Узбекистанд эрүү шүүлт хэвийн үзэгдэл болсон
Ийм мэдэгдлийг хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын Герман дахь салбарынхан хийлээ. Тэд Берлин хотноо “Узбекистан дахь эрүү шүүлт. Худал хуурмаг ба нууцлал” нэртэй илтгэлийг танилцуулсан юм.  Энэхүү танилцуулгад Узбекистанд баривчлагдан эрүү шүүлтэд орсон 60 гаруй сөрөг хүчнийхэн, сэтгүүлчид, өмгөөлөгч, улс төрийн идэвхтэн, бизнесмен, төрийн албан хаагчдын өгсөн ярилцлагыг нийтэлжээ. Гэхдээ ил тод ярилцлага өгсөн хүмүүс нутагтаа эргэн очсоны дараа дахин баривчлагдаж эрүү шүүлтэд өртөх аюул өндөр байгаа тул тэдэнтэй хилийн чанадад, маш нууц байдалд уулзан ярилцаж, нэрийг нь нууцалсан аж.
 
“Amnesty International”-ийн Герман дахь салбарын тэргүүн Сельмин Калискан “Узбекистанд эрүү шүүлт нь өргөн тархсан, өдөр болгон хэрэглэгддэг хэвийн зүйл болсон. Узбекистаны эрх баригчид баривчлагдсан хүмүүсээр хэрэг хүлээлгэх эсвэл шаардлагатай мэдээлэл олж авахын тулд эрүү шүүлтийг ашиглаж байна” гэжээ.
 
Гэхдээ хамгийн гол нь эрх баригчид эрүү шүүлтийг сөрөг хүчний төлөөлөл, эрх баригчдыг шүүмжлэгч, сөрөг хүчний дэмжигчдийг сүрдүүлэх, гэсгээх зэмсэг болгон ашиглаж байгааг онцолжээ. Мөн Узбекистаны амьдралд өргөн тархсан авлигын нарийн зохион байгуулалттай системийн илрэл болсон сүрдүүлэн мөнгө авах гэсэн үзэгдэл эрүүл шүүлттэй нягт холбоотой болж газар аваад байгааг Калискан онцолсон байна. Сүрдүүлэн мөнгө авах үзэгдлийн нэг жишээ болгож Узбекистанд жижиглэн худалдааны том сүлжээ эзэмшдэг байсан Туркийн иргэн Вахит Гюнешд тохиолдсон зүйлсийг илтгэлд өгүүлсэн байна. Илтгэлд өгүүлснээр 2011 онд Гюнеш нь Узбекийн эрх мэдэлтнүүдийн санаанд хүрэхгүй болсон тул баривчлагдан тамлуулж, эрүү шүүлтэд оржээ. Ийм нөхцөлд дүү нь түүнийг суллуулахын тулд Узбекистаны нөлөө бүхий хүмүүст 700 мянган ам.доллар “атгуулсан”. Зөвхөн үүний дараа л Гюнешийг суллан тавьсан байна. 
 
“Transparency International”-аас гаргасан улс орнуудын авлигын түвшний жагсаалтад Узбекистан нь 175 орноос 166 дугаарт буюу хамгийн өндөр авлигатай арван орны нэг болсон байдаг.
 
“Узбекистан дахь эрүү шүүлт. Худал хуурмаг ба нууцлал” илтгэлд узбекийн хүчний байгууллагуудад хэрэглэдэг эрүү шүүлтүүдийг нэг бүрчлэн тодорхойлон тоочжээ. Эдгээрт нь энгийн зодуураас эхлээд усны хоолойнд гавлаж зодох, гялгар уут толгойд нь углан бүтээх, олон хоног нойргүй байцаах, цахилгаанд цохиулах, хүчиндэх гээд төрөл бүрийн харгис арга багтсан байна. Гэтэл Узебекистанд албан ёсоор бол эрүү шүүлтийг хориглосон байдаг төдийгүй сүүлийн 10 жилийн дотор Дээд шүүхээс нь хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт ашиглах, ийм замаар олж авсан мэдүүлгийг шүүхэд ашиглахыг хориглосон дөрвөн ч тогтоол гаргаж байжээ.
 
Гэвч бодит байдал дээр Узбекистанд эрүүдэн шүүхийг зогсоох, арилгах тун амархан гэдгийг “Amnesty International”-ийн ажилтнууд онцолсон байна. Умида Ниязова энэ тухайд “Үүний тулд нэг их хөрөнгө мөнгө, хурал, хэлэлцээр огт шаардлагагүй. Узбекистанд эрх мэдлийн маш хатуу шатлал бий болсон бөгөөд бүх албад, яамд, газрууд нь чанга хяналтан доор ажилладаг тул дээрээс тушаал, заавар ирвэл тамлал, эрүү шүүлт нэн даруй зогсоно” гэжээ.
 
Энэхүү илтгэлийн танилцуулгыг Берлинд хийж байгаа нь тохиолдлын зүйл биш гэдгийг Сельмин Калискан онцлов. Учир нь Германы Засгийн газар нь Ислам Каримовын дэглэмтэй хэтэрхий нягт холбоо тогтоогоод Узбекистан дахь хүний эрхийн байдлыг хараагүй мэт царай гаргаж байгаа гэнэ. 10 жилийн өмнө Узбекистаны Андижанд болсон эмгэнэлт үйл явдлын дараагаар Европын холбоо нь Узбекистаны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч зэвсэг, зэвсэглэл нийлүүлэхийг хориглосон. Узбекистаны эрх баригчид Андижаны хэрэг явдлын талаар хараат бус мөрдөн байцаалт явуулаагүй байтал бүх хориг арга хэмжээг зогсоох талаар Германы Засгийн газар маш их чармайлт гаргасан гэдгийг “Amnesty International”-ийн Герман дахь салбарын дарга онцолсон байна.
 
 
Германы Засгийн газар нь геополитикийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ийм бодлого явуулж байна гэж Сельмин Калискан мэдэгдээд жишээ болгож Афганистанд байгаа Бундесверийн цэргүүдийн хангалтад дамжлага төв болгон түрээслээд байгаа Термез хотын нисэх буудлыг дурдсан байна. “Amnesty International” нь ийм замаар хүний эрхийг зөрчиж байгааг шууд бусаар дэмжихийг ичмээр зүйл гэж үзэж буйгаа мэдэгдээд Узбекийн төлөөлөгчидтэй уулзах болгондоо эрүү шүүлтийн асуудлыг сөхөж байхыг Германы Засгийн газраас шаардаж байгаа юм. Тэд өөрсдийн шаардлагыг баталгаажуулахын тулд шинэ ил захидал худалдаанд гаргахаар болсноо мэдэгдэв. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайерт гэж хаягласан энэхүү ил захидалд “Ноён Штайнмайер, хараагүй мэт бүү царайл. Узбекистан дахь эрүү шүүлтийг зогсоо” гэсэн уриалгыг хэвлэсэн байна. Хүссэн хүн ил захидал дээр 45 центийн марк нааж, гарын үсгээ зураад Германы Гадаад хэргийн яам руу явуулж болох юм байна.
 
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sa 2015-04-22 07:45:15
    Avilgaar neeree duursen gazar shuu naad ozbekuud chin
    182.160.36.102
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-21 08:54:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.228
    Мэдэгдсэн Хариулах