Залхуурал назгайрлаас болж зургаан настнууд хохирч байна
Монголчуудын тархийг өвтгөх асуудал мундахгүй олон. Өвөл болохоор агаарын бохирдол, замын түгжрэл, хавар болмогц ус шалбааг, шороо тоос, зун болмогц эрүүл бус хүнс, намар болмогц сургууль,  цэцэрлэгийн хүрэлцээнд санаа зовних нь хамгийн наад захын зүйл.
 
Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаар бараг л дөрвөн улирал дамнан санааширдаг боллоо. Санаа зовно, ярина, хэлэлцэнэ, шийдвэр гаргана. Хэрэгжүүлдэг дээр таг гацна. Хэрэгжүүлж чадлаа ч дараагийн асуудал босоод ирнэ. Төр засгаас боловсролын асуудалд анхаарал хандуулж, өнгөрсөн хичээлийн жилээс сурагчдын элсэлтийг хамран сургах тойргийн аргаар зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнд тохируулан жил бүр хамран сургах тойргийн жагсаалтыг шинэчилж байгаа. Үүний дагуу энэ жилийн нэгдүгээр ангийнхны буюу зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн.
 
Бүртгэл зохион байгуулах журам ёсоор энэ сарын 25 гэхэд дүүргүүдийн боловсролын хэлтсээс бүртгэлийн нэгдсэн дүнг нэгтгэж 30-ны өдөр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад танилцуулах ёстой. Ирэх хичээлийн жилийн бүртгэлийг ийнхүү урьдчилж явуулж буй нь 2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилготой аж.
 
2015-2016 оны хичээлийн жилд 27614 зургаан настан нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тоо гарсан. Товлосон ёсоор бол зургаан настнуудын бүртгэл дуусаад 12 хонож байна. Бүртгэл дууссан хугацаанаас долоо хоногийн дотор дүүргийн боловсролын хэлтсүүд дүнгээ нэгтгэж Нийслэлийн боловсролын газрын Ажлын хэсгийн ахлагч Ц.Жаргалантуулд өгөх ёстой байсан. Гэвч тэрбээр одоог хүртэл бүртгэлийн дүнгээ аваагүй байгаа гэнэ.
Тиймээс зарим дүүргийн боловсролын хэлтсийн дарга нараас бүртгэлийн дүнгийн талаар лавлалаа. Тэдний мэдээлснээр Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 5875 хүүхэд сургуульд элсэхээс 4422 хүүхэд бүртгэлд хамрагджээ. Тус дүүргийн 67 дугаар сургууль ачаалал ихтэй байх нь. Тус сургуульд энэ жил тус дүүргийн долоо, найм, 24 дүгээр хороонд оршин суудаг 725 хүүхэд элсэн суралцах урьдчилсан тооцоо гаргасан ч 495 хүүхэд л бүртгүүлсэн байна. Мөн “Ирээдүй” цогцолбор сургууль жил бүр ачаалал ихтэй байдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон. Тус сургуульд 225 хүүхэд элсэн суралцах урьдчилсан тооцоо гарснаас 107 хүүхэд бүртгүүлсэн байна. Мөн 65 дугаар сургуульд гурав, дөрөв, 26 дугаар хорооны 548 хүүхэд бүртгүүлэхээр урьдчилсан тоо гаргасан ч 482 хүүхэд бүртгүүлсэн байна.
 
Харин хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд энэ жил 5223 зургаан настан ерөнхий боловсролын сургуульд элсэх урьдчилсан тоо гарсан. Тус дүүргийн бүртгэл 80 гаруй хувьтай хийгдсэн байна. Тодруулбал, тус дүүргийн Боловсролын  хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Өлзийсайхан “Манай дүүрэгт урьдчилсан байдлаар 140 бүлэг нэмэгдэнэ гэсэн тоо гарсан. Энэ тоо буурах нь. 14 дүгээр сургуулийн барилгыг нурааж, шинээр барих ажлыг концессын гэрээгээр хийхээр боллоо. Энэ нь сайн хэрэг ч гэлээ энэ хичээлийн жилд тус сургуулийн ойролцоох “Шавь” цогцолбор болон 111 дүгээр сургууль ачаалал ихтэй байх нь” гэсэн юм.
 
Ийнхүү зургаан настнуудын бүртгэл 80 хувьтай байна. Тэгвэл зургаан настнууд яагаад хамран сургах тойргийн дагуу бүртгэлдээ хамрагдсангүй вэ?  Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар энэ нь хоёр шалтгаантай гэнэ. Нэгд, хувийн өмчийн сургуулийг сонгосон. Гэтэл нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сургууль нийт зургаан настнуудын 10 хүрэхгүй хувийг л элсүүлэх хүчин чадалтай гэнэ. Тиймээс бүртгэлээс хоцорсон хүүхдийн 3000 гаруй нь төрийн өмчийн сургуульд элсэн суралцах ёстой болж байна. Түүнчлэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй, эсвэл есдүгээр сараас өмнө шилжилт хөдөлгөөн хийх хүүхдүүд бүртгэлд хамрагдалгүй үлдсэн байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
 
Өнгөрсөн жилээс Хүүхэд бүрийг хөгжлүүлэх цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ сургах сонирхолтой болсон нь сургуулиудын ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болсон. Мөн энэ жил шинээр батлагдсан хамран сургах тойргийн жагсаалтаас харахад Баянзүрх дүүрэгт орон сууцны барилга хамгийн олноор баригджээ.
 
Ихэнх нь баригдаж дуусаагүй учраас тус дүүргийн  Боловсролын хэлтсээс гаргасан 5223 гэсэн урьдчилсан тоо намар болоход нэмэгдэх хандлагатай байна. Энэ мэт шалтгаанаас үүдэн хичээлийн жилийн эхэнд нэгдүгээр ангийн бүртгэлийг дахин явуулах шаардлага тулгарч байна. Энэ бүхэн эцэг эхчүүдийн хэнэггүй зангаас гадна ажилдаа хэтэрхий хойрго хандаж буй бүртгэлийн мэгжилтнүүдээс болж 5000 гаруй зургаан настан боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүйд хүрч магадгүй байна. Иймэрхүү залхуурал назгайрлаас болж улс орны ирээдүй болсон үр хүүхдүүд маань хохирч үлдэхийг зүгээр хараад суумааргүй л санагдах юм.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine