэсгэлэнт байгаль дунд байгаагаар дүрсэлжээ.

Энэ мэтийн Монгол хүний ур ухааны шингээсэн дахин давтагдашгүй цорын ганц бүтээлүүд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдсэн байна. Цорын ганц гэдэг утгаараа фото зураг авах хориотой байлаа. Тиймээс үзмэрийн танилцуулга бүхий хуудас болон интернэт ашиглан дээрх зургуудыг нийтлэлдээ шигтгэлээ. Монголд торгоны замаар бурханы шашин орж ирсэн түүх байдаг. 19-20 дугаар зуунд Монголд бурхан шүтээний урлаг оргилдоо хүрсэн байна. Энэ үед дээрх хосгүй бүтээлүүд төрж байжээ. Тиймээс ч  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон сан хөмрөгөөс гаргаж тавьсан эдгээр 100 гаруй үзмэрүүд урьд нь хэний ч өмнө дэлгэгдэж байгаагүй сонирхол татсан юм. Хэдийгээр тоос тортог дарж, элэгдэж хуучирсан ч гэсэн шүтээн урлагийнхаа түвшин хосгүй гайхалтай, үнэлж баршгүй бүтээлүүд байлаа.  /Хосгүй үнэт бүтээлүүд нь гадагшаа үзмэрт явахгүй байрыг нь өөрчлөхгүй байлгаж хадгалах ёстой үнэт зүйлс ордог. /

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-29 06:34:29
    Урлагийн бүтээл талаас нь бичсэн байхад юун лам бэ? Өөрийнхөө тэнэгийг харуулах юмаа , Юмыг дандаа сөрөг өнцгөөс харах нь чамд өөрт чинь л ....................
  • zochin 2014-05-29 05:57:10
    zowoh cagt lam targan zudtai cagiin nohoi targan gej muhar susegten lam nariig hotoos huuj gargawal taarna, ter uuliin muhartaa hiideeree baidgiin baigaaz