Сүрьеэтэй хүмүүсийг хуурсаар байх уу
Сүрьеэ өвчин эмч нарын “толгойны өвчин” болоод байгаа. Тухайлбал, манай улсын нийт хүн амын 10 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувийг 15-49 насны хүмүүс эзэлдэг байна. Улаанбаатар хотод гэхэд жилд сүрьеэгийн 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт сүрьеэгийн шинэ тохиолдлын 50-иас дээш хувийг эзэлж байгаа аж. Ийнхүү уг аюулт өвчин эрчимтэй тархаж буйн нэг том шалтгаан нь өнөөх мундаг онгод сахиустай бөө нар болж байгаа гэнэ. Бүр албаны эх сурвалжууд үүнийг баталж байгаа юм.
 
Учир нь олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин нь хүндрээд ирэхээр таталт өгч, ухаан алдаж унах шинж тэмдэг илэрч эхэлдэг аж. Энэхүү олон эмэнд дасалтай сүрьеэ нь сүрьеэгийн эмчилгээний явцад өвчтөн эмийг алдаг оног уух эсвэл эмчилгээг бүрэн хийлгэхгүй таслах, оношлогоо, эмчилгээ хожимдох тохиолдолд үүсдэг юм билээ. Гэтэл сүсэг, бишрэлдээ хөтлөгдсөн иргэд эмнэлэгт үзүүлэхээс урьтаж ихэвчлэн лам, бөөд ханддаг гэнэ. Улмаар унаж, татаж байгаа нь бөө болох шинж тэмдэг хэмээн өнөөх бөөгийн “сүлжээ бизнес” эрхэлдэг болсон нөхөд оношилж өгдөг юм байх. Өөрөөр хэлбэл, “бөөгийн онгодтой учир буулгаж ав. Тэгэхгүй бол чамаар оролдоод байна. Хэрэв авахгүй бол гэр бүлийнхнийг чинь нэг нэгээр нь авна” гэх мэтээр сүрдүүлэн их хэмжээний мөнгө нэхэж эхэлдэг гэнэ. Гэтэл олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин нь энэ хугацаанд хүндэрч ухаан алдах, татах нь ихсэх нь ойлгомжтой.
 
Тиймээс ч арга буюу их хэмжээний мөнгийг бэлдэж, хүссэн хүсээгүй онгод тэнгэр хэмээх сүржин зүйлийг нь буулгаж авдаг аж. Нэгэнт бөө болж бөөгийн “мэргэжлээр” мөнгө олдог ертөнцөд заларсан тухайн сүрьеэтэй бөө нар мухар, сүсэг бишрэлдээ хөтлөгдөн ирэх энгийн иргэдэд шашны хачин, содон зан үйлийн хэлбэрээр өвчнөө тарааж эхэлдэг аж. Тухайлбал, үзүүлж, харуулахаар ирсэн иргэдийн нүүр рүү нулимах, аягатай архи руу нулимаад уулгах гэх зэргээр сүрьеэ өвчний нянг бусдад түгээнэ. Гэтэл тус сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг өвчин юм. Ийм л тэнэглэлд иргэд тархиа мэдүүлчихжээ.
 
Энэ мэт байдлаар иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж буй энэхүү тогтолцоог үгүй болгох шаардлага бий болжээ. Гэтэл эртнээс нааш шүтэж ирсэн бөөгийн зан үйлийг хориглож чадахгүйгээс хойш өнөөгийн онцлог нийгэмд тохирсон хууль дүрэм хэрэгтэй байгаа юм. Олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллагад авах ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгсөн эсэхийг үзэж ажил ав­даг. Үүнтэй адилхан бөө нар ч олон нийтэд үйлчилж байгаа л хүмүүс юм хойно эдгээр ажилчидтай адилхан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн байхыг шаардаж яагаад болохгүй гэж. Үйлчлүүлэгч хаан гэдэг утгаараа иргэдэд үйлчилж л байгаа юм чинь өөрийн биеийн эрүүл эсэхийг, ажлын байрны эрүүл аюулгүй байдлын дүгнэлтгүйгээр “сүлжээний бизнес”-ээ эрхэлж болохгүй мэт санагдах юм.
 
Энэ жижигхэн асуудал юм шиг харагдавч хэчнээн олон хүмүүс нэг нэгнийхээ амнаас дам сураг сонсоод сүрьеэгийн өвчтэй бөө дээр очиж, сүсэглээд сүрьеэ аваад буцаж байгааг тоолох аргагүй.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.