Б.Баатархүү: Овойж оцойтлоо баяжчихсан юм алга
Өнөөдөр Олон улсын Инээдмийн баярын өдөр. Энэ өдрийг манай улс өргөн тэмдэглэдэг болсоор олон жилийг үдэж байна. Гэхдээ энэхүү баяр ард иргэдийн гэхээсээ  илүү хошин урлагийн салбарынханд хамгийн ихээр хамаатай баяр . Учир нь  тэд олон сайхан бүтээлүүдээрээ хүмүүст инээд бэлэглэж, шинэ шинэ уран бүтээлүүдээрээ ард иргэдээ ухааруулах хайрлах их үйлст зүтгэж яваа хүмүүс юм. Иймээс энэ өдрийг тохиолдуулан хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин, СТА Б.Баатархүүтэй ярилцлаа. 

-Сайн уу. Танай продакшны хамт олонд инээдмийн баярын мэнд хүргэе. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Манай продакшны залуус ирэх дөрөвдүгээр сарын 10-аас МҮЭСТО-нд тоглогдох шинэ тоглолтынхоо бэлтгэлд гарчихаад байна. Тоглох номеруудаа зоочихсон. Өдөр бүр л бэлтгэлтэй байна даа. Мөн Тэмка, Төөтөө нарын тоглосон "Гурван найз яасан байх нь уу" киног хийлээ. Тун удахгүй нээлтээ хийх гэж байна.Өнөөдөр эл киноны хэвлэлийн бага хурал тухай "Чикаго клуб"-т болно. 

-Саяхан танай хамтлагийнхан Европын орнуудаар аялан тоглоод ирлээ. Аялан тоглолт ямар болов. Монголчууд маань хэр хүлээж авч байна вэ?

- Манай хамтлагийнхан өнгөрсөн хоёрдугаар сар буюу хоёрдугаар сарын 14-өөс эхлэн Европын орнуудаар аялан тоглолт хийсэн. Энэ тоглолт маань их сайхан болсон. Очсон газар бүрт Монголчууд маань цугларчихсан бидний тоглолтыг хүлээгээд. Тухайн үе Цагаан сарын баяр болж таарсан болохоор яг сезон нь ч орчихсон  үе байсан. 

-Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн. Өөрөөр хэлбэл, Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ өдөр Хошин урлагийнхан маань хамтраад шилдгийн шилдэг тоглолтуудаа үзүүлдэг Энэ жил яах вэ?

-Хошин урлагийн бүх продакшн, хамтлагууд хамтраад шилдэг үзүүлбэр тоглолтуудаа үзүүлдэг ч энэ нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил энэ тоглолт болсон. Тэгэхээр энэ жилийн өнжиж байгаа. 

-Хошин урлагийн шинэ залуу хамтлагийн тоо нэмэгдэж байна. Танайх ч гэсэн залуу хамтлагийнхаа тоонд орно. Зах зээл нь өөрөө өргөн том болоод байх шиг?

-Хошин урлагийн хамтлагууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ манай улс өөрөө цөөн хүнтэй амтай болохоор үзэгчдийн хүрээлэл бага л даа. Нэг тоглолтыг сар орчим үргэлжлүүлэн тоглолоо гэхэд л ерөнхийдөө үзэгчид ханачихдаг. Үүнээс гадна тоглолтоо үзүүлэх байр савны асуудал хүндрэлтэй. Ялангуяа шинээр байгуулагдсан хамтлагуудын хувьд. Манайд ерөнхийдөө СТӨ, МҮЭСТО гэсэн хоёрхон л газар хошин урлагийнхан тоглолтоо үзүүлж байна шүү дээ. Гэтэл энэ 2 байгууллагын тайз бараг жилийн өмнөөс захиалагдаад цаггүй болчихсон байдаг. Иймээс манай хамтлагийн хувьд тэрхүү захиалгуудын дундуур сул цаг байна уу, үгүй юу гэж харж байж л тоглолтынхоо товыг гаргаж байна. 

-Тоглолтоо хийхэд тайзны түрээс нь хэд байдаг юм бэ?

-СТӨ бол цагаараа мөнгөө тооцдог. Харин МҮЭСТО болохоор нэг тоглолтоос сая гаруй төгрөг гээд үнээ заагаад өгчихсөн байдаг юм. 

-Урлагийн ордонтой болох асуудлаар байнга л ярьж хэлдэг ч ярихаас цааш хэтрэхгүй байна л даа?

-Мэдээж бид урлагийн ордон, өргөөний хүрэлцээ муу байгаа учир шинэ ордонтой болохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал хүнд шүү дээ.

Яахав, кино театрууд энд тэнд босоод л, тоо нь нэмэгдээд байна. Гэхдээ манайхан хотын төвдөө юм үзээд сурчихсан. Одоо хотын төв газар ч үгүй болчихлоо. Гэтэл хотын захад нэг ордон барьчихлаа гэхэд, тийшээ хүмүүс очих уу гэдгийг бодох хэрэгтэй. Ер нь бол шинэ ордонтой боллоо гэхэд урлагийн төрөл, жанар нэмэгдээд сайн тал их л дээ. Гол нь хөрөнгө санхүүгийн бэрхшээл байна даа. 

-Танай хамтлагуудын хувьд бусдаасаа ялгарах онцлог?

-Ихэнх хамтлагууд тоглолтоос тоглолтын хооронд гэрлээ аваад тайзаа засаад л тавьчихдаг. Шоуны алтан дүрэм байдаг . Манайхан болохоор арай өөр. Номероос номерын хооронд шилжихдээ гэрэл авахгүйгээр дараагийн номертойгоо авцалдуулан хөгжим бүжгээр тайзаа засдаг. Тусгай хөөрхөн үйл явдалтай. Үүгээрээ дараагийн номертоо залгагдаж орох, музыкл маягаар хийдэг. 

-Жүжгийн зохиолыг хэн нь бичиж байна вэ?

-Бид жүжгийн зохиолоо өөрсдөө дундаасаа гаргадаг. Нэг үгээр, хамтдаа ярилцаж байгаад гаргадаг. Буу халалтаас үүсдэг гэсэн үг. Мөн олон нийтийн сүлжээгээр ямар үг моод болж, хэрэглэгдэж байна вэ гэдгийг анзаарч харж, жүжигтээ тусгадаг. Үүнийг үзэгчид ч өөрсдөө их сайн хүлээж авдаг. 
Өнөөдөр хошин чиглэлээр зохиол бичдэг хүн ховор байна шүү дээ. 

-"Эмоци " хамтлагийнхныг товч танилцуулбал?

-"Эмоци " хамтлагийг удирдан чиглүүлж яваа, захирлаар нь Түвшинтөр ажиллаж байна. Уран бүтээлээ Тэмка маань хариуцаад, Нарансолонго санхүүгээ бариад явчихдаг. Яг жүжиг номеруудад идэвхтэй оролцдог 18 хүн бий. Цаана нь бүжгийн гээд 20-оод хүүхэд байгаа. Мөн ард нь тайз засал, гэрэл техникийн, хувцас хунараа хариуцдаг гээд нийтдээ 40 гаруй хүн байдаг юм. Манайд шинэ залуу хүмүүс их бий. Тэднийгээ хүмүүст таниулах юмсан. Хоолонд нь хүрчих юмсан гээд л явж байна.


-Хошин урлагийн орлого сайтай гэх яриа байдаг?

-Хүмүүс тэгдэг л дээ. Гэхдээ их хэцүү ш дээ. Шинэ залуу хамтлагуудын хувьд нэг өөр, хөл дээрээ тогтчихсон хамтлагуудын хувьд бас нэг өөр. Нэг тайз олдлоо гэхэд зөвхөн тайз, тоглолтын номер бүрийн хувцас, заалны түрээс, телевизийн реклам хийх, цацуулах гээд бүгд мөнгө шүү дээ. Одоо бол овойж оцойчихсон юм алга. Гэхдээ энэ олон жүжигчид залуусаа яаж хоосон байлгах вэ. 
Ер нь нэг бригад орон нутгаар тоглолтоор явлаа гэхэд л бензин, хоол унд гээд зардал өндөр. Хүмүүсийн нүдэнд л мөнгөтэй юм шиг харагддаг байж болох ч бид ч гэсэн ажлаа хийж яваа цалингаас цалингийн хооронд л явж байна шүү дээ. 

-Хамгийн сүүлчийн асуулт. Та манай уншигчдад зориулаад хоёр онигоо ярьж өгөөч?

-За, нэг хүүхэн нэг залуугийн ирж л дээ. Ингээд гэрт нь ороод хүүхэн гутлаа тайлах гээд доошоо суух гэтэл унгачихаж гэнэ. Хүүхэн бантсандаа болоод "Пөөх, танай гэрлийн бүрхүүл ямар гоё юм бэ" гэжээ. Гэтэл залуу "Тэгвэл чи манай том өрөөнд орох юм бол бүр чацга алдах юм байна л даа" гэжээ. 
Нөгөө онигоо нь, дэлхийн нэг алдартай дээрэмчин Монголд ирээд банк дээрэмдээд баригдчихаж гэнэ. Гэтэл сурвалжлагч асууж гэнэ. "Та Олон улсад том том банк дээрэмдээд баригдаж байгаагүй мөртлөө яагаад Монголд ингээд баригдчихав аа" гэжээ. Гэтэл дээрэмчин "Би энэ дээрмийг хийх гэж олон сарын турш бэтлгэсэн. Дээрэм ч амжилттай болсон. 30 секундын дотор бүх мөнгийг авч чадсан" гэхэд сэтгүүлч " Манай хууль хүчнийнхэн сайн байна уу" гэв. Харин дээрэмчин "Үгүй ээ. Нэг тэнэг машин ачилтынхан ирээд машин ачаад явчихсан байна лээ" гэж хариулсан гэдэг.
Г.Уянга
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-04-02 00:55:12
    Биеийг нь асуудаггүй муу л сэтгүүлч байна даа !!!!!!!!
    202.70.47.210
    Мэдэгдсэн Хариулах