ДЭМБ-аас олгож буй батламжийг бид авах эрхтэй юу...
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан “Тамхины хууль бус худалдаатай тэмцэх өдөр” хэдэн өдрийн өмнө буюу тавдугаар сарын 31-ний өдөр тохиолоо. Үүнтэй холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуулийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, ДЭМБ-аас Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яаманд тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Батламж хүргүүлсэн мэдээг дуулгасан юм. Мэдээж, олон улсын байгууллагаас батламж, өргөмжлөл авах нь нэр хүндийн сайхан хэрэг байдаг байх. Гэхдээ бодит амьдрал дээр харахаар манай улс тамхины худалдаа, тамхи таталтад үнэхээр хяналт тавьж чадаж байгаа бил үү. Нэг хуульд өөрчлөлт оруулсныг эс тооцвол хэрэгжилт дээрээ бол “инээдтэй шүү дээ”. Тэгэхээр манай холбогдох яамныхан ДЭМБ-аас тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулсан гэх Батламж авч байгаадаа ичмээр л байгаа юм даа. Хууль л гарснаас бус хэрэгжилт нь хаана ч байхгүйн төлөө энэхүү батламжийг авна гэдэг өөрөө шударга бус.


Яагаад гэхээр, манай улс тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилгоор  2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан билээ. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь Тамхины хяналтын тухай хуулийн гурав дахь удаагийн шинэчилсэн хувилбар байсан. Мэдээж, хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах бүр сайжирч, өмнөхөөсөө хэрэгжилт нь илүү болно хэмээн найдаж байсан ч амьдрал дээр энэ хууль хэрэгжээгүй. 

Товчхондоо олон нийтийн газар тамхи татсан иргэн 50 мянган төгрөгөөр торгуулах бол аж ахуйн нэгж, байгууллагын эзэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 хүртэлх хувиар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу доод тал нь гурван сая төгрөг төлнө. Гэтэл хаа сайгүй тамхидалт явагдсаар байгаа нь нүднээ ил харагдаж байгаа ч өнөөдөр үүнд хяналт тавьж байгаа нэг ч хүн алга.   

Мөн дэлгүүрт тамхийг ил худалдаалахыг хориглочхоод байхад гэр хорооллын, байтугай хотын төвийн зарим дэлгүүрүүд, автобусны буудлууд дээр тамхийг  ширхгээр нь болон хайрцгаар нь худалдаалж байна.  Уг нь энэ хуулийн хэрэгжилтэд Засгийн газар, бүх дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн бие бүрэлдэхүүн, эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан, салбар нэгжийн удирдлагууд гээд шат шатны байгууллага хяналт тавих үүрэгтэйг хуульд тусгасан. Гэтэл үүргээ биелүүлж буй албан хаагч, үүргээ ухамсарлаж буй иргэн өнөөдөр нэг ч алга. 

Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт тодорхой гэрчилнэ. Учир нь энэ шалгалтаар Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг болон гар дээрээс ширхэглэн худалдаж байгаа нь тогтоогдсон байна.
Шалгалтын явцад 1053 хайрцаг тамхи хураан авч улсын орлого болгон, дөрвөн аж ахуйн нэгж, 22 иргэнд гурван сая гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ. 
Тамхи хууль бусаар худалдаалагчдыг ингээд торгоод өнгөрдөг юм байж.

Харин хориотой газар тамхи татаж байгаа энэ олон хүмүүсийг яах вэ. Нөгөө 50 мянгаар торгох асуудал бүр “мартагдаж орхигдсон шүү дээ”. Учир нь жирийн нэгэн иргэн хүн очоод тэднийг "хориотой газар тамхи татлаа" гээд торгох гэж оролдвол ёстой тэдний хөх инээд хүрэх байлгүй. 

Хүүхдийн цэцэрлэгийн , сургуулийн хажуугийн дэлгүүрийн гадна жолооч нар замын хөдөлгөөнд орж байхдаа, гудамжаар алхаж байхдаа ч хориглосон бүхий л газар хүмүүс тамхи татна. Тэднийг хянах хүн ч үгүй байна шүү дээ. 
Тэгэхээр манай улс тамхины хяналтыг хэрэгжүүлж байна хэмээн олон улсад зарлавал "худлаа хэлсэн" болно биз дээ. Иймээс ийм ичмээр байдалд орохгүй төлөө энэ тамхи татагчид "хичээж", худалдаалагчид нь өөрсдөө үүргээ ухамсарламаар л байгаа юм даа. 

Мөн хэдэн сарын өмнөөс хотын гудамжинд "Тамхи татдаг" цэг гэсэн хаягтай цөөхөн хэдэн байр харагдах болсон. Гэвч өнөөдрийг хүртэл онгойсон нь үгүй. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 20 байршилд буюу Бөхийн өргөөний өмнө, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал, Халдвар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо, Цэцэрлэгт хүрээлэн, Офицеруудын ордны автобусны буудал, Баруун дөрвөн замын ойролцоо зэрэг газруудад 3:4 хэмжээтэй шилэн хоргууд байрлуулсан. Ойролцоогоор 10м хэмжээтэй энэ тамхи татах цэгийг төмөр рам зангидаж, шилэн хана босгож хийсэн бөгөөд нэг бүрийн үнэ нь 14-15 сая орчим төгрөг болсон байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 300 сая төгрөгийн төсвөөр 20 байршилд зориулалтын гэх тамхи татах цэг байгуулжээ. Энэ зардлыг Нийслэлийн төсвөөс гаргасан бөгөөд тамхи татах цэг нь агаарыг шууд цэвэршүүлж гадагшлуулах филтер бүхий сэнстэй, дотроо үнсний сав, ледээр урсдаг зарын самбартай, 6-8 хүний багтаамжтай, нарны энергиэр ажилладаг, тог гаргагч зэргийг байршуулсан ухаалаг шийдэлтэй гэх.
Гэвч энэ оны эхээр байршуулж эхэлсэн тамхи татах цэг өнөөдрийг хүртэл төмөр цоожоор цоожлогдсон хэвээр байна. 

Манай улс тамхины хяналтыг ингэж л хэрэгжүүлж байна даа. Юу ч гэхэв. Тэгсэн хэрнээ бас ДЭМБ-аас онц дүн авч, Батламжаар шагнуулна гэж байгаа. Ичмээр л хэрэг.

Нөгөөтэйгүүр, хэзээ дахин засагдах нь тодорхойгүй, хэн хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй, хэн хяналт тавих нь тодорхой бум Тамхины хяналтын тухай хуулиа хэзээ нэг мөр хэрэгжүүлдэг болох юм бэ дээ, мэдэхгүй.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk  2015-06-03 05:16:42
    Яаж авч чаджийнаа. Өмнөөс нь иччихлээ. Улайчихлаа байна.
  • turuu 2015-06-03 04:47:24
    odoo tamhi chuluutei tatdag humuus bhgui bolson haach orson ih tseverhen bolson shuu gadaadiin baiguulga zugeer batlamj shagnan gj bh gui yamar manaihan bish de...
  • кк 2015-06-03 01:39:55
    Тамхины хяналтын тухай хуулиа бүгдийг нь нэг унш даа, сэтгүүлч ээ. олон зүйл заалт бий дээ