"Хобби" сургуулийн зургаан настнууд "Эрдмийн баяр"-аа тэмдэглэв
Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1994 оны намар 20 сурагч, хоёрхон багштайгаар тулгын чулуугаа тавьж, эрдмийн оргил өөд тэмүүлсэн их замналаа эхэлж байсан “Хобби” бүрэн дунд сургуулийн зургаан настнуудын “Эрдмийн баяр” өнгөрсөн хагас сайн өдөр “Улаанбаатар” чуулгын байранд болж, ухаан далай эрдэм номын түлхүүр болсон 35 үсгээ холбон уншиж, бичиж сурсан бяцхан суутнууд маань аав, ээж, ах, эгч, ачит багш нартайгаа нэг өдрийг хөгжилдөж өнгөрүүлэв.
 
Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны монгол, англи хэлний хосолсон сургалттай “Хобби” бүрэн дунд сургууль энэ хичээлийн жилд зургаан настнуудын дөрвөн бүлэгт, 130 ирээдүйн суутнууд элсүүлэн суралцуулж, “А,В,С” буюу “Эрдмийн баяр”-аа ийнхүү баяр, хөөр инээдэм наргиан дүүрэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Хуучнаар цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн буюу өнөөдрийн “Хобби” бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настнууд монгол, англи хос хэлтэн болж, XXI зуунд Монгол эх орноо удирдан манлайлах эрдмийн их оргил руугаа ийнхүү эргэлт буцалтгүй хөл тавив.
 
Зарим нэг нь аав, ээжийнхээ өвөр дээр зүүрмэглэх энхрийхэн зургаан настнууд энэ өдөр юу сурснаа аав, ээж, эрхэм ачлалт багш нартаа тайлагнаж дуу дуулж, бүжиг бүжиглэн, тэр ч байтугай бяцхан театрчилсан тоглолт үзүүлсэн нь хуран цугласан олны өхөөрдөл хайрыг оргилуулж, танхим тэр аяараа “Эрдмийн баяр"-аар давалгаалсан юм.
 
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн байранд уйл ажиллагаагаа явуулдаг “Хобби” бүрэн дунд сургууль нь 830 сурагч, 60 гаруй өндөр ур чадвартай багш, 40 орчим үйлчилгээ, аж ахуйн ажилтан албан хаагчтайгаар өдөр тутмын үйл ажиллагаа, сургалтаа явуулдаг бөгөөд Монголын хамгийн шилдэг 10 бүрэн дунд сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.
 
“Эрдмийн баяр"-аа хийсэн 130 зургаан настантай дөрвөн бүлэг нь монгол, англи хэлийг анхнаасаа зэрэгцүүлэн судалсаар төгсөх ангидаа ороод “TOEFL’’-ын бэлтгэл хичээл үзэх болно. Учир нь “Хобби” сургуулийн сургалтын арга барил, хөтөлбөр нь дээрх байдлаар явагддаг ажээ. Энэ сургуулийн жилийн төлбөр 6-10 орчим сая төгрөг байдаг ч энэ сургуульд суралцах хүсэлтэй олон хүүхэд тогтоосон тооны гадна үлдэж, элсэн орж чаддаггүй нь “Хобби” сургуулийн сургалтын чанар, багш сурган хүмүүжүүлэгчдийнх нь ур чадвартай салшгүй холбоотой юм. Д.Оюунцэцэг захиралтай “Хобби” сургуулийн эрхэм зорилго нь “Сурагч бурийг эх оронч, хүнлэг сайхан сэтгэлтэй, нийгэмд аль ч талаар ажиллаж амьдрах чадвартай, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, урлагийг биширч ойлгодог, бодит чадвартай, баялаг сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэх” ажээ.
 
