Украин хийн төлбөрт 786 сая ам.доллар төлжээ
Украин улс хоёрдугаар сарын хувьсгалаас хойш анх удаа Орост хийн импортын төлбөрт 786 сая ам.доллар шилжүүлэв. Москвагийн тооцоогоор бол Украин өнгөрсөн сарын 1-ний байдлаар 3.5 тэрбум ам.долларын өртэй гэжээ. Тиймээс хийн нийлүүлэлтээ зогсооно хэмээн Москва мэдэгдэж байв. Хэрвээ чингэх юм бол Европын холбооны бусад орон ч хохирох магадлалтай. Украин хийн үнэ нэмэгдсэнд таагүй хандаж байгаа төдийгүй Москвагийн талыг баримтлагч Виктор Януковичийг авч хаясных нь төлөө Кремль хариугаа авч байна гэж үзэн, энэ байр сууриа олон улсын шүүх дээр ч баталж чадна гэж буй билээ.

Москва Киев хоёрыг хийн асуудлаар Берлинд уулзалт хийж байхад Европын холбоо Оросыг “үнэ шударгаар тогтоохыг” уриалж, харин Украинд өрөө төлөхийг сануулсан байна. Үүний хариуд “Газпром” өнгөрсөн сарын 30-ны дотор доод тал нь хоёр тэрбум ам.долларын өр төлөгдсөн байх ёстой гэж шахжээ. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Белорусст айлчлах явцдаа “Манай Украины түншүүд өрийнхөө тодорхой хэсгийг шилжүүллээ гэж хэллээ. “Газпром” энэ мөнгийг авсны дараа бид юун мөнгө болохыг нь харна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Үүний дараа Украины хамтран зүтгэгч нь төлбөрийн хэмжээг хэлсэн юм.

“Энэ бол 1000 шоо метрийг 268 ам.доллараар үнэлсэн тооцоо. Нийтдээ 786 сая ам.доллар” гэж Арсений Яценюк Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Украин нь хийн үнийг олон улсын шүүхээр оруулах гэж байгааг ч дурджээ. “Стокгольм дахь Арбитрын шүүхэд өгөх бүх бичиг баримтыг өнөөдөр бид бэлэн болгов. Гомдол гаргахын тулд бид өрийнхөө “Газпром”-той маргаангүй хэсгийг төлсөн” гэж тэр хэлэв. Янукович Европын холбоотой ойртохоос Москватай дотно нягт байхыг илүүд үзсэний хариуд Москва энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Киевт зориулан хийн үнээ 1000 шоо метр нь 268.5 ам.доллар болгож буулгасан байна.

Гэвч Януковичийн энэхүү шийдвэр нь Европын холбоотой интеграцид орохыг эрмэлзэж байсан олон украинчуудын дургүйцлийг төрүүлж, үүний улмаас хоёрдугаар сарын хувьсгал гарч, Янукович Орос руу зугатаж, Крым салан тусгаарлаж, Кремль эдийн засгийн хувьд хохиролтой өрнөдийнхний хоригийг амсч, Украины хүчнийхэн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдыг дарахаар цус асгаруулсан хэрэг явдлууд өрнөсөн билээ. Оросын эрчим хүчний сайд Александр Новак Берлинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Украины өрийн тодорхой хэсгийг төлсөн явдлыг сайшааж, гэрээ хэлэлцээр цаашид ч үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Т.АНАНДА
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өрөө төлөөд бай 2014-06-05 01:48:08
    украйн одоо өрөө төлөөд бай төлөөд бай, хүнээс юм авчихаад голруулдаг баагийнууд шиг байх юм. америкууд баруунууд туслах юм гэсэн тэр мөнгөний нэлээд хэсгийг орос ах нарт авсан хийндээ төлөөд байна даа. ккк мөн чанартаа америк барууныхан орост мөнгө төлөх
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах