Т.Батбаяр: Зөв монгол хүн хөгжих хамгийн том боломж бол угийн бичгээ хөтлөх явдал
Монголчууд эртнээс Угийн бичиг хөтөлж ирсэн түүхтэй. Гэсэн ч улс орон хөгжихийн хэрээр зарим зүйл үгүй болж байгаагийн нэг нь угийн бичиг. Тэгвэл сүүлийн үед угийн бичгийг дэлгэрүүлж, иргэдэд хялбараар угийн бичиг хөтлөх боломжийг бий болгох зорилгоор Т.Батбаяр “Угийн бичгийн программ” зохиожээ. Үүнээс гадна “Urgiinbichig.mn” цахим сайтыг эрхлэн гаргаж эхэлсэн байна. Түүнийг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж ярилцлаа.
 
-Түүхээ мэдэхгүй хүнийг ойд төөрсөн сармагчинтай адилтгадаг. Таны хувьд өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхээс гадна улс орныхоо түүхийг мэдэхэд хамгийн том тус болох угийн бичиг хөтлөх хялбар программыг зохиосон юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
 
-Монголчууд эрт цагаас эхлэн айл бүр “Угийн бичиг” хөтөлдөг байсан гэдэг. Энэхүү угийн бич­гийг айл бүрийн ууган хүү хөтлөн үр удамдаа уламжлуулж ир­сэн нь ураг удмаа цэвэр ариун байлгах ганцхан зорилготой. Харамсалтай нь сүүлд энэ уламжлал хаягдан бараг мартагдсан гэхэд болно. Үүнээс болж мон­голчууд ураг удмын түүхээ мэдэхээ больж, үндэс угсаагаа танихгүйд хүрснийг залруулан хүн бүр эцгийн нэрээс гадна ураг удмын нэрээр овоглож эхэлсэн шүү дээ. Тэр сайхан уламжлал сэргэх үеэс эхлээд л би өөрөө угийн бичгээ хөтлөхөөр шийдсэн юм.
 
Өөрийн аав ээж, төр­сөн гэр, ах дүүсээс эхлэн угийн бичгээ хөтөлж эхэлсэн. Авга, нагац, өндөр өвөг рүүгээ ороод олон салаалаад эхэлмэгц угийн бичиг хөтлөхөд хүндрээд эхэлдэг юм билээ. Тиймээс л хүн бүрт тохиолдож байгаа энэхүү бэрхшээлийг хэрхэн хялбаршуулж болох вэ гэж бодсон. Тэгээд өөрийнхөө мэргэжилд тулгуурлан программ бичсэн юм.
 
-Сүүлийн үед иргэдийн үе удмаа мэдэх эрмэлзлэл нэмэгдсэн. Гэтэл зарим нь угийн бичигтэй, бичиггүй болно гэх байдлаар ханддаг шүү дээ?
 
-Миний хувьд хойд үеийнхэн, үр ач тань таныг мэдэж байх учиртай тул өөрийнхөө намтрыг ч болов бичиж үлдээх ёстой гэж боддог. Ер нь иргэдэд дээд өвөг удмынхаа түүхийг мэдэх гурван арга байдаг. Нэгдүгээрт, Үндэсний архивын газарт очиж, архив үзэх. Архивт ноёд, тайж угсааны хүмүүсийн талаархи баримт хангалттай бий. Эгэл ардын мэдээлэл хадгалагдаагүй болохоор хүн амын тооллогын материалаас үзэж болох юм. Архиваас мэдээлэл олохын тулд уйгаржин монгол бичиг мэддэг байх ёстой. Өвөг дээдсийнхээ аж төрж байсан нутаг хошууг
хуучин нэршлээр нь мэддэг бол мэдээлэл цуглуулахад илүү дөхөмтэй.
 
Нөгөөтэйгүүр өвөө, эмээ, аав, ээж нь хувьсгалт намын гишүүн байсан бол на­мын архиваас мэдээлэл авч болно. Энэ хоёрын аль аль нь боломжгүй бол өвөг дээдсийн­хээ амьдарч байсан нутаг усны ахмад настнуудаас аман хэлбэрээр мэдээлэл цуглуулж болно. Хамгийн гол нь хүмүүс ин­гэж их эрүүл хайгуул хийхээс төвөгшөөдөг. Өвөг дээдсээ мэдэхгүй гээд угийн бичиг хөтлөлгүй үлдээх нь буруу.

..."Боржигон" овог хавтгайрч байгаа нь үнэний талтай. Үг нь овог гэдэг цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, ах дүү хүмүүс төрөл саднаа мэ­дэж байхад зориулагдсан байдаг. Түүнээс биш бүгдээрээ "Боржигон" овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг биш. Албан ёсны бүртгэлд "Боржигон" овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэлэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийсэн ч болно гэж эрдэмтэд тодот­госон байдаг...

 
-Өнөөдөр иргэн бүр ураг удмаа мэдэж ургийн овог авахаас илүүтэй өөрт  таалагдсан ч гэх юм уу уул усны нэр их авсан гэж сонсогддог. Тухайлбал, Монгол Улсад “Боржигон” овогтон маш олон байгаа?
 
-“Боржигон” овог хавтгайрч байгаа нь үнэний талтай. Уг нь овог гэдэг цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, ах дүү хү­мүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан байдаг. Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг биш. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийсэн ч болно гэж эрдэмтэд тодотгосон байдаг. Жишээ нь  “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”,“Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална. 2010 оны хүн амын тооллогын үеэр ургийн овгийн статистикийг гаргасан байдаг. Уг статистикт Монголд давхардсан тоогоор 400 мянган ургийн овог бий гэж тэмдэглэсэн байна лээ. Овог сэргээх үед хүн болгон шахам Боржигон овог авсан, эсвэл нэг бүлийн хүмүүс өөр, өөр овог сонгосон зэрэг сөрөг тал бий. Үүнийг нэг мөр болгон цэгцлэхэд төр засгийн оролцоо ч чухал шүү дээ.
 
-Тэгвэл таны зохиосон программ дээрх ээдрээтэй байдалд хэрхэн туслах вэ. Шийдэл гаргасан л байх?
 
-Эрхэлдэг ажил маань ураг удмын бичгээс тэс өөр боловч би гэр бүлийг сонирхон судалдаг болохоор энэ программыг бүтээхэд их дөхөм байсан. Ер нь угийн бичиг Монголын ард түмний бүтээсэн аугаа соёлын нэг хэсэг юм. Ах дүү, төрөл саднаа мэдэж, гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг түүхэн судар нь угийн бичиг байжээ.
 
Монголчууд Манжийн эрхшээлд орох үеэс угийн бичгээ хөтлөх нь бүдгэрч эхэлсэн байдаг. Хожим нь Ардын хувьсгалын дараа буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан юм билээ. Энэхүү алдааг засч залруулах шийдвэрийг 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар тогтоол гарснаар монголчууд удмын овгийг хэрэглэх болсон. Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн бол Монгол гэж суддаачид үздэг. Халимаг, Буриад, өвөрлөгчид Шинжаан уйгарын торгууд Цастын монгол, Хазара монгол гээд тоолбол тарж бутарсан монголчууд их. Хилийн чанад дахь монголчууд маань Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг илүүтэй эрхэмлэж ирсэн байтал нутагтаа бууриа сахиж үлдсэн бид овог удмаа мэдэхгүй сууж болохгүй. Тэгэхээр монголчууд мөнхөд оршиж байгаагийн баталгаа бол угийн бичиг юм.
 
-Таны зохиосон программаар угийн бичгээ хэдэн үеэр хөтлөх боломжтой вэ?
 
-10 дахь үеэс цус ондоошдог гэж үздэг. Тиймээс хүн есөн үеэ мэдэж байхад цус ойртох аюул үгүй болно. Манай программыг ашиглан хэдэн ч үеийг багтаасан угийн бичиг хөтөлж болно. Алтан ургийн удмын нэг хүн надад хандаж 50 гаруй үеийн угийн бичгээ хөтлүүлж байсан. Бөртэ чоно, Гуа маралаас эхлээд Баянмөнх хааныг хүртэлх угийн бичгийг нь би хөтөлж өгсөн. Тэрхүү угийн бичгийг бид программ авсан хүн бүрт дагалдуулан өгч байгаа.
 
-Алтан ургийн хүн гэдгийг яаж мэдсэн юм бэ. Дээр хэлсэнчлэн би Боржигон гэдэг хүмүүсийн нэг байвал яах вэ?
 
-Тэр хүнд эртнээс уламжилж ирсэн угийн бичиг нь байсан. Түүнд
Чингис хааны бичсэн Их засаг хууль хүртэл байдаг юм билээ. Маш сонирхолтой ховор баримт дэлгэсэн. Гэхдээ тэр хүн өөрийгөө олон нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа. Одоо гадаадад ажиллаж амьдардаг. Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ хөтлүүлсэн. Гэхдээ бидэнд үлдээхийг, нийтэд мэдээлэхийг зөвшөөрөөгүй.
 
-Ураг удмын бичигтэй холбоотой өөр ямар сонирхолтой баримт танд байдаг вэ?
 
-Баримт гэхээс илүүтэй сонирхолтой мэдээллүүд олон бий шүү. Сонирхуулж хэлэхэд 1970 онд Оросын нэрт удирдагч В.ИЛениний мэндэлсний 100 жилийн ой болоход Лениний эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Ульяновын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнүүд Лениний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантай холбоотой хэмээн хариулсан тохиолдол бий.
 
Мөн Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарлыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш гэж үздэг юм билээ. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулсан. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад мөнгөн урлал эрчимтэй хөгжсөн байдаг. Энэ мэт зүйлийг ч хүмүүс угийн бичиг, удмын түүхэндээ багтаан бичих ёстой.

-Ер нь угийн бичиг хөтөлсөн байддыг харахад эхийн талын мэдээлэл бага байдаг нь ямар шалттаантай байдаг юм бол?
 
-Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50 хувь, өвөг эцэг, эмэг эхээс 25 хувь, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5 хувь өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байдгийг харгалзан эхийн талын мэдээллийг дэлгэрэнгүй оруулан угийн бичиг хөтлөхийг эрдэмтэд зөвлөсөөр байгаа. Түүнчлэн угийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд, албан ёсоор гэрлээгүй үед өвөөгийнхөө гал дээр гарсан ач, зээ гээд бүхий л мэдээллийг тусгах нь ёстой. Тэр бүү хэл өвөг дээдэс нь ямар өвчнөөр өвдсөн, яагаад өөд болсон шалтгааныг хүртэл бичиж үлдээх нь чухал байдаг. Өргөмөл хүүхэд байлаа гэхэд төрсөн эцэг эх, өргөж авсан аав ээж бүгдийг багтаан бичих юм.
 
-Залуус өрх тусгаарлах, үр удам бүрэлдэхээс бүх зүйлийн эх тавигддаг гэж та хэллээ. Ураг бүрэлдэх хүртэл утга учиртай байсан хэрэг үү?
 
-Маш нарийн утга агуулга, нарийн учиртай байсан юм билээ. Гэрлэж буй хосуудын зохилдолгооноос эхлээд хэвлий дэх ургаа зөв  бойжуулахаас тухайн хүний хувь тавилан эхэлдэг гэж үздэг байсан. Сүүлийн үед ургийн гажигтай хүүхдүүд төрөөд байгаа нь аав ээжийн зохилдолгоо, хоорондын харилцаа, сэтгэлзүйн байдал, хүүхэд олсон өдрийн өнгө, цаг агаараас хүртэл хамааралтай гэж үздэг. Тэргэл сартай болон сар битүү өдөр хүүхэд олохыг цээрлэдэг байсны дээр тэнгэрийн муухай өдөр, салхи шуурга, эцэг эх нь уур бухимдалтай үед олсон хүүхдийн авир ааш ширүүн байх жишээтэй.
 
Нөгөөтэйгүүр сүүлийн үед ижил хүйстнүүд олшроод байгаа шалтгааныг Оросын нэг эрдэмтэн тайлахдаа “Хүмүүний хүйсийг төөрүүлдэг цаг мөчид хүүхэд олсонтой холбоотой. Тиймээс ижил хүйстнүүдийн эцэг эх буруутай” гэсэн байдаг. Хүүхэд төрсний дараа 10 нас хүртэл нь эцэг эхийн гар дээр өссөн хүүхэд овог удмаа таньж, зөв монгол хүн болон төлөвшдөг байжээ. Одоо бол өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд үеийнхнээсээ хэрсүү, амьдрах ухаанд суралцсан байдаг шүү дээ.
 
-Угийн бичгийг мод хэлбэртэй хөтөлдөг болохоор “угийн мод” гэж нэрлэдэг юм уу. Яагаад мод гэж нэрлэсэн хэрэг вэ?
 
-Хүний ураг удам гэдэг гэдэг өвөг дээдэс, эцэг эхээс үндэслэн ургадаг болохоор ургийн мод гэж нэрлэдэг болов уу хэмээн боддог. Ургийн бичгийг мод хэлбэрээр салаалуулан хөтөлдөгтэй ч холбоотой биз. Түүнчлэн ургийн бичгийг модноос гадна нар, цагираг хэлбэрээр ч хөтөлж болдог. Авга нагацаа тус тусад нь хөтөлсөн ч болно. Үүнээс гадна зарим хүн авга, нагац, бүл үеэлээ андуурах нь бүү хэл өвөө, эмээгийнхээ нэрийг өнгөрснийх нь дараа хөшөөний чулуунаас нь мэдэж авсан гэх яриаг ч сонсож л байлаа. Энэ бол тун харамсалтай хэрэг. Үүнийг одоо л зогсоохгүй бол улам л гүнзгийрнэ. Тиймээс угийн бичгийн программдаа энэ бүхнийг нарийвчлан багтаасан.
 
-Таны зохиосон программыг   компьютерийн мэдлэг муутай болон урьд нь угийн бичиг хөтөлж байгаагүй хүмүүс ч ашиглах боломжгой юу?
 
-Боломжтой. Маш энгийн,  хэн бүхэн хэрэглэж болохоос гадна дутуу дулимаг зүйл байвал засч сайжруулах боломжтой байдлаар зохиосон анхны монгол программ юм. Угийн бичиг  удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг. Тэгснээрээ хол, ойрын садан хүмүүс харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахихад дөхөмтэй юм. Гэтэл өнөөгийн залуус маань тэр дундаа хотод төрж, өссөн ахимаг насныхан хүртэл ураг удмаа мэдэхгүй байна. Өвөг дээдсээ аль нутагт төрж өссөнийг мэдэхгүй, бүүр нэр алдрыг нь ч танихгүй үе хойч өсч торниж байгаа нь гашуун боловч үнэн. Тиймээс сар шинийн өдрүүдэд ург төрлөөрөө уулзан золгохдоо угийн бичгээ хөтөлж, настан буурлаасаа удам судрынхаа талаар сонсож, бичиж тэмдэглэхэд энэ программ их дөхөм байх болно. Зөвхөн угийн бичгээ хөтлөөд зогсохгүй хүн бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үлдээх, зургийн цомгийг нь хадгалах, дурсамж бичлэгийг авах, дурсгалт эд өлгийг баримтжуулах зэргээр овог удмын мэдээллийн сантай болох боломжийг монгол түмэндээ олгож байгаадаа баяртай байдаг.
 
-Таны ярьсан хэлсэн зүйлийг сонсч байхад улс орны хөгжил иргэдийн боловсролоос эхэлдэг мэт санагдлаа. Залуу хүний хувьд ер нь улсын хөгжил юунаас эхэлдэг гэж боддог вэ?
 
-Тийм ээ. Аливаа улс орны хөгжил тухайн улсын иргэдийн боловсролоос маш их шалтгаалдаг. Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд их гарч байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр тухайн хүний бага насны хүмүүжил алдагдсан учраас залуус гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл зах зээлд шилжих шилжилтийн үед эцэг эх нь үр хүүхдээ орхиж, ганзагын наймаа эрхлэх, зах дээр зогсохоос эхлээд гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл алдагдсан юмш шиг санагддаг. Тиймээс хүүхдийн хүмүүжилд, улс орны хөгжилд маш том хувь нэмэр болох угийн бичгийг 5-10 насанд нь таниулах зүйлийг хийгээсэй. Ингэж өөрийн түүхийг багаасаа мэдсэнээр улс орныхоо түүхийг ч адилхан мэдэх болно. Зөв монгол хүн хөгжих хамгийн том боломж бол энэ. Хойч үе маань ч энийг дээдлэн дэлгэрүүлж явах нь чухал. Угийн бичиг, удмын бичгээ хөтөлж явах нь тусгаар тогтнолын нэг баталгаа.

Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sd 2016-08-05 16:51:18
    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи...
    202.179.2.118
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2014-05-30 03:54:30
    энэ программыг хаанаас олж авах вэ?
    202.179.20.226
    Мэдэгдсэн Хариулах