Хэвийн хэмжээнээс хэтэрсэн хөрсөн дэх хар тугалга гүний усанд нөлөөлөх аюултай
Нийслэлчүүд бид мөн ч их зовлонтой улс юм даа. Ингэж хэлэхийн учир өвлийн улиралд утаа угаараар амьсгалж, угаадсан дээрээ хальтирч унах шахан тэмтчин гүйгээд. Сая нэг урин цагтай золгохоор өнөөх хог шороо, угаадас шээсний эхүүн үнэр хамар цоргин үнэртээд цээж дүүрэн амьсгалж амар тайван алхах хувь тавилан даанч нэг алга даа.Гэр хорооллын гудамж өвлийн гурван сар “мөсөн гулгуур”-ын талбай болж хувирна. Зүгээр ч нэг мөсөн гулгуур биш. Үнс нурам, хог, угаадас, ялгадас барьцалдан хөлдсөн бохир заваан “мөсөн гулгуур”. Үүгээр гэр хороололд амьдрах олон хүн ажил сургууль, цэцэрлэгтээ явахаар нааш цааш хөлхөнө. Энхэл донхол замтай нарийхан давчуу гудамжинд хир дааг савангийн хөөстэй бохир усаа надад хамаагүй гэсэн шиг нэлийтэл нь асгачихаад хээв нэг явж одох нь энүүхэнд. Энэ бол хотын аль ч хэсэгт байх гэр хорооллын гудамжнуудад үзэгддэг хэвийн дүр зураг. Гэтэл хавар урин цаг ирэхэд өнөөх угаадас нь нохойн баас шээс, ил задгай байрлах гэр хорооллын 00-ын үнэр гээд холилдон үнэртэж ёстой л нэг амьсгалах аргагүй болно. Үүнээс үүдэж сүүлийн жилүүдэд хөрсний бохирдол аюулын харанга дэлдэх боллоо.

Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байгаа юм. Нийслэл хотын хэмжээнд химийн хорт бодис ялгаруулдаг 700 гаруй үйлдвэр, компаниуд байдаг байна. Улаанбаатар хотын хэмжээнд азот, цианит натри, хлор, бром зэрэг хүнд хортой элментүүд орон зайн хувьд хэлбэлзэлтэй байдаг гэх. Гагцхүү ингэж тархсан нь хөрсний бохирдлын хүрээг тэлэх гол зүйл болдог аж. Тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй бохирдол үүсгэгч нь нийслэл хотын хэмжээнд 43,7 микрограмм байдаг бөгөөд Судалт төв, Да хүрээ зах, Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг  орчим зарим газраар 3-4 дахин их байгаа юм.

Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвч маш хүчтэй элэгдэл эвдрэлд орсон, ургамал бүрхэвч талхлагдсан хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан байна. Улаанбаатар хотод хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрсөн, бага оврын уурын зуух ба ердийн галлагаат зуух, автомашины тоо эрс нэмэгдэж байгаа зэрэг нь хөрсний бохирдлын голлох эх үүсвэр болж байна. Мөн хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл бол гэр хорооллынхны ил задгай бие засах газар болоод, энд тэндгүй асгасан бохир ус юм.

Бохирдсон хөрсөнд энгийн эгэл биетэн ялааны авгалдай, өт хорхой, бактери, вирүс үржих таатай нөхцөл болдог аж. Өвчин үүсгэгч нян нь хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдан өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Тодруулбал, цусан полимиелитийн вирүс 100-150 хоног, газовая гангрена нянгууд хэдэн жилээр хадгалагддаг байна. Сүүлийн жилүүдэд халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо урд жилүүдийнхийг бодвол эрс нэмэгдсэн. Үүнийг ч хөрсний бохирдолттой холбож үзэхэд гэмгүй юм. Өвчин үүсгэгч нянгууд нь бохирдолтой хөрстэй хавьтсанаар, эсвэл ийм хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хүүхдүүд бохир хөрс, шороогоор тоглох, жимс, хүнсний ногоог угааж цэвэрлэхгүйгээр хүнсэнд хэрэглэхэд хүнд халдвар тараадаг байна. Мөн өвчин үүсгэгч нян ялаагаар дамжин хүнд халдвар тараах аюултай байдаг аж. Энэ мэт хөрсний бохирдлоос үүдэлтэй халдвар тархах аюул Нийслэлд нүүрлээд байна. Нэгэнт л бохирдчихсон хөрсийг өнөөдрөөс эхлэн ариутгаж, халдваргүйжүүлэлт хийхгүй бол халдварт өвчин ихсэхгүй гэх баталгаа алга.

Түүнчлэн Газарзүйн хүрээлэнгийн ажилтнууд Улаанбаатар хотын 340 цэгээс хөрсний дээж аван, зургаан төрлийн хортой элементийн судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар дээрх хөрсний дээжүүдээс хар тугалага байж болох хэмжээнээсээ 2.5 хувиар, хромидын хэмжээ 5.9 хувь, кадми 3.3 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Харин никелийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ даваагүй аж. Ялангуяа авто засварын газрууд, техникийн захуудын ойр орчмын хөрснөөс хар тугалгын хэмжээ хэвийн байх ёстойгоосоо хэтэрч, их хэмжээний бохирдолттой болох нь тогтоогдсон байна. Гэхдээ хаягдал төмөр гэх мэтчилэн хоёрдагч түүхий эд авдаг цэгүүдийн ойр орчмын хөрс дээрх газруудынхаас илүү хар тугалгаар бохирджээ. Иймээс хур тунадас орлоо гэхэд дээрх хортой элемэнтүүд нь хөрсний гүнд нэвтэрч, гүний усыг бохирдуулах магадлалтай байдаг аж.  Мөн салхиар дамжин бидний бие организмыг хордуулах аюултай юм байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар агаар дахь хар тугалгын хэмжээ хүний амьсгалах хэвийн хэмжээнээс 2-3 процентоор давжээ. Эндээс үзэхэд байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн хөрсөн дэх хар тугалгын хэмжээ гүний усанд аюул тарьж мэднэ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.