Монголын хууль гурав хоног
Нийслэл хотод хүн тээврийн үйлчилгээнд явж буй бага оврын автобус буюу микроныхныг цэгцлэхээр болж нийт долоон чиглэлд хориглосон газраар яваад эхэлжээ. Автобусны буудлууд дээр удаан хугацаанд ар араасаа эгнэн зогсож, орилж хашгирдаг эмх замбараагүй байдал нь бахь байдгаараа давтагдсаар. Уг нь тэднийг ингэж явуулахгүй хэмээн цагдаа нар хянаж байгаа ч тав, арван мянган төгрөгөөр торгоод явуулж байгааг нүдээрээ үзлээ. Хууль журам үйлчилдэггүй даварсан тэднийг дарах арга үнэхээр алга бололтой. Тэдэнд үйлчилдэг хууль, зохицуудаг журам гэж үнэндээ байхгүй байна.

Харуй бүрийтэй зэрэгцэн үнээ нэмж ганц хоёр буудал явсан ч 1000 төгрөг нэхэн, өгөхгүй гэсэн нэгнийг элдвээр хэлэн доромжилж хөөж буулгадаг, буудлуудаа дутуу зарлаж нэг эцсээс нөгөө эцэс ортлоо хоёр гурав тасалж иргэдийг шулдаг тэдний энэ байдал дэндүү удаан үргэлжилсэн. Иймээс л тэднийг эмх цэгцэнд оруулахыг хүн бүр дэмжсэн юм.

Гэтэл Нийслэлийн тээврийн газрынхан ажлаа сайтар төлөвлөж зохион байгуулаагүйн улмаас өнөөх микронууд нь өнөөдөр ч гэсэн иргэдэд үйлчилж, тэднийг шулсаар байна. Тодруулбал хориглосон долоон чиглэлд хулгайн микронууд үйлчилж өмнөх байдлаараа замын хөдөлгөөнд саад учруулан орилж хашгиран удаан хугацаанд буудлууд дээр зогссоор байна. Тэр ч бүү хэл оройн цагаар явах үнээ улам нэмж нэг буудал явсан ч 1500 төгрөгөөр явж ашигаа гаргаж авна хэмээн хээв нэг яриад явж байна.

Ийм байдал үүсгэхгүйн тулд Нийслэлийнхэн микронуудын хөдөлгөөнийг хязгаарлахаасаа өмнө эдгээр долоон чиглэлд үйлчлэх том оврын автобуснуудыг нэмж өгсөн бол илүү үр дүнтэй байх байсан болов уу. Эдгээр хориглосон долоон чиглэлдээ том оврын автоус явуулж өгөөгүй нь иргэдийн уур уцаарыг барж байсан. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт энэ долоон чиглэлд микроноос өөр унаа явдаггүй зарим газарт ажил, хичээлдээ ирж очдог хүмүүсийн хувьд нэг, хоёр буудлын наана цаана бууж алхаж очих нь хүндрэлтэй тул ганц нэг хулгайн микронд баярлан сууж байсан нь микроныхныг даврааж, Нийслэлийнхний ажлыг үр дүнгүй болгож байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.