Эдийн засгийн байнгын хороо "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг дэмжсэнгүй

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.03/ хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцлөө. Төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн системийн тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын мэдээллийг цахимжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж, иргэдийн технологийн хэрэглээний тэгш бус байдлыг багасгах зорилтыг тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Төсөл нь 4 үндсэн бүрдэл хэсгээс бүрдэж буй бөгөөд эхнийх буюу Иргэдийн оролцоог дэмжих ажлын хүрээнд төрийн лавлах үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн санал, хүсэлт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар шийдвэр гаргалтад туслах аж.

Хоёр дахь хэсэг нь Төрийн мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоог бий болгох юм байна. Энэ хүрээнд төрийн байгууллага хоорондын системийн уялдааг хангах, давхардлыг арилгах зорилго бүхий Үндэсний интерпрайз архитектур бий болгох, төрийн байгууллагуудын бизнес процессыг загварчлах, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн дэд бүтцийг бүхэлд нь хамарсан төрийн үүлэн тооцооллын дэд бүтцийг байгуулах, төрийн дата солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инновацийг дэмжих, эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах, шаардлагатай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөсөн байна.

Төрийн нээлттэй мэдээлэл, өгөгдлийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд тус орчныг бүрдүүлэх үнэлгээг зохион байгуулж, хэрэгцээг тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мэдээллийн чанар, төрөлжилтийг хангасан дата нийлүүлэх, Үндэсний статистикийн хорооны дата үйлдвэрлах чадавхыг бэхжүүлэх ажлыг хийх гэнэ.

Төслийн удирдлагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцаж, бүрэлдэхүүн тус бүрээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хэрэгжүүлэх юм байна.

19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэйгээр 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр авах ажээ.

УИХ-аас төслийн агуулга, бүтцэд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасныг Дэлхийн банк болон төслийн ажлын хэсэг хэлэлцэн тохиролцсон гэж сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Гишүүд уг төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар, мөн хэрэгжих хугацааг лавлаж байлаа. Түүнчлэн үүнтэй адил төрлийн өмнө нь хэрэгжсэн төслийн үр днгийн талаар тодруулсан.

Монгол Улсын цахим засаглалын шалгуур үзүүлэлт одоо 65 дугаарт жагсаж байгаа бол төслийг хэрэгжүүлснээр 50 дугаарт хүртэл дээшилнэ гэж тооцож байгаа юм байна. Түүнчлэн зардал багасч, нээлттэй өгөгдөл, мэдээлэл, инновацийг дэмжих хөтөлбөр, шинэ бизнес бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж Ажлын хэсгийн гишүүд хариулсан. Түүнчлэн ард иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ улам боловсронгуй, шуурхай, найдвартай болно гэлээ. Төслийг 2015-2019 онд хэрэгжүүлэх юм байна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний дата төвийг байгуулан, одоо тус төвийн 70 хувийг ашиглаж байгаа. Гэхдээ тус төвд доголдол гарвал мэдээлэл алдагдах аюултай учир төслийн зарим үйл ажиллагааг дээрх төв рүү чиглүүлж байгаа хэмээн Ажлын хэсгийн гишүүд хэлсэн юм. Төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулсны дараа гишүүд асуулт асуун, хариулт авсан.

Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 43, найруулгын 12 саналын томьёоллыг хуралдаанд танилцуулсан бөгөөд санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдан, гишүүд байр сууриа нэгтгэж амжаагүй учир хэлэлцүүлгийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-03 07:54:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах