А.Сүхбат: Цаг тухайд нь миний цолыг өгч байсан бол өнөөдөр барилдаж л байх байсан
“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа МУГТ, Дархан аварга А.Сүхбатын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Агваансамдангийн Сүхбат гэдэг. 44 настай. Хоёрдугаар бүлгийн цустай. Биеийн жин одоо 100 кг байгаа. Ер нь барилдