“Чалко”-д төлөх өрийн хугацаа хойшлогдох уу
БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Монгол Улсын Засгийн газар 350 сая ам.доллар авч, тэрхүү өр зээлээ нүүрсээр төлж барагдуулахаар гэрээ хэлэлцээр хийснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд нүүрсний салбар уналтад орж, нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаа бараг л зогссон. Хятадын зах зээл муудсан гэж байгаа ч үнэндээ Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар муу байгааг гадаадын хөрөнгө оруулагчид хэлж нүүрс нийлүүлэхдээ дурамжхан байгаа нь үнэн.

Манай улс 2014 онд 31.4 сая тонн коксжих нүүрс экспортлох зорилт тавьж ажиллахаар болсон. Өнгөрсөн жил 30 сая тонн нүүрс экспортолно гэж байсан ч төлөвлөгөөндөө хүрч чадалгүй, 20 сая тонн хүрэхгүй шахуу нүүрс экспортлосон гэж байгаа. Тэгэхээр энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно гэдэг нь их л өөдрөг төсөөлөл юм. Түүнчлэн экспортлох нүүрснээс 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх бөгөөд энэ нь уул уурхайн салбарын татварын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэх боломжтой гэж төлөвлөж байгаа гэх.
 Гэвч нүүрсний үнэ унасантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт хэд дахин багассан. Хятад улсын авдаг нүүрсний импорт ойролцоогоор нэг дахин багассан байна. Нүүрсний экспортын орлогоос улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг учраас улсын нэгдсэн төсвийн орлого тасалдахад хүрсэн юм.

Мөн “Чалко” компанид төлөх өр хэзээ тэглэгдэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Өнгөрсөн жил тээвэрлэлтийн асуудлаас үүдэн Хятадын “Чалко” компанид төлөх өр барагдуулах ажил тодорхой хугацаагаар хойшлогдоод байсан ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хугацаа алдалгүй тээврийн компаниудтай гэрээ байгуулснаар өнөөдрийн байдлаар Монголын талын 394, Хятадын 52 автомашин тээвэр хийж байгаа гэнэ. Тээврийн асуудлыг ийн шийдсэнээр “Чалко” компанид төлөх 140 гаруй сая ам.долларын өрийг ирэх зургаадугаар сар гэхэд бүрэн барагдуулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн удирдлагууд хэлж байсан юм.
Харин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээр, гэрээ байгуулсны дараа дэлхийн зах зээл өнгөрсөн жил эрс муудсаны улмаас БНХАУ үнээ доошлуулах санал гаргасан байна. Энэ тохиолдолд манай улс тонн тутмаас 10 ам.долларын алдагдал хүлээх байсан учраас экспортоо зогсоосон аж.

Хэрэв хуучин гэрээгээр хэвээр байсан бол дээр хэлсэнчлэн тонн тутмаар 10 ам.доллар, энэ хугацаанд нийт 17 тэрбум төгрөгийн алдагдлыг Монгол Улс хүлээх байсан гэнэ. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд ЭТТ компанийнхаа бүтцэд өөрчлөлт оруулж, Цагаан хадны шилжүүлэн ачих хэсгийг өөрчилж, гүний гаалиар буюу шууд уурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийн тээвэрлэхийг шийдсэнээс гадна “Чалко” компани зохих хэмжээгээр уян хатан хандсан гэх тайлбарыг УУЯ-наас өгсөн юм.  Тэгвэл ирэх сард тэглэгдэх “Чалко”-ийн өр хугацаандаа төлөгдөх боломжтой эсэх талаар "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн Газрын захирал Д.Чулуунбат тодруулсан юм.

-Тавантолгой”-н нүүрсний борлуулалт ажил хэвийн үргэлжилж байгаа юу. Нүүрсний борлуултад саад учирч байгаа тухай мэдээлэл байна л даа?

-Дэлхийн эдийн засгийн таагүй байдал, нүүрсний үнэ олон улсын зах зээлд унаснаас болж “Тавантолгой”-н нүүрсний борлуултад бэрхшээл үүссэн. Гэхдээ бид түр зуурын хямралаас гарах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ оны эхний улиралд 850 мянган тонн нүүрс экспортолж үүний 50-иас илүү хувийг "Чалко"-гийн өрөнд өгсөн. Баруун Цанхийн олборлолтод дотоодын 30 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Нүүрсний тээвэрлэлт өнгөрсөн онд хүнд байсан.

Энэ онд тээвэрлэлтийн ажилд ахиц гарсан. Одоо дотоодын аж ахуйн нэгжийн 400 гаруй автомашин, Хятадын 300 гаруй автомашин нүүрс тээвэрлэж байна. Мөн "Шинхуа Энержи" компанитай урт хугацааны гэрээ байгуулсан. Манай компани "Энержи ресурс" компанитай хамтран нүүрсээ угааж "Шинхуа Энержи"-д 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүр нийлүүлэхээр болсон. Ингэхдээ тус компанийн Ганц модны боомт хүртэл тавьсан төмар замаар тээвэрлэж, Австралийн нүүрс ирдэг хэсэгт хүргэх юм. Энэ онд багтаж Ганц модны боомт хүртэлх төмөр замыг манай улсын хил хүртэл сунгаж барихаар болсон. Энэ нь өндөр зардлаар тээвэрлэж байгаа одоогийн байдлыг нэлээд хөнгөвчилнө.

-"Чалко"-гийн өрөнд одоо хэдэн ам.доллар төлөх вэ?

-Зүүн Цанхиас олборлож байгаа нүүрсийг 100 хувь "Чалко"-гийн өрөнд өгч байгаа. “Чалко”-д төлөх ёстой 350 сая ам.долларын 200 сая ам.долларыг нь төлчихсөн. Энэ оны нэгдүгээр улирлын тайланд “Чалко”-д  130 сая ам.долларын өр байна гэж гарсан. Одоо 40-өөд тэрбумын зээл үлдсэн.

-Ирэх зургаадугаар сард бүрэн төлөгдөж дуусах уу? Уул уурхайн сайд энэ хугацааг хойшилж магадгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Манай нүүрсний агуулахад их хэмжээний нүүрс хуримтлагдаад борлуулалтад гаргахад бэлэн болсон. Гадаад зах зээл, “Чалко”-той уулзаж байгаа хэлэлцээрүүд болон биднээс хамааралгүй хүндрэл гарахгүй бол хугацаандаа төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Дотоодын банкуудаас авсан өрөө хэрхэн барагдуулах вэ. Эрдэнэс Тавантолгой”-г өрөнд өгсөөр байгаад үлдэх юмгүй болох вий гэх хүн олон бий?

-Дотоодын компаниудаас зээлсэн мөнгийг 1-2 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй. Үүнийхээ дагуу л барагдуулна. Ер нь “Эрдэнэс Тавантолгой”-оос гарч байгаа нүүрс Монголын хөрөнгө болно гэж ойлгож болно. 2016 оноос эхлэн Тавантолгойн орд бүрэн чадлаараа ажилласнаар жилдээ 40 сая тонн нүүрс олборлох боломж бүрдэнэ.

-“Чалко”-д төлөх өр тэглэгдснээр ЭТТ-гоос эзэмшсэн  хувьцааныхаа ашгийг иргэд хүртэх боломж гарах нь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Энэ асуудал манай компанийн бизнес төлөвлөгөөнд орсон. “Чалко” компанийн өрийн асуудал дууссан тохиолдолд иргэдэд хувьцаагаа авах бүрэн боломж  нээгдэнэ.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.