Г.Жаргалсайхан: МИАТ-ийн шинэ онгоц тун удахгүй Улаанбаатарт газардана
Өнгөрсөн оны тавдугаар сард  МИАТ ХК  “Боинг 767-300” загварын шинэ онгоцоо хүлээн авч байсан билээ. Харин хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 10-нд Улаанбаатарт дахин нэгэн шинэ онгоц  газардах гэж байна. МИАТ компанийн хувьд 100 хувь парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тиймээс  ч ирэх  2016 онд дахин хоёр шинэ онгоц авахаар төлөвлөөд байгаа аж. Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн захирал, Монгол Улсын гавъяат нисгэгч Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-Тун удахгүй танай ком­па­нийн шинэ онгоц Улаанбаа­тарт газардах гэж байгаа юм бай­на. Ямар онгоц, хаанаас авч байгаа юм бэ?

-2013 оны хоёрдугаар сард УИХ-аас баталсан “Төрөөс иргэ­ний нисэхийн салбарт 2020 он хүр­тэл баримтлах бодлогын ба­римт бичиг”-т тусгагдсаны да­гуу, мөн Засгийн газраас үүнийг үндэслэж гар­гасан тө­лөв­лө­гөөний хүрээнд  МИАТ ХК парк шинэчлэлт хийж, нийт онгоцныхоо 70-80 ху­­вийг шинэчлэх төлөвлөгөө гар­­га­сан. Энэ хүрээнд “Боинг 737-800” загварын онгоцыг 2014 онд хүлээж авах гэрээг 2011 онд үзэглэсэн бай­­даг юм.

Үйлд­вэрээсээ ши­нээр гарч байгаа он­гоц. Энэ онгоц тавдугаар са­рын 10-ны 16.00 цагийн орчимд Улаан­баа­тарт газардах гэж бай­на. Тө­лөв­лөгөөний дагуу бүх аж­лууд хийгдэж дууссан. Тухайн ком­­паниас гадна манай нисгэгч нар очиж, шалгах нислэгийг хий­дэг. Тэд шалгаж үзээд бидний за­хиалсны дагуу бүх зүйл хэвийн бай­гаа тухай мэдээлсэн.

Ингээд төлөвлөгөөний дагуу энэ сарын 10-нд Улаанбаатарт газардахаар бэлтгэлээ хангаад байж байна даа. Ирэхдээ хоёр удаа бууж, ирнэ. Тодруулбал, Аляскад, ОХУ-ын Магдан хотод буугаад Монголд ирэх юм. Энэ маань дунд буюу богинын зайны онгоц учраас бууж, сумлах шаардлагатай.

Өнгөрсөн онд бид “Боинг 767-300” загварын онгоцыг авч байсан. Жилийн дараа МИАТ ХК дахин шинэ онгоцоор паркаа сэлбэж байна. Энэ нь зорчигчдын аюулгүй, ая тухтай байдал болон бусад үйлчилгээ сайжрахад ахиц, дэвшил гарч байгаа гэдгийг танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Энэ удаагийн онгоцыг түрээсээр авч байгаа юм бай­на. Ер нь ямар зарчмаар онгоц түрээсэлдэг юм бэ?

-Санхүүгийн болон үйл ажиллагааны гэж хоёр төрлийн түрээс байдаг. Тодорхой хугацаанд түрээсэлж байгаад  төлбөр нь дуусахаар  өөрийн болгож авахыг санхүүгийн түрээс гэдэг. Манайх санхүүгийн түрээсээр “Боинг А 310” гэдэг онгоц авч байсан. Энэ онгоцыг 10 жил түрээсээ төлж байж, өөрийн болгож байлаа шүү дээ. Харин үйл ажиллагааны түрээс гэдэг нь өөрийн болгохгүйгээр 5-15 жил түрээсэлдэг.

Санхүүгийн түрээс арай өөр үнэтэй, үйл ажиллагааны түрээс бас нэг өөр үнэтэй байх жишээтэй. Үүгээрээ л өөр хоорондоо ялгаатай. Энэ удаагийн онгоцыг бид үйл ажиллагааны түрээсээр авч байгаа. Түрээсийн үнэ дэлхийн дундаж үнэтэй ойролцоо.

Бид сая очиж, уулзахдаа түрээсийн үнэ болон хүүг илүү  уян, хатан байлгах талаар ярилцсан. Ер нь дэлхий даяараа  эдийн засаг хүндэрч байгаа нь манай улсад ч ялгаагүй нөлөөлж байна. Үүнийг дагаж манай компанийн орлого буурах, зорчигч багасах үзэгдэл гарч байгаа. Бид өнгөрсөн онд онгоц худалдаж авахдаа БНТУ-ын Экзим банктай 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөрийг нь хийсэн.

Зээлийн хүү болон үндсэн зээлийнхээ төлбөрийг бид сар бүр хийнэ. Ний нуугүй хэлэхэд энэ нь бидэнд нэлээд хүнд тусч байна. Үүнээс гадна дахин хоёр шинэ онгоц авах ёстой. Эдгээрийг авахын тулд зээлийн хүү, төлбөрийг төлөх шаардлагатай. Энэ мэтчилэн бидэнд санхүүжилт маш их хэрэгтэй байгаа юм л даа. Манай хамт олны хүсч байгаа зүйл бол Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт хийх.

Хэрвээ Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, санхүүжилт олговол бидэнд ажиллах бүрэн боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх зэргээр ажиллах бүрэн боломж байгаа юм. Харамсалтай нь бид үйл ажиллагаагаа тэлж чадахгүй байна. Учир нь санхүүгийн боломждоо хязгаарлагдаад байгаа юм. Мэдээж үйл ажиллагаа тэлэхийн хэрээр зардал гарна.

Ялангуяа шинэ чиглэлд нислэг үйлдэхэд эхний хоёр жилдээ ямар ч авиа компаниуд ашигтай ажиллах гэсэн ойлголт байдаггүй юм. Энэ нь практикаар батлагдсан зүйл. Тухайлбал, бид Токио руу 10 гаруй жил нисч байж одоо л зарлага, орлого хоёр нь тэнцэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ онд  жаахан ашигтай ажиллах болов уу гэсэн хүлээлт үүсчихээд байна л даа. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр чиглэл бүхэн ашигтай байдаггүй юм гэдгийг л харуулж байна шүү дээ. Гэхдээ чиглэл бүхэн харилцан адилгүй. Хонконгийн чиглэлд хоёр жил алдагдалтай ниссэний эцэст сая нэг юм арай гэж алдагдлаа нөхөөд, ашигтай ажиллах дүр зураг харагдаж эхлэнгүүт “Хүннү эйр” гэдэг авиа компани орчихлоо.

Ингээд одоогийн байдлаар хоёулаа алдагдалтай нислэг үйлдэж байна, Хонконгийн чиглэлд. Энэ мэтчилэн гадаад, дотоод хүчин зүйл бизнест нөлөөлдөг. Үүнээс гадна бидний бизнест нөлөөлж байгаа зүйл бол гадаад валютын ханшийн өсөлт. Энэ мэтчилэн хүндрэлүүд байна. Тиймээс ч төрийн тусламж хэрэгтэй байгаа юм.

-Тэгэхээр Засгийн газраас сан­­хүүжилтэд дэмжлэг үзүүлэ­х­ийг хүсч байна гэж ойл­гож болох уу?

-Тийм. Тухайлбал, эхний онгоцыг маань төр санхүүжүүлээд худалдаж аваад өгчихвөл бид амьсгаа авах гээд байна. Худалдаж авч өгч чаддаггүй юм гэхэд маш бага хүүтэй, урт хугацааны зээлийн эх үүсвэрийг олж, нөхцлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байгаа. 5-10 жилийн хугацаатай болохоор бидэнд дарамттай байна.

Тиймээс ч бид салбарын яам, Засгийн газар, ТӨХ-нд асуудлыг оруулаад, хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Маргааш /өнөөдөр/ гэхэд бид ТӨХ-нд зээл авах талын асуудлуудыг оруулна. Хэрэв бидний төлөвлөсөн ёсоор асуудал нааштай шийдэгдвэл үйл ажиллагаагаа тэлэх, өргөжүүлэх төлөвлөгөөнүүд бий.

Бидэнд ирэх гурван жил их хүнд тусах нь. Үүнийг хамт олон маань ч ойлгож байгаа. Хамт олон чадах чинээгээрээ зардлаа хэмнэх боломжийг эрэлхийлж байна. Зөвхөн нислэгээс гадна орлогоо нэмэгдүүлэх ямар гарц, боломжууд байна вэ гэдгийг бид эрэлхийлж байгаа. Нислэгийнхээ чиглэлийг гурав дахин нэмэгдүүлэх зэргээр төлөвлөсөн ажлууд чамгүй бий. Орлого, зарлагыг тэнцвэржүүлж, зарлагыг нөхөж байдаг хөрөнгө хэрэгтэй байна.

Ингэж байж үйл ажиллагаа тэнцвэртэй үргэлжилнэ. Энэ мэтчилэн бидэнд мөнгө их хэрэгтэй байна. Ер нь санхүүжилтийн асуудал нааштай шийдэгдвэл  ирэх 2016 онд дахин хоёр шинэ онгоцтой болсноор парк шинэчлэлт 100 хувь хийгдэж байгаа юм. Энэ нь бидний үзүүлэлтэд сайнаар нөлөөлж байна. 90-100 хувь нь шинэ онгоц бүхий парктай авиа компани ховор. Үүнийг л ажил хэрэг болгох гээд ажиллаж байна.

-Дараагийн хоёр онгоцыг бас тү­рээсээр ав­на гэсэн үг үү?

-Уг нь 2016 онд авах хоёр онгоц Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ хүрээнд хоёр онгоцыг худалдаж ав гэсэн. Ингэхээр нөгөө л хөрөнгө, санхүүгийн асуудал сөхөгдөж байгаа юм. Үүний тулд өнөөх л 20-30 жилийн урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг олж өгөх шаардлагатай байгаа юм.

 Бид эргээд төлж чадахгүй биш чадна. Юу гэж хэлэх гээд байна гэхээр үндэсний агаарын тээвэрлэгч, төрийнхөө компанид бодит хөрөнгө оруулалт хийж, 200 сая ам.долларын санхүүжилт олгочихвол ажиллах  бүрэн боломж нээгдэх гээд байна л даа. Тухайлбал, бид АНУ руу нислэг үйлдэхээр хөөцөлдөж байна.

Үүний тулд Франкфуртаар дамжиж болж байна, Токиогоор дамжаад цаашаа нисэх боломж бий. Баруун, зүүн эрэг рүү нь аль, аль чиглэл рүү нисч болж байна. Ер нь асуудал шийдэгдвэл ирэх намраас Бээжингээр дайраад Сингапур руу нисэх тухай ярилцаж байгаа. Лондон нисэх, Европын зах зээл рүү нэвтрэх, Бангконг руу, Дели рүү гэх мэтчилэн шууд нислэгүүдээ үйлдэх бүрэн боломж бий. Хамгийн гол нь бидэнд хөрөнгө мөнгөний асуудал тулгамдаад байна.

-МИАТ-ийн хувьд Боингийг сонгодог. Харин зарим авиа компаниуд Аэробусыг сонго­сон байх юм билээ. Энэ хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Дэлхий дээр Боинг, Аэробус гэсэн хоёр том концерн байна. Манайх Боингийг сонгосон, харин “Хүннү эйр” сая Аэробусыг сонгочих шиг боллоо. Хоёулаа мундаг, өрсөлдөгч компаниуд. Тэр утгаараа аль алинаас нь улс орнууд сонголтоо хийж байна. Аль нэг үзүүлэлтээрээ нэг нь давуу байхад  нөгөөд нь мөн л давуу үзүүлэлт байх  жишээтэй. Нарийвчлаад мэргэжлийн талаас нь үзвэл ойролцоо үзүүлэлттэй.

Эдийн засаг болон бусад аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг нь харвал адилхан. Өмнө нь бид Боингоор нисч байсан, одоо ч нисч байна. Эндээс харагдаж байгаа юм л даа. Эдэлгээ даах чанар, инженер техникийн болон нисэх бүрэлдэхүүний талаасаа идээшсэн, дассан гэдэг үүднээсээ  сонгосон хэрэг. Монгол хүний нэг онцлог байдаг шүү дээ. Дассан зүйлээ солих дургүй байдаг шиг.

Тэр утгаараа л бид Боингийг сонгодог. Түүнээс биш энэ нь сайн, тэр нь муу гээд байх зүйл байхгүй. Боинг концерн “Dreamline” гэдэг онгоцыг үйлдвэрлэсэн байна.  Бид тэр онгоцыг 4-5 жилийн дараа худалдаж авахаар төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Тэгэхээр Боингоор дагнаад үйл ажиллагаагаа явуулах бодол бий.

-Шинээр нээхээр төлөвлөж байгаа нислэгийн чиглэлүүд таны ярианд дурьдагдсан. Тэгвэл одоогийн байдлаар та­най компани яг хэчнээн чиг­лэлд нислэг үйлдэж байна вэ? 

-Ази чиглэлдээ Японы Токио, БНСУ-ын Сөүл хот, Бээжин, Хонконг гээд дөрвөн чиглэлд нислэг үйлдэж байна. Эрээн хот руу өнгөрсөн жилээс нислэг үйлдэж эхэлсэн. Эрээн хотын эйрпорт олон улсын зэрэглэлээ авчихвал бүтэн жилийн турш нислэг үйлдэх боломжтой. Одоо 5-6 дугаар сараас Эрээн рүү нисэх төлөвлөгөө байна.

Үүнээс гадна Японы Осака руу улирлын чанартай нисдэг. Ингэхээр Ази чиглэлийн нийт зургаан чиглэлээс хоёр нь улирлын чанартай, дөрөв нь тогтмол гэсэн үг. Харин Европ руу Берлин, Москвагийн чиглэлд нисч байна. Ингэхээр нийтдээ найман чиглэлд нислэг үйлдэж байна гэсэн үг.

Ирэх сарын 19-өөс Франкфурт руу нислэг үйлдэнэ. Намраас Сингапур руу явъя гэвэл 10 болж нэмэгдэнэ. Ингээд энэ жилдээ 10 чиглэлд нисэх төлөвлөгөөтэй байна. Яах вэ, өөр шинэ чиглэл нээж болно.

-Шинэ чиглэл нээхэд ямар саад, бэрхшээл тулгамдж байна?

 -Шинэ чиглэл нээх гэхээр өдөр тутмынхаа үйл ажиллагааны зардлыг нөхөж чадахгүй болчихоод байгаа юм. Би зүгээр нэг тоо хэлье. Бид шинэ онгоцныхоо хүү болон зээлийн зардалд сар бүр 1.7 сая ам.доллар илүү төлөх шаардлага гарч байна. Ингэхээр ямар их хүнд дарамт, ачаа бидний нуруун дээр ирж байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь бидний нислэгийн чиглэл нэмэгдээгүй, орлого өнгөрсөн оныхоосоо буурч байна.

Эдийн засгийн тогтворгүй байдлаас болж. Үүнээс гадна энэ бизнес чинь өөрөө тогтворгүй байдаг юм. Тухайлбал, саарс гэдэг ханиад гарчихвал дагаад хэдэн сараар орлого буурах жишээтэй. Энэ мэтчилэн гэнэтийн тулгарч болзошгүй хүндрэлүүдийг даах чадвартай байх ёстой, авиа компаниуд.

Дараа нь нөхнө шүү дээ. Үргэлж ийм байхгүй нь мэдээж. Тэгэхээр эдийн засаг муудлаа гэхэд дараа, дараагийн жилүүдэд байдал сайжрахад бидний үйл ажиллагаа дагаад л сайжирна. Үүнээс эмээх зүйл байхгүй. Хамгийн гол нь эрсдэлт үеийг даван туулахын тулд цаана нь тогтвортой хөрөнгө, санхүүжүүлэгч байх хэрэгтэй.

Түүнээс биш ямар нэгэн айдас байхгүй. Бусад улсуудын авиа компаниудыг харж байхад ардаа их том санхүүжүүлэгчтэй юм билээ. Дэлхий дахинд дайн байлдаан болж байна, валютын ханш өсдөг, буурдаг, эдийн засгийн хямрал тохиодог. Энэ бүхнийг даван туулахад шаардлагатай хөрөнгийг нь өгчихдөг компаниуд ард нь байдаг гэсэн үг. Би өөрийнхөө ойр, тойрны жишээг татъя.

Тухайлбал, БНСУ-ын KAL буюу Korean Airlines  улсдаа топ 10-т багтдаг “Ханжин”  группийн компани шүү дээ. Asiana бол дугуйны том үйлдвэрийн компани. Харин Туркиш эйрлайнсийн хувьд ард нь томоохон төрийн өмчит компаниуд байх жишээтэй. Тэд хэрэгцээтэй үед нь мөнгийг оруулж байдаг. Airchina бол олон улсын зах зээлд аль хэдийнэ байр суурь, хөлөө олчихсон шүү дээ.

Гэтэл бидэнд хөлөө олж, байр суурь нь бэхэжсэн зүйл алга. Хэдийг хүртэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрах юм бэ. Өмнө нь бид бор зүрхээрээ ажиллаж, аль хямдхан онгоцыг түрээсэлж, бөөцийлж, аргацаагаад л төрөөс нэг ч төгрөг авахгүй 10-20 жил ажиллаж ирлээ шүү дээ. Тэгвэл одоо ингэх боломж байхгүй. Зургаан чиглэлдээ нисээд л, өдөр хоногийг аргацаах маягаар цаашид үргэлжилж болохгүй нь.

Тиймээс ч  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан шүү дээ. Энэ мэтчилэн шинэ онгоцуудаар сэлбээд, үйл ажиллагаагаа өргөжүүлчихвэл МИАТ-т цааш нь аваад явчих бүрэн чадал бий. Манай боловсон хүчин гэхэд л дэлхийн дундаж төвшинд хэдийнэ хүрсэн. Зарим нисгэгчид маань дундаж төвшнөөс давсан ур чадвартай байна.

Тиймээс бидэнд гурван шинэ онгоц авч өгөөд үйл ажиллагаагаа өргөжүүл, бусадтайгаа өрсөлдөөд үз. Гадаад зах зээл рүү нэвтэр гэвэл бидэнд чадахгүй, боломжгүй зүйлгүй. Гагцхүү шинэ онгоц авъя, үйл ажиллагаагаа өргөжүүлье гэхээр мөнгөгүй болчихоод байна. Бидний бас нэг дутагдал гэвэл МИАТ зорчигчийг  Улаанбаатараас Истанбул оруулаад л орхичихож байна.

Гэтэл Туркиш эйрлайнс дэлхийн 230 хоттой харилцаатай ажиллаж байна шүү дээ. МИАТ зорчигчийг Улаанбаатараас Сөүл, Франкфурт оруулаад л орхичихож байна. Гэтэл зорчигч Лос-Анжелес, Нью-Йоркт хүрмээр байдаг. Үүний тулд авиа компаниуд харилцан ашигтай хамтарч ажилладаг. Бид үүнийг эрэлхийлж, судалж байгаа. Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдэгддэг асуудал. Үүнд салбарын яам маань анхаарч, ажиллаж байгаа нь сайшаалтай.

-Мэдээж бусад улс орнуудын авиа компаниудтай хамтрахын тулд МИАТ-ийн зүгээс аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангасан байх ёстой болов уу. Ер нь МИАТ аюулгүй ажиллагаандаа хэрхэн анхаардаг вэ?

-Аюулгүй ажиллагаа дэлхийн жишигт хүрсэн байх ёстой. Би яагаад паркаа 100 хувь шинэчлэх гээд байна вэ гэхээр айлуудтай хамтарч ажиллахад тэдний нэрийг баастахааргүй байх  шаардлагатай биз дээ. МИАТ паркаа 100 хувь шинэчилчихлээ, нөгөө айлууд чинь үнэхээр Монголын компани чинь бас шинэ онгоцтой юм байна, аюулгүй ажиллагаан дээрээ анхаарч, ажилладаг юм байна гэж харна.

Бид гурван одны зэрэглэл хангасан компани болчихлоо. ИАТА буюу олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас хоёр жил тутамд аюулгүй ажиллагааг есөн чиглэлээр ирж шалгадаг юм. Ингэхдээ 952 стандарт асуултаар шалгадаг байсан. Одоо бүр 2000 асуулт болсон байсан. Тэгэхээр бид 2016 онд 2000 асуултаар шалгуулна гэсэн үг. Сая бид 952 асуултаар шалгуулаад дээрх байгууллагын шалгуурыг гурав дахь удаагаа амжилттай давчихаад байна. 2013 оны есдүгээр сард шалгалт өгч, 100 хувь амжилттай давсан.

Бусад авиа компаниудтай холбогдоход энэ үзүүлэлтүүд маш чухал.  Тиймээс олон улсын зах зээлд өрсөлдөхөд, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дээрх үзүүлэлтүүд маш чухал. Энэ мэтчилэн орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар эрэл хайгуул хийж байна. Гэхдээ бид ажиллаад, ажиллаад орлого нэмэгдэхгүй л дээ. Энэ бол зөвхөн закуск төдий зүйл шүү дээ. Хамгийн гол, үндсэн “хоол” чинь хөрөнгө оруулалт. 

-МИАТ ХК гурван одны зэрэглэл хангасан гэлээ. Одны зэрэглэл зочид буудал шиг өгсдөг үү?

-Дэлхийн хэдхэн авиа компаниуд таван одтой байна. Манай харилцагч авиа компаниуд дөрвөн одтой. Бид хоёр жилийн дараа тэднийхээ төвшинд хүрч, дөрвөн одтой болно гэсэн зорилт тавьсан байгаа. Транзит заал, эйрпортын үйлчилгээ гээд бүх зүйл үзүүлэлт болдог. Бүх үйлчилгээ нь цогц байх ёстой. Гэрээсээ тасалбараа аваад, Сөүлд онгоцноос буухад МИАТ-ийн үйлчилгээ тасралтгүй үргэлжилж байх шаардлагатай. Одоо бол бид Сөүл хүргээд л орхичихож байна. Энэ харамсалтай нь төгс үйлчилгээ биш.

-Монголд одоогийн байдлаар хэчнээн авиа компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Үндэсний агаарын тээвэрлэгч компанийг удирдаж байгаа хүнийхээ хувьд Монголын авиа компаниудын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Агаарын тээвэр гэдэг чинь маш чухал салбар. Ялангуяа Монгол шиг хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй гэх мэтчилэн шалтгааныг бодоод үзвэл стратегийн салбар. Хамгийн гол нь энэ салбарыг цааш нь зөв хөгжүүлэх ёстой. Үүний тулд хамгийн эхлээд зах зээлийн багтаамжийг ярих хэрэгтэй л дээ. Энэ их ирээдүйтэй салбар юм байна гээд бүгд хошуурдаг юм байна л даа. Бусад орны туршлагыг харахад.

Энэ байдал одоо яг манай улсад давтагдаж байна. Гэтэл бидэнд бусдын алдааг давтаж, хор хохирлыг нь биеэрээ мэдрэх шаардлага байхгүй шүү дээ. Бусдын хийж байгаа алдааг чи давтаж болохгүй. Учир нь энэ салбарын алдаа нөхөж болшгүй үр дагавар учирдгаараа аймшигтай. Хор, хохирол нь маш аймшигтай байхгүй юу. Гадны төлөөлөгчид, сургагч багш нар ирж байна л даа, монголд.

Тэгээд танайх хэдэн авиа компанитай вэ гэж асуудаг юм. Монголд 5-6 авиа компани байна гэхээр танай зах зээлд ахадсан тоо гэдэг байхгүй юу. Уг нь манай зах зээлд хоёр авиа компани байхад л хангалттай. Тэр нь ч амьдрал дээр харагдаж байх шиг. Учир нь бусад авиа компаниудыг харахад өнөөх л аргацаасан байдлаар яваад байна шүү дээ, хөгжиж чадахгүй. Тэлж, өргөжиж чадахгүй, мөнгө байхгүй, шинэ онгоц авч чадахгүй.

Хэт олон болчихоор тарифаа л хямдруулж, хэдэн хүн татна биз дээ. Гэтэл зардал нь орлогоосоо даваад нэг нэгийгээ татаад уначихдаг байхгүй юу. Өнөөдөр энэ байдал ажиглагдаж байна шүү дээ. Хонконгод МИАТ арай гэж зах зээлээ бойжуулаад  аятайхан болж байтал “Хүннү эйр” орчихсон. Хоёулаа 70, 70 хүнтэй нисч байна. Манай суудлын тоо одоогийн байдлаар 150-160 хүн л байна шүү дээ.

200 хүрлээ гэхэд төдий хэмжээний суудалтай онгоц байна. Би дийлэхгүй биш байхгүй юу. МИАТ 160 суудалтай онгоцыг ч нисгэж болно, 200 хүний суудалтайг ч явуулж болно. Өнөөдрийн байгаа 150-160 хүний суудал чинь зөвхөн манайд л таарна. Гэтэл “Хүннү” ороод ирэхээр хүнээ хуваагаад л 70, 70-н хүнтэй нисч байна. Өчигдөр гэхэд Хонконгоос 76 хүнтэй ирээд л 72 хүнтэй буцаж байгаа юм. Уг нь хүмүүс ингэж ярьдаг юм. Олон авиа компаниуд оруулж ирээд, бизнесийн өрсөлдөөн явагдаад, үнэ нь хямдрах ёстой гэдэг.

Гэтэл МИАТ гэж нэг юм монопольдоод л суух юм гэж. Төрийн удирдлагууд ч тэр, энгийн иргэд ч тэгж л боддог. Нэг талаас нь харахад энэ нь зөв ч юм шиг. Таван авиа компанийн дундаас аль нь хямдхан юм, үйлчилгээ нь ямар юм гэх мэтчилэн харж байгаад сонголтоо хийчихнэ. Өнөөдөр бол хоёрхон л сонголт байна. 2020 он хүртэл Бээжин, Сөүл лүү өөр компани оруулахгүй гэж Засгийн газрын төлөвлөгөөнд туссан.

Бусад бүх улс үндэсний тээвэрлэгчийн эрх ашгийг хамгаалдаг. Тэгж байж бизнесээ бойжуулдаг. АНУ бол нээлттэй байна л даа. Угаасаа АНУ-ыг хэн ч очоод эзэлж чадахгүй. Ийм болсон үедээ зах зээл нь нээлттэй болдог юм байна. Гэтэл Монгол Улс өнөөдөр нээлттэй болчих юм бол “чөдрийн ганц морь” гэж яриад хэрэггүй. Хоёр жилийн дараа МИАТ ч тэр, Хүннү ч тэр аль, аль нь арчигдана.  Бид бизнесээ бойжуулж амжаагүй байхад 250 онгоцтой, сүлжээ сайтай гадаадын авиа компанитай өрсөлдөнө гэж яриад яах юм бэ. 

Зүгээр л зах зээлийнхээ жамаар арчигдаад гарах байхгүй юу.  Asiana орж ирээд тарифаа хямдруулаад бүтэн жил 200 ам.доллараар нисэхэд л “МИАТ”, Хүннү хоёр арчигдана. Монголчууд яахав бүтэн жил хямдхан нисч жаргалаа л гэнэ. Эхний хоёр жилд монгол хүн жаргана. Дараагийн хоёр жилд дунджаас доогуур төвшний амьдралтай хүмүүс Бээжин, Сөүл хоёр нисч чадахгүй. 800 ам.доллараар явбал яв, хэн гуйх юм.

Тэр үед нөгөө муулаад байдаг МИАТ нь байхгүй. Биднийг чинь өөрийн юм өргүй гээд л өшиглөөд байдаг биз дээ. Москвад нэг онгоц саатахад л бөөн дуулиан, шуугиан. Үндэснийхээ тээвэрлэгчид энэ маягаар л ханддаг шүү дээ. Иргэд бидэнд л уураа гаргаж байгаа юм. Бид хүлээн зөвшөөрөөд, загнуулаад л явж байна. Гадныхан хэзээ ч зорчигчдод загнуулахгүй. Аягүй бол цагдаа дуудаад өгчихнө.

Байдал ийм л байна. “Чөдрийн ганц морьтой” байх юм уу, үгүй юм уу. Байхыг хүсч байвал дэмж. БНСУ-ын хүнд үеүдэд иргэд нь ээмэг, бөгжөө мулталж, өгөөд л эдийн засаг нь өндийсөн. Өнөөдөр дэлхийн томоохон улсуудын нэг болчихсон байна. Сөүл уруудсангүй, доройтсонгүй, харин ч бүр сэргэлээ. Ингэж байж босгодог байхгүй юу. Манайд ийм хандлага хэрэгтэй байна. Би Д.Жаргалсайханы нийтлэлийг уншиж л байсан.

Түүнд МИАТ монопольчилж байна гэж бичсэн байсан.  Төр, хувийн алиных нь өмч байна хамаагүй хамгийн гол нь зөв хөгжүүлэх ёстой. Зөв зүйтэй яаж хамтрах ёстой юм. Үүнийгээ ярихгүй биш ярих ёстой. Нөгөө “Зүүний нялхсын өвчин” гэдэг зохиол шиг өнөө маргаашийнхаа орлогыг бодоод ганц, хоёр жилийнхээ ашгийг хараад ажиллаж болохгүй ээ. Хоёр жилийн дараахыг биш 20 жилийн цаадахыг харах хэрэгтэй.

Зах зээлээ өсгөж, бойжуулах  гэж нэг том асуудал байгааг мартаж болохгүй. Шүүмжлэх нэг өөр, бодит байдлыг харах нэг өөр. Бид ч гэсэн гурван жилдээ тэсэх хэрэгтэй. Бие биеэ харааж, загнаад л, үйл ажиллагааг нь үгүйсгээд л. Ганц нисдэг тэрэг буухад л хэвлэлээр ослын буулт хийлээ гээд л. Нэг үхрийн эвэр доргиход  1000 үхрийн эвэр доргино гэдэг шиг. Бээжингээс ирэх гэж байгаа нөхөр МИАТ, Airchina хоёрын алийг нь сонгох вэ гээд сууж байна.

Гэтэл гадаадад байгаа хүмүүс чинь Монголын агаарын тээвэр найдваргүй , ослын буулт хийдэг гээд шуугиад байсан гээд л Хятадын авиа компанийг сонгох жишээтэй. Энэ мэтчилэн бид нэг, нэгийгээ татаж унагахын оронд  нэг нэгийгээ дэмжээд хамтдаа урагшлах ёстой.

Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shvree 2014-06-21 04:59:19
    Tani abgain dvv Sh.Gantylga dampyy hebeeree bna lee tee
  • kkk 2014-05-10 20:23:28
    ugcuh idcii gej sonsogdov
  • 19001973 2014-05-09 07:47:50
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:47
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:44
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:41
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:38
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:35
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:32
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:47:29
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • дундаж 2014-05-08 12:12:12
    яахав дээ хөөрөөд дэвхцээд байх сүрхий онгоц биш дундаж чадлын дундаж багтаамжийн байдаг л нэг соната гэж ойлго манайдаа л данга юм биз дээ орсын су гээд шинэ иргэний онгоцны хаана нь ч хүрэхгүй
  • shvree 2014-05-08 06:32:25
    Tanai abgain dvv Sh.Gantulga chamaig lyibarchin geed sogtuu soliorood baisan vnen vv
  • unsigchid 2014-05-08 03:25:44
    ugaasaa chingis bondiin mungiig ergen tulugduh yamar ch bolomjgui yumand heterhii ih mungu zartsuulaad bna shuu dee hereggui chigleld zasmal zam taviad teruugeer udurt 20 mashin yavhuu hognii uut mun ded saiduud ni 3 n jild 1.4 terbum tugrug zartsuulj bna
  • unshigchid 2014-05-08 03:21:33
    oron nutgiin nislegt minii sanahad huviin avia companiud orj ireed une ni tengert nisswniig sain sana engiin 1 jishee helhed choibalsan orhod 25000 bsan sanagdaj bna teghed dundaj tsalin 200000 bsan sangadaj bna odoo choibalsan orhod hed bna gedgiig sudla
  • unshigchid 2014-05-08 03:15:37
    chi uuruu erguu mal gadnaas ni haraad l ungun talaas ni manaihan harchihaad muulhiin unuudur mongold bgaa buh huviin avia companiud aldagdaltai yavj bgaa iimerhuu bdald oroosoi geed gadniihan harj huleej bgaa er ni mongolchuud dotroo taaramj muutai bhlaar
  • уншигч 2014-05-08 02:16:36
    менге егехгvй бол энэ муу миат компанийг чинь дампууруулаад хаясихна шvv гээд байгаа юм байна, яршиг л байна, херенге менгенеес хамаарахгvйгээр vйлчилгээгээ сайжруулах боломж бий, гэхдээ миат хvсдэггvй. ингэж татаасаар миат-ыг аргацааж байхаар хурдан хувь