Т.Ариунаа: Хүүхдийн бүтээл цаанаасаа л бүтдэг жамтай

Эзэнтэй дуу” булангийнхаа дугаарын зочноор гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунааг урилаа. Түүнтэй “Нарны хаан хүүхэд” дууных нь бүтсэн түүхийн тухай ярилцсан юм.

-Удахгүй эх үрсийн баяр болох нь. Танд баярын мэнд хүргэе?            

-Баярлалаа. Монголынхоо мянга мянган хүүхэд болон тэднийг төрүүлсэн ээжид нь танай сониноор дамжуулаад баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

-Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өглөө “Нарны хаан хүүхэд” дуу эгшиглэдэг. Танд энэ өдөр дуулаач гэсэн санал их ирдэг үү?

-Манай телевиз, радио болон албан байгууллагаас дуулаач гэсэн санал их ирдэг. Би ч хүүхдийн баярын өдөр дуулах дуртай. Хүүхэд гэдэг энэ амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, эмзэгхэн цэцэг юм. Ялангуяа зургадугаар сарын 1-нд гоё хувцсаа өмсөөд, ээж, аавдаа хөтлүүлээд явж байгаа үрс ямар хөөрхөн харагддаг билээ.

-Энэ дууны бүтсэн түүхээс сонирхуулаач?

-Үгийг нь соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, аялгууг нь Л.Балхжав зохиосон юм. Монголын урлагийн шижир авьяастнуудын бүтээлийг дуулсандаа бэлгэшээж явдаг. Анх дуугаа сонсоход сайхан сэтгэгдэл төрж байсан. Хүүхэд бүхний сонсох дуртай дуу болно гэдэгт итгэлтэй байсан шүү.

-Тухайн үед клип нь их содон санагдаж байсан. Яаж тийм санаа олсон юм бэ?

-Манай урлаг, спорт, улс төрийн зүтгэлтнүүд тоглосон. Хүүхдийн бүтээл цаанаасаа л бүтдэг жамтай. Саналыг бүгд баяртай хүлээж авсан. Одоо дууны клипэнд тоглосон хүүхдүүд бүгдээрээ том болчихсон байгаа. Өөрсдийгөө харахад сайхан санагддаг байх.

-Энэ дуугаараа та НҮБ-ын элч дуучин болж байсан?

-Дэлхийн 180-аад орны уран бүтээлчдээс “Нарны хаан хүүхэд” дуу шалгарч Хүүхдийн сангийн сүлд дуу болсон. Өглөө бүхэн энэ дуу эгшиглэдэг байсан гэнэ лээ. Анх Ү.Хүрэлбаатар гуайд дууны дахилтын үг орж ирээд, цааш нь үргэлжлүүлээд биччихсэн гэсэн. Харин надад Хүүхдийн олон улсын чуулганд энэ дуугаараа оролцох боломж олдсон юм. Дууг бүтээсэн, надад өгсөн хоёр уран бүтээлч болон дууны эзэн болсон багачууддаа баярлаж явдаг юм.       


Нарны хаан хүүхэд

Нарны гэрэл хүүхэд насыг цэцэг шигээ хайрлая
Наашлах цагийн замыг товчлон цэнгэлийн дуугаа өргөе
Газрын хаан хүүхдийн хүслийг гал шигээ дээдэлье
Хүний орчлонд жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе

Ариунхнаас ариун хүүхэд чамайгаа алгаа тосон хайрлая
Айсуй цагийн тэнгэрт залбирч ардын дуугаа өргөе
Дэлхийн хаан хүүхдийн хүслийг дээдэс шигээ хүндэлье
Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе

Өдлөн нисэх хүслийн шувуухайг өглөө шигээ хайрлая
Ирэх цагийн аясыг зөгнөн итгэлийн дуугаа өргөе
Нарны хаан хүүхдийн хүслийг нандигнан дээдэлье
Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг
Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна
Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.