П.Баярцэнгэл: Од болохын төлөө дуулъя гэж боддоггүй

Залуу дуучин П.Баярцэнгэлийг дугаарын зочноор урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.

-Залуусын дунд “Yodel” цомог эрэлттэй хэвээр байна. Анхны цомог гэхэд амжилт дагууллаа шүү?

-Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч анхны цомгоо гаргалаа. Энэ урсгал нь Швейцарийн үндэсний урлаг юм билээ. Миний цомгоор дамжуулж тус улсын уламлалт хөгжим манай улсад нэвтэрч байгаад залуу уран бүтээлчийнхээ хувьд баярлаад ханашгүй нь.

-Цомогт дэлхийн алдартай ёодолчдын дуунаас гадна өөрийн чинь зохиосон дуу багтсан. Ийм төрлийн дуу зохионо гэдэг хэцүү юу?

-Өөр уран бүтээлчийн дууг байнга дуулна гэдэг утгагүй. Нэгэнт л энэ урлагаар уран бүтээл хийхээр зориглосон учраас өөрийн урын сантай болох нь чухал. Тиймээс монгол үг зохиогоод ёодолоор чимээд дуу хийлээ. Хүмүүс сайхнаар хүлээж авсанд баяртай байна.

-Дуунуудын хувьд илүү хөнгөн, хөгжилтэй байхаар төлөвлөж хийсэн юм уу?

-Цомгоороо дотоод сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн. Миний дуунууд ихэвчлэн гэгээлэг сэдэвтэй байдаг. Хүмүүст баяр баясал, инээд бэлэглэхийг хичээдэг. Дууг минь сонсоод тухайн үеийнхээ зовлонг мартаж, инээж байвал боллоо.

-Хайр гэх мөнхийн сэдвийг ч дууллаа. Ялангуяа “For you” дуу. Одоогоор чартуудыг тэргүүлсээр байна?

-Хайрын дуу хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Сонсогчид хайрын дууг сонсох тусмаа илүү ихийг хүсдэг. Би ч олон сайхан дууг амилуулахсан гэж хүсдэг юм. Хүмүүс надаас юу хүснэ би тэр бүхнийг биелүүлж, өөрийгөө нээж, харуулахыг хүсч байна.

-Нүдний чинь харцнаас хайр гэрэлтэнхэн гээд л. Дуулж байхдаа Баяраа их уяхан, сэтгэл нь хөдөлсөн харагддаг. Ер нь ямар үед чи хамгийн зөөлөн байдаг вэ?

-Уран бүтээлч, урлагийн хүмүүс их зөөлөн байдаг. Үүнийг би одооноос биеэрээ мэдэрч байна. Зарим үед дуу сонсохоороо өөрийн мэдэлгүй уйлчихдаг, уян зөөлөн болчихдог юм. Мөн хайртай дотны хүмүүс болон гэр бүлийнхэнтэйгээ байхдаа илүү уяхан байдаг байх. “For you” дууны үг, аяыг манай ах П.Отгонцэнгэл зохиосон.

-Дууны чинь ихэнхийг ах чинь зохиосон байдаг. Бас менежерээр чинь ажилладаг байх аа?

-Амьдралын хором бүрт хажууд минь байдаг ахдаа баярлаж явдаг. Ялангуяа миний уран бүтээл хийх ахтай минь салшгүй холбоотой. Магадгүй ах байгаагүй бол би өдий зэрэгтэй уран бүтээл хийхгүй байсан байх. Тиймээс ахынхаа итгэлийг алдахгүй, сайн уран бүтээлч болно гэдгээ хэлье.  

-Монголын хөгжмийн ертөнцөд залуу дуучид амжилтад хүрэхэд хэр саад бэрхшээл тулгардаг вэ?

-Хүсэл, зорилго, мөрөөдөлдөө хөтлөгдөөд хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл гэж байхгүй. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг үнэн үг шүү. Бид харьцангуй чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа. Уран бүтээл хийхэд шахаж, хавчсан сөрөг зүйл гардаггүй. Хүмүүс урам өгч, үргэлж дэмждэг. Залуу уран бүтээлчид өөрсдөө хичээвэл амжилт гаргаж чадна гэж бодож байна.

-Та нарын дунд хэр өрсөлдөөн байдаг вэ. Одоо нэг үеийн залуу дуучин олон болж?

-Өрсөлдөөн байлгүй яахав. Өрсөлдөж, шүүж, шигшигдэж байж уран бүтээл чанарждаг жамтай. Гэхдээ бид өрсөлдөгч гээд бие биедээ муу зүйл хийдэггүй. Харин ч нэгнийхээ шинэ дууг сонсоод баяр хүргэж, урам өгдөг юм. Мөн тэр дуучнаас ямар авууштай чанар, мэдрэмж байна түүнийг нь өөртөө суулгаж, суралцахыг хүсдэг.

-99 хувийн хөдөлмөрийнхөө хэдэн хувийг нь зарцуулж байна. П.Баярцэнгэл бусад дуучдаас юугаараа ялгарч, онцгой байхыг хүсдэг вэ?

-Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж байгаа. Хөдөлмөр хүнийг тэтгэдэг гэж үнэн юм билээ. Би оюутан байхдаа шинэ жилээр албан байгууллагуудаар явж дуулдаг байсан юм. Олсон мөнгөөрөө хувцас аваад өмсмөөр, хэрэгтэй зүйлээ авмаар санагдана. Гэхдээ үрж чадахгүй, уран бүтээлдээ зарцуулъя гээд хураадаг байлаа. Одоо үр шимийг нь хүртэж байна. Мөн дуучин бүхэн дахин давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой байдаг. Миний хувьд ч ялгаагүй дуулалтаараа ялгарахыг хүсдэг. Гэхдээ ёодол миний урлагийн нэрийн хуудас.

-Чи нэртэйгээ адилхан хүмүүст дандаа баяр цэнгэлийг бэлэглэхийг хүсдэг гэж ярьж байсан. Хар барааны тухай яагаад дуулахыг хүсдэггүй юм бэ?

-Хүн бүхэн л бүтэлгүй хайр, болохгүй зүйлийн тухай дуулж байхад би заавал давтаж дуулах шаардлага байна уу. Харин дуугаараа хүмүүст гэрэл гэгээ, сайн сайхны тухай хүргэмээр байна. Амьдралд болж бүтэхгүй, хүмүүсийг бухимдуулсан зүйл олон байна. Түүнээс болж хүн бүхэн л стресстэй явах боллоо. Харин миний дуу тэдгээр хүмүүст урам өгч, сэргээдэг байвал гоё.

-Клипүүд чинь инээд хүргэм, хөгжилтэй байдаг. Мөн өөрөө тоглодог чинь сонсогчдод таалагддаг юм билээ. Жүжигчин болохоор өөрөө тоглоход хялбар байдаг уу?

-Би 2011 онд Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин С.Сарантуяа багшийнхаа удирдлагад төгссөн. Мэргэжил минь надад олон боломжийг нээж өгсөн. Камерийн урд биеэ барихгүй чөлөөтэй байдаг, клипэндээ өөрөө тоглодог минь ч мэргэжилтэй минь холбоотой.

-Цаашдаа мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Дуучин, жүжигчнээ хослуулна гэж боддог. Мэдээж дөрвөн жил сураад төгсчихсөн болохоор мэргэжлээрээ ажиллах бодол бий. Гэхдээ тэр бол цаг хугацааны асуудал. Одоогоор дуундаа л анхаарч байна.

-Зарим дуучид дэндүү эрт биеэ тоох тохиолдол байдаг. Чамд тийм шинж тэмдэг илрээгүй биз?

-Тэр бол тухайн дуучны ухамсарын асуудал. Дөнгөж урлагт хөл тавьж байгаа залуус бид биеэ тоох юм бол амьдралынхаа ихэнх хугацааг урлагт зориулчихсан ахмад уран бүтээлчид минь яах билээ. Би зөвхөн өөрийнхөөрөө байхыг хүсдэг.

-Одоо чинь од болоход амархан болчихсон гээд байгаа шүү дээ. Санал нийлэх үү?         

-Би ахмад уран бүтээлчдээс үлгэр дууриал авахыг хичээдэг. Олон жилийн дараа гавьяат Б.Жаргалсайхан ах, Х.Лхагвасүрэн ах шиг чадалтай дуучин болохсон. Түүнээс од болохын төлөө дуулъя гэж боддоггүй. Урлагаас хүсэл тэмүүллээ мэдэрч байна. Ирээдүйд илүү сайхныг мэдэрнэ гэдэгтээ эргэлздэггүй. Хөгжим сэтгэлийг минь хөглөдөг. Надад уярал ухаарлыг бэлэглэдэг юм.

Ч.ГАНТУЛГА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • фэн 2014-06-04 12:00:47
    шинэ дууны хүлээлт үүсээд байгаа шүү амжилт хүсье