Түүнчлэн энэ сургуулийн сургалтын онцлог бол Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн стандартыг бүрэн эзэмшүүлэхээс  гадна Математик, Tvvx, Уран зохиол, Газар зүй, Байгаль шинжлэл, “SAT” ба “TOEFL’’-ийн бэлтгэл хичээлүүдийг англи хэлээр зааж Харвард, Оксфорд зэрэг дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах өндөр чадвартай, оюуны потенциал ихтэй төгсөгчдийг бэлтгэн гаргахад чиглэгдэж байгааг 2014-2015 оны хичээлийн жилийн зургаан настнуудын “Эрдмийн баяр”- ын үеэр сургуулийн захирал хатагтай Д.Оюунцэцэг онцолж байсан юм.
 
Ингээд “Хобби” бүрэн дунд сургуулийн зургаан настнуудын “А,В,С” буюу “Эрдмийн баяр”-ын үеэр зарим багш сурган хүмүүжүүлэгчид болон зургаан настай ирээдүйн суутнуудтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
 
СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Д.БАЯНЖАРГАЛ: СУРГУУЛИАРАА МАШ ИХ БАХАРХДАГ
 
-Та өнөөдрийн “Эрдмийн баяр”-ыг зохион байгуулж байгаа гол хүний нэг нь юм байна. Энэ арга хэмжээний талаар товчхон танилцуулахгүй юу?
 
-Өнөөдөр хувийн хэвшлийн анхны бүрэн дунд сургуулийн нэг “Хобби” сургуулийн 2014- 2015 оны хичээлийн жилийн зургаан настай дөрвөн бүлэг “A, В, С” буюу “Эрдмийн баяр”-аа тэмдэглэж, 130 бяцхан сурагчид маань юу сурч мэдсэнээ аав, ээж, ах , эгч, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ тайлагнаж байгаа бидний хувьд хамгийн сайхан баярын өдөр болж байна.

БАГШ Л.БЯМБАНОРОВ: ЗУРГААН НАСТНУУД МАШ ИХ ОНЦЛОГТОЙ
 
-За сайн байна уу, багш аа. Та хэдэн жил багшилж байна, энэ таны дааж авсан хэд дэх анги вэ?
 
-Би 12 дахь жилдээ бага ангийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж явна. Энэ анги бол миний дааж авсан дөрөв дэх нэгдүгээр анги бөгөөд хоёр дахь зургаан настнуудын бүлэг юм. Хүүхдүүдээ хугацаанд нь уншуулж, бичүүлж сургасан “Эрдмийн баяр”-аа аав, ээж, эмээ, өвөө нартай нь хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Манай сургуулийн онцлог нь англи, монгол хэлийг нэгдүгээр ангиас нь зэрэг үзээд явдгаараа бусад сургуулиас давуу талтай гэж боддог.
 
-Өнөөдөр “Эрдмийн баяр”-аа хийж байгаа “Хобби” сургуульдаа хэдэн жил багшилж байгаа вэ?
 
-Энэ сургуульд ирээд анхныхаа ангийг дааж аваад байгаа минь энэ. Улсдаа нэртэй “Хобби” бүрэн дунд сургуульд багшилж, анхныхаа зургаан настай нэгдүгээр ангитайгаа “Эрдмийн баяр”- аа хийж байгаадаа сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Манай анги 32 сурагчтай. Өөр гурван бүлэг байгаа. Ер нь дөрвөн ангийн 130 зургаан настнууд маань 100 хувь уншиж, бичиж сурсанд багш бидний хувьд ч маш их урамтай байна. Манай сурагчид хот, улсын чанартай математик, англи хэлний олимпиадуудад энэ жил маш амжилтай оролцсоор байгаа нь бидний ажлын бас нэгэн үзүүлэлт гэж бодож байгаа.
 
-Зургаан настнуудтай ажиллахад тухайн багшаас нэлээн их ажиллагаа, ур чадвар шаарддаг байх даа?
 
-Зургаан    настай хүүхдүүдтэй ажиллах нь хуучин найман настнуудтай ажиллахаас тэс өөр,  маш их онцлогтой байдаг. Үндсэндээ эд нар маань хуучнаар цэцэрлэгийн хүүхдүүд шүү дээ. Энэ хүүхдүүдтэйгээ цэцэрлэгийн багшийн маягаар тоглоомон дээр нь тулгуурлаж уншиж, бичүүлж сургадаг. Яах аргагүй жаахан хүүхдүүд болохоор сууж сураагүй, дөнгөж л ирээдүйд ямар хүн болох төлөвшилт нь явагдаж эхэлж байгаа үе нь болохоор маш анхааралтай, хянуур ажиллагаа шаарддаг. Тийм ч учраас зургаан настай хүүхдүүдтэй ажиллах багш нар дахин сургалтад хамрагдаж, тэдний сэтгэхүйн онцлогт таарсан сургалтын арга барил зайлшгүй эзэмших шаардлагатай  байдаг. Хичээлийг маш удаан, алгуурхан, тоглоом, сургалтыг хослуулан явуулах ёстой. Хувь багшаас маш их тэвчээр, ур чадвар, сэтгэлгээний хурд, уян хатан байдал гээд маш их ажиллагаа шаарддаг.
 
-Зургаан настнууд л болсон хойно уйлна, хоол нэхнэ, нойр нь хүрнэ гээд янз бүрийн асуудал тулгардаг байх даа?
 
-Тэгэлгүй яах вэ. Бараг л дуу дуугаа аваад уйлна, нойрмоглоно, гэдэс нь өлсөж хоол нэхнэ шүү дээ. Шуугилдана, инээнэ янз бүр болно доо.
 
-Танай сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байгаа биз дээ?
 
-Хэрэгжилгүй яах вэ. Өдөр гуравдугаар цагийн дараа “Өдрийн хоол’’-оо иддэг. Дараа нь хичээл тарах үеэр бүх хүүхдүүддээ сүү, тараг өгдөг.
 
-Энэ жилийн зур­гаан настнууд бусад хүүхдүүдээсээ юугаараа илүү онцлогтой байна?
 
-Онцлогтой шүү. Нэг хэсэг Гахай, Хулгана жилтэй хүүхдүүд баахан төрсөн шүү дээ. Яг тэр жилийн хүүхдүүд байгаа юм. Тийм болохоор зургаан настнууд харьцангуй олон байгаа юм. Түүнээс гадна эд нар маань ихэнх нь айлын ганц буюу их эрх, энхрий хүүхдүүд байдаг. Айлын амьд бурхан болсон эдгээр хүүхдүүдтэй их уян зөөлөн, аргыг нь олж харьцахгүй бол болохгүй. Ер нь бүх л хүүхдүүд аав, ээж, эмээ, өвөөгийнхөө алган дээр бөмбөрч байдаг их эрх, танхил гэж ойлгож болно.
 
-Аав, ээжүүдийн зүгээс зургаан настнууддаа аль хэр анхаарал тавьж байна?
 
-Үнэхээр маш их анхаарал, халамж тавьдаг. Бараг бүгдээрээ гайгүй боломжтой айлын хүүхдүүд болохоороо гэр бүлийн нэг гишүүн нь бараг л ажил, сургуулиасаа завсардаад эдгээр хүүхдүүдтэйгээ ажиллаж байх шиг санагддаг юм. Бүгдээрээ аль нэг яамны сайд, дарга нар шиг л хичээлдээ ирж, орой тосож авна шүү дээ. Зургаан настай хүүхэдтэй айлууд эхний жилдээ ер нь өөрсдөө бүгдээрээ л зургаан настай болчихдог юм шиг санагддаг л даа. Ер нь тэр айлын нэг юм уу, нэг хэсэг хүн ажил, сургуулиа зохицуулж зургаан настныхаа хичээл сургуульд маш их анхаарал хандуулахгүй бол тухайн хүүхэд бусдаасаа хоцорчих гээд байдаг гэмтэй. Гэхдээ энэ талаар манай эцэг, эхчүүд үнэхээр мундаг хариуцлагатай ажилладаг гэж хэлж болно.
 
-Зургаан настнуудын сурах бичиг гарын авлага аль хэр хүрэлцээтэй байдаг вэ?
 
-Өө тэр талаар хангалттай хүрэлцээтэй шүү. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд бүгд хэрэглэгддэг. Харин англи хэлний тусгай сургалтанд л “Хобби” сургуулийн өөрсдийн сураг бичиг, гарын авлагыг ашигладаг.
 
НЭГИЙН “Б” АНГИЙН БАГШ Б.ГЭРЭЛЦЭЦЭГ:
 
-Зургаан настнуудын залуухан багш хэдэн онд ямар сургууль төгссөн бэ?
 
-Би 2014 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Багшийн сургуулийг төгссөн.
 
-Тэгвэл зургаан настнуудтайгаа хамт “Анхны алхам”-аа хийж байгаа юмаа даа?
 
-Та яг зөв хэллээ. Залуу багш миний хувьд ч, анхны минь дааж авсан зургаан настнуудын хувьд ч өнөөдрийн “Эрдмийн баяр” маань ёстой л эрдмийн оргилд тэмүүлсэн “Анхны алхам” маань болж байна. Үнэхээр их баяртай байна.
 
-Таны даасан анги хэдэн зургаан настантай вэ?

-Манай анги 32 хүүхэдтэйгээс 19 охин, 13 хүүтэй. Эд нар маань их цовоо, сэргэлэн хүүхдүүд байгаа юм. Багш болсон анхны жилээ зургаан настнуудтай, тэгээд ар гэр, ахуй амьдралын бололцоо сайтай, нэг ёсондоо аав, ээжүүд нь ихээхэн шаардлага өндөртэй ийм хөөрхөн хүүхдүүдийн багш болж, тэдэнтэйгээ бужигнаж яваадаа сэтгэгдэл маш өндөр байгаа.

-Хоёр талаас анхны алхмаа хийж байгаа багш, сурагчид учирсан болохоор барьц алдах, сандрах, бэрхшээх зүйл бас гардаг л байх даа?
 
-Мэдээж би ганцхан жилийн өмнө л өөрөө оюутан суралцаад явж байсан бол өнөөдөр 32 хүүхдийн ирээдүйн хувь заяаг хариуцан, тэднийг ямар хүн болохыг төлөвшүүлэлцэж яваа болохоор маш их анхаарал болгоомжтой, туйлын хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ өдөр болгон мэдэрдэг. Мэдээж эд нар маань айл айлын энхрий, нялх хүүхдүүд болохоор анх эв дүйг нь олох гэж багагүй сандарч байсан. Ерөнхийдөө тоглонгоо суралцах үйл ажиллагаа явагддаг болохоор нэг ёсны цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш болчхож байгаа юм. Түүнээс гадна хүүхдүүдээ уйдаахгүйгээр уншуулж, бичүүлж, тоолуулж сургахын тулд бага ангийн багшийн ур чадвар ихээхэн шаардагдах юм билээ. Одоо нэг үеэ бодвол багш миний хувьд ч зургаан настнууд маань ч нэлээн сайн зүгширсэн шүү.
 
-Дөнгөж сургууль төгссөн залуу багшийн хувьд Боловсролын салбартаа нэр хүндтэй “Хобби” сургуулийн босгоор хэрхэн, яаж алхан орсон нь сонин байна?
 
-Тийм. Ажил хөдөлмөрийн гараагаа хот, улсдаа нэр хүндтэй ийм сайхан хамт олны нэгэн гишүүн болон эхэлсэндээ их баяртай явдаг. Төгсөх курсын оюутан байхдаа “Хобби" сургуульдаа дадлага хийж байсан. Харин төгсөөд эндээ багшлахын тулд шалгалт өгч тэнцээд босгыг нь алхсан. Манай сургуульд маш их туршлагатай ахмад багш нар, залуу багш нарын их сайхан эвсэг, хамтач уур амьсгалтай баг бүрдсэн юм билээ. Ийм сайхан хамт олны дунд ажиллаж, хөдөлмөрлөж яваа болохоор өглөө болгон ажилдаа гүйх шахам урам зоригтой ирдэг. Өнөөдөр хөөрхөн шавь нартайгаа амьдралын их замынхаа анхны “Эрдмийн баяр”-аа хийж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна.
 
