Д.Ариунболд: Монголчууд нэгдэж чадсан учраас бид энэ шагналыг хүртлээ
Монгол уран бүтээлчид “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож, гурван сая үзэгчдийг бүтэн хоёр сарын турш огшоосон. Ийнхүү ази тивийг бишрүүлэн, дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр тус хамтлагийн залууст дурсгалын зүйл гардуулж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч X. Уламбаярыг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр мялаасан юм. Тэднийг шагналаа гардсаны дараа “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч Д.Ариунболдтой цөөн хором ярилцлаа.
 
-“Авьяаслаг Азичууд” шоуны дэд байрын шагналыг эх орондоо авч ирж, монголчууд ямар өв уламжлал, авьяас билэгтэй хүмүүс болохыг олон улсад баталж чадсан та бүхэнд юуны өмнө баяр хүргэе?
 
-Монголчууд нэгдэж чадсан учраас бид дэд байрт шалгарч чадлаа. Бид 2008 оны олимпоор, Дэлхийн мисс тэмцээний үеэр нэгдэж чадсан шигээ дахин нэгэн зорилгын дор нэгдэж чадсан учраас бид энэ амжилтыг үзүүлсэн гэж бодож байна. Биднийг дэмжсэн хүн бүрт баярлалаа.
 
-“Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлгийн шилдэг есөн оролцогч хамтарсан тоглолт хийнэ гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
 
-Ярьсан зүйл байгаа. Одоохондоо тодорхой хариу гараагүй байна.
 
-“Авьяаслаг Азичууд” шоунд өрсөлдөх бүтээлүүдээ ямар шалгуураар сонгов?
 
-Манай хамтлаг 2007 оноос хойш ардын урлагийн уралдаанд оролцож байсан. Эдгээр тэмцээнээс ихэнхдээ тэргүүн, дэд байрыг эзлэж байсан. Шоу уралдаан гэдэг утгаараа   “Авьяаслаг
Азичууд’’ анхных боллоо. Шоу нэвтрүүлэг учраас төрөл бүрийн авьяастнууд цугларч, олон нийтийг ч сайн хамарсан. Гайхшируулах зүйл ч олон байлаа. Бидний хувьд багаараа ярилцаж байгаад хамгийн шилдэг бүтээлүүдээ сонгож тоглосон.
 
-’’Авьяаслаг Азичууд” бол насны хязгааргүй, хөгжмийг амархнаар хүнд ойлгуулах зорилгоор бий болсон уралдаан. Тэгэхээр “Хөсөгтөн”-ийг ардын урлагийг орчин цагийн хөгжмийн хэмнэлд хамгийн их ойртуулж чадсан хамтлаг гэж ойлгож болох уу?
 
-Ганцхан манай хамтлаг ч биш ардын урлагаар уран бүтээлээ туурвидаг бүх хамтлаг орчин цагийн хөгжмийн хэмнэлийг хүмүүст мэдрүүлж байгаа. Энэ бол ардын урлагийг нас харгалзахгүй сонсдог болсны илрэл. Одоогоос таван жилийн
өмнө ардын урлагийг зөвхөн хөгшин хүмүүс сонсдог гэж ойлгодог байлаа. Өнөөдөр бүх насны хүмүүс сонсдог болжээ. Энэ бол дэвшил.
 
-Үзэгчид  төдийгүй шүүгчид хүртэл уулга алдаж, суудлаасаа өндөлзөж байсан. Олон улсын хараанд ч өртөөд амжлаа. Азийн томоохон продюсеруудаас ажиллах санал ирж байна уу?
 
-Биднийг наашаа ирэхийн өмнөх өдөр хамгийн том Гала тоглолт нь болсон. Тоглолт болтол нууцлалыг маш чанд хадгалахыг шаарддаг юм билээ. Өөрөөр хэлбэл, нууцлалыг хадгалах үүднээс өөр хүмүүстэй ямар нэгэн ажил ярьж болохгүй. Хэрэв уг шаардлагуудыг зөрчвөл, энэ тэмцээнээс шууд хасагдана. Одоо бол тийм санал хүлээж авч болно.
 
-Олон улсын тэмцээнд оролцож байгаа манай уран бүтээлчдийн өмнө тулгардаг хамгийн том асуудал бол санхүү. Та бүхэн санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулсан бэ?
 
-Зарим нэг орны хамтлагийн зардлыг шоуны зүгээс даадаг юм билээ. Энэ ч утгаараа манай улсыг төлөөлж оролцсон “Жалам хар’’ болон манай хамтлагийн зардлыг зохион байгуулагчид даасан.
-Өрсөлдөгчид  хэр ширүүн байв?
 
-Дэлхийн хамгийн олон хүнтэй тив бол Ази. Ардын урлагийн хувьд азийн улс орнууд өөр өөрийн гэсэн онцлогтой. Харин Европ бол ардын урлагаараа “цус ойртсон” байдаг. Энэ утгаараа уг шоунд авьяаслаг уран бүтээлчид шилдэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн. Ялангуяа сүүлийн шилдэг 24 бүтээл үнэхээр гайхалтай уран бүтээлүүд байсан.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine