Дахиад өвөл ирнэ шүү дээ, цанын баазын үйлчилгээ эрхлэгчид ээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод энэ өвөл ороогүй их цас орж нийслэлчүүд биднийг гялайлгав. Иймээс хаврын урь орж буй энэ өдрүүдэд цас орно гэдэг сайхан. Мэдээж, энэ өнгөрч буй өвлийн сүүлчийн цас ч байж болно. Иймээс цэвэр агаарт гарч, хүүхдүүдээ салхилуулахаар үүднээс Богиныг амыг зорилоо. Өдөр хавьд очиход тэнд хүмүүс аль хэдийн оччихсон, чаргаа төрөл бүрээр нь түрээслээд гулгаад эхэлчихжээ. Нэг чарга хөлслөхөд таван мянган төгрөг. 
Тэнд анги хамт олноороо яваа хүүхдүүд ч байна. Мөн хүүхдүүдээ дагуулсан эцэг, эх эмээ өвөө их байлаа. Угаас манай улсад цана чаргаар гулгадаг газар тун цөөн, Нийслэл хотод байгаа ганц стандартад нийцсэн “Скай ресорт” нь жирийн иргэдийн хувьд харьцангуй өндөр үнэтэй. Иймээс нийслэлчүүд аль ойр уулын амыг бараадаж, өвлийн улиралд цана чаргаар гулгадаг билээ. Харин овсгоотой нэг нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ч тэнд чарга хөлслөн , цайны газар ажиллуулж овоо хэдэн төгрөг олдог. Гэхдээ тэд мөнгө олохыг бодно уу гэхээс задгай цанын бааз ямар байх ёстой талаар өөрсдөө ямар ч “А” байхгүй. Ийм л газруудын нэг бол Богинын аманд харагдана.


Тус аманд чарга түрээслэн буй хүмүүс байшин саравч гэхэд л нэр нь гоёдохоор тэрхүү байшингийнхаа гадна бас ч гэж анхааруулах хуулга наажээ. Тэрхүү анхааруулгад “Та болон таны үр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх санамжийг мөрдөхийг анхааруулж байна” гээд "Гулгахыг хориглосон бүс"", Цанаар буух талбайд өгсөж, зогсохыг хориглоно". "Өгсөх зурваст гулгахыг хориглоно"."Чаргаар буух талбайд өгсөх, зогсохыг хориглоно". Барилгажсан талбай, автомашины замаар гулгахыг хориглоно" хэмээн анхааруулга тавьсан нь харагдана. Даанч энэхүү анхааруулгыг мөрдөж байгаа нэг ч хүн алга. Түүнд нь хяналт тавьж байгаа ямар ч мэргэжилтэн алга. Ёстой л тэнд гулгаж л байвал хаана ч байсан яахав гэсэн шинжтэй, эцэг эхчүүд нь ч энэхүү анхааруулгыг мөрдүүлэх гэж хичээж байгаа ямар ч үйлдэл алга.

Хүүхдүүд хажуугийн хотхоны машин явдаг замаар гулгаж л байх, гулгах, өгсөх талбай нь ч ялгагдахгүй таних тэмдэг ч байхгүй болохоор дуртай газраараа л гулгана, өгсөнө, зогсоно. Хажуугийн хотхоны машины замаар гулгаж байгаа харагдана. Машинууд нь сигналдаад л зогсчихно. Хүний нүдэнд л анхааруулга тавьсан мэт харагдаж байгаа ч түүнийг нь мөрдөх ямар ч боломжгүй байв. Үүнийг газар дээр нь очсон хэн ч мэднэ.



Шинэ он гарсаар удаагүй байтал хандгайтад өсвөр насны хүү гулгаж байгаад настай хүнийг санаандгүй дайрч амь насыг нь хохироосон маш харамсмаар хэрэг гарсан. Энэхүү харамсам явдлаас анхааруулгыг авч, уулын бэл, амаар чарга түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүст ганцхан зүйлийг хэлмээр байна. Дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгаа өнөөдөр уулын ам бараадан үйл ажиллагаа явуулж байгаа цанын баазуудад үнэндээ алга байна. 

Нэг тоо баримт дурдахад, Гэмтэл согогийн үндэсний төвөөс авсан судалгаагаар 2006-2007 оны өвлийн улирал, 2008-2009 оны өвлийн улиралд дунджаар 200 гаруй хүн цанын бааз, мөсөн гулгуурын талбай дээрээс хүнд болон хөнгөн гэмтэл авч байна гэсэн статистик тоо гарчээ. Тийм учраас цанын бааз, мөсөн гулгуурын талбай нь заавал стандарттай байх ёстой юм байна гэдэг үүднээс MNS 6000:2009 гэсэн стандарт мөрдөгдөх болсон. 


Иймээс Дэлхийн хэмжээний цанын бааз, гулгуурын талбайгаа байг гэхэд Монголынхоо стандарт журмаа мөрдөж ажилламаар байна. Бүр болохгүй бол стандарт журмаа мөрддөггүй юм гэхэд иргэдийнхээ аюулгүй байдлыг бодож, 1.Гулгаж, уруулах, 2. Өгсөх хоёр талбай замыг маш тодорхой болгож, тэмдэглэгээг тавьж өгмөөр. Иргэдээ ч тэрхүү тэмдэглэгээг дагаж гулгах соёлтой үйлчилгээг өөрсдөөсөө эхэлж хангаж өгмөөр байна. 


Манай улс битүү дээвэртэй мөсөн ордонтой боно хэмээн сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч энэ нь “мянгуужингийн үлгэр” хэвээр байгаа. Мөн улс орны эдийн засаг ч хүндхэн байгаа учир энэ мэт ордонд мөнгө хаях төсөв ч хомс байгаа бололтой. Иймээс Монголчууд бид хувь заяатайгаа эвлэрээд иймэрхүү уулын ам бараадсан цанын баазуудаа эхний ээлжинд аятайхан шиг хөгжүүлчихмээр байна. Мөн хэрэв аюулгүй байдал алдагдаж, хэн нэгэн эрсдэлт байдалд орло гэхэд түргэн тусламж үзүүлэх үүднээс эмч мэргэжилтнүүддээ анхаардаг болмоор байна. Хэдийгээр манай улсад цанаар гулгах гэдэг улирлын чанартай ч гэлээ энэхүү улирал нь дараа жилийн өвөл эргээд л ирнэ. Хүмүүс дахиад л цанаар гулгаж эхэлдэг. Иймээс Уулын ам бараадсан цанын баазын үйлчилгээ эрхлэгчид эмч мэргэжилтэн хийгээд стандарт журмаа мөрддөг, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч ажилладаг болмоор байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.