НЭГИЙН “В”АНГИЙН СУРАГЧ, ЗУРГААН НАСТАН Г.ЭНҮГЭН
 
-Миний дүү хэн багшийн анги вэ. Ангидаа хэдүүлээ сурдаг вэ?
 
-Намайг Галбадрахын Энүгэн гэдэг. Би зургаан настай. Бямбаноров багшийн ангид 32-уулаа суралцдаг.
 
-Бүх үсгээ нийлүүлэн уншиж сурсан уу?
 
-Тэгсэн. Одоо би үлгэрийн ном уншиж чаддаг болсон.
 
-Хичээлдээ явах дуртай юу, сургуулийн чинь юу нь хамгийн гоё вэ?
 
-Олон хүүхэдтэй хичээлдээ явах дуртай. Бас манай багш их сайхан зантай. Миний хамгийн сайн найз бол Эгшиглэн.
 
-Англиар хэд хүртэл тоолж чадах вэ?
 
-Би англиар 10 хүртэл тоолж чадна. Удахгүй бүгдийг нь сурч чадна гэж багш хэлсэн.
 
-Хичээл дээрээ нойр нь хүрдэг үү, өлсдөг үү?
 
-Хааяа нойр хүрээд л байдаг. Өдөр гоё хоол иддэг. Будаатай хуурганд нь би хамгийн дуртай.
 
-Ээж нь дандаа хичээлд нь хүргэж өгдөг юм уу?
 
-Заримдаа ээж, заримдаа аавын ажлын хүмүүс, хааяа аав хүргэж өгдөг.
 
-Өдөр хэдэн цаг хичээл ордог юм?
 
-Өдөр нэг цагаас ороод таван цаг өнгөрөөгөөд тардаг. Тэгээд ээжтэйгээ гэр лүүгээ явдаг.
 
-Миний дүүгийн хамгийн дуртай хичээл нь ямар хичээл вэ?

-Би монгол хэлний хичээлдээ хамгийн дуртай. Том болоод Бямбаноров багш шигээ эрдэм номтой, уурлаж загнадаггүй сайн багш хүн болно.
 
НЭГИЙН “Б” АНГИЙН СУРАГЧ, ЗУРГААН НАСТАН Б.АМАР-ЭРДЭНЭ
 
-Миний дүү хэн багшийн ангид сурдаг вэ?
 
-Манай багшийг Гэрэлцэцэг гэдэг, Манай анги 32 хүүхэдтэй.
 
-Бүх үсгээ цээжлээд уншаад сурчихсан уу?
 
-Өө бүх үсгээ цээжилчихсэн юм чинь. Багш намайг сайн байна гэсэн шүү дээ.
 
-Англиар тоолж сурсан уу?
 
-Аа, тэгж байгаад сурчихна аа.
 
-Өдөр хичээл дээрээ унтаагүй биз?
 
-Би жаахан жаахан унтдаг. Зарим хүүхэд аймаар их унтаад байдаг шүү дээ.
 
-Өдөр хичээл дээрээ заримдаа өлсдөг үү?
 
-Өө гоё хоол өгдөг болохоор өлсдөггүй шүү дээ. Аав, ээж дандаа мөнгө өгдөг.
 
-Хичээлд нь хэн хүргэж өгдөг вэ?
 
-Уг нь Баатар ах хүргэж өгдөг байсан чинь одоо Аяка ах хүргэж өгдөг болчихсон шүү дээ.
 
-Танай ангийн хамгийн сайн найз нь хэн бэ?
 
-Би тэгвэл хамгийн сайн найзаа хэлчих үү. Тэгвэл миний хамгийн сайн найз нь Төвшөөкөө гэдэг.
 
-Хамгийн гоё, дуртай хичээл нь юу вэ?
 
-Биеийн тамирын хичээл аймаар гоё шүү дээ. Гоё гүйгээд, зэрэгц, номхон ингээд байдаг шүү дээ. Бас тоглоомон дээр их тоглуулдаг.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.