Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг  өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч намын бүлгийн гишүүний асуудлыг нягталж судлах шаардлагатай хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хаалттай хуралдахаар боллоо.

 
УИХ-ын дэгийн тухай хуульд хэлэлцэх асуудал нь хуульд хаалттай хэлэлцэнэ гэж заасан эсвэл төрийн нууцтай холбоотой асуудал байвал шууд хаалттай хуралдана гэж заасан байдаг. Мөн хэлэлцэх асуудлын шинж байдал болон гишүүдийн саналыг харгалзах шаардлагатай гэвэл УИХ-ын гишүүдээс санал хурааж хаалттай хуралдах эсэхийг шийднэ гэж заасан байдаг аж.
 
Сайдын асуудлыг Хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцсэн юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Х.Тэмүүжин сайдыг нууцаар тагнасан, чагнасан асуудал байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу прокурорын байгууллагаас бичиг ирсэн. Үүнтэй холбогдуулж байнгын хорооны хуралдааны үеэр холбогдох цагдаагийн ажилтнууд ирж мэдээлэл хийсэн тул хаалттай хуралдсан” хэмээн тайлбарлалаа.
 
Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг төрийн нууцад хамаарах асуудал хэмээн үзэж хаалттай хэлэлцсэн учир УИХ-ын дарга уг асуудлыг мөн төрийн нууцад хамаарах асуудал хэмээн үзэж хаалттай хэлэлцэхээр болсон юм.
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus