Даварсан СӨХ-өө оршин суугчид өөрсдөө дарж чадна
Нийслэлийн иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг асуудлын нэг бол яах аргагүй СӨХ-ын үйл ажиллагаа байдаг. Иргэдээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө  авдаг мөртлөө оршин суугчдынхаа сэтгэлд нийцтэл засвар үйлчилгээ хийдэггүй. Авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ийн удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байна. Өөрөөр хэлбэл СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцлон хэлж байна.

Иргэдийн мөнгө хяналтгүйгээр зарцуулж,  идэж уудаг гэх гомдол маш их. Энэ төрлийн гомдол ШӨХТГ-т ирсээр удаж буй юм. Иймээс ШӨХТГ-аас Ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-үүдийг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа юм байна. 
Тодруулбал, Тус газар нь 20 гаруй байцаагчтай, шалгах асуудал их ч гэлээ гомдлын дийлэнхийг СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлж байгаа учир энэ асуудалд 6-7 байцаагч ажиллан хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. 

СӨХ-ийн эзэн нь хэн байх ёстой вэ

Өнөөдөр СӨХ гэдэг хэн нэгэн хүний хувийн бизнес мэт дүр зураг харагддаг болсоор удлаа. Өөрөөр хэлбэл  СӨХ-ийн дарга л иргэдээс хэдэн төгрөг авахаа тогтоож, байранд нь засвар үйлчилгээ хийх үү үгүй юу, цэвэрлэх үү, үгүй юу, тухайн байрыг манаач, жижүүртэй байлгах уу, үгүй юу  гэдгийг тэр л хүн шийддэг. Тэгвэл СӨХ гэж байгууллагад эзэн байх ёсгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь СӨХ нь өөрөө сууц өмчлөгчдийн холбоо гэсэн үг бөгөөд тухайн сууцанд амьдарч буй иргэдийн дундын өмч юм. Нэг үгээр тухайн байранд амьдарч байгаа иргэд аятай тухтай орчинд амьдрахын тулд дотроосоо СӨХ-оо байгуулж, өөрсдийнхөө дундаас удирдагчаа сонгож, өөрсдөө бүх үйл ажиллагаанд хяналт тавьж, байрныхаа дундын өмчид санаа тавьж байх ёстой байгууллага юм. 
Гэтэл иргэд СӨХ-ийн талаар ямар нэгэн ойлголтгүйгээсээ болж СӨХ-ийг өнөөдөр бизнесийн байгууллага болтол нь “ хөгжүүлчихээд байна”  шүү дээ. Иймээс тухайн СӨХ-ийг хэнд хариуцуулж, төлбөр мөнгөний зарцуулалтад яаж санаа тавих вэ гэдгээ ч тухайн байрны иргэд өөрсдөө сонгодог хуультай. Иймээс иргэн танай байрны СӨХ-ийг хэн нэгэн танихгүй хүн ирж удирдаад өндөр төлбөр тавиад, ажлаа хийхгүй байгаа бол та бүхэн түүнийг буулгаж, өөрсдөө СӨХ өө байгуулах эрхтэй гэсэн үг юм. 

СӨХ-ийн төлбөрийг барилгын үзэмжээр тогтоодоггүй

Нийслэл хотын зургаан дүүргийг байршлаар нь Хотын А, Б зэрэглэл, хотын захын дүүрэг... гэх мэтээр хуваадгийг бид андахгүй мэднэ. Тэгвэл энэ байдлаар, энэ хүчин зүйлээс болоод СӨХ-ийн сарын төлбөр тогтоогддог гажуудал манайд нэгэнт бий болжээ. Тодруулбал, хотын төвийн А бүс болон Зайсан чиглэлийн баячуудын хороолол гэхээр л СӨХ-ийн сарын төлбөрийг өндөр тогтоож, 30 000 төгрөг байх жишээтэй. Тэгвэл III8 IV хороолол хавиар 10 гаруй мөнгө захын дүүргээр бүр сард 3500 төгрөгийн төлбөр авдаг ч СӨХ байна. Энэ юуг хэлээд байна вэ. Та энэ талаар бодож үзсэн л байлгүй.
Гэтэл албаны хүний хэлж буйгаар, СӨХ-ийн төлбөрийг барилгын үзэмж, байршлаар бус сар бүр гарах зардлаа л тооцож, авдаг байх ёстой гэнэ. Тэгэхээр иргэн таны байрны СӨХ хэт өндөр байгаа бол тэрхүү санхүүд нь та өөрөө хяналт тавьж, зардлыг тооцож, ихэсгэх,багасгах эрхтэй гэдгээ санаарай. 
Хэрэв иргэн та байрныхаа СӨХ-ийг тохижилт үйлчилгээгээ сайн хийлгэдэг хэл амгүйхэн байлгая гэвэл СӨХ-тэй холбоотой хуулийг заавал орж уншаарай.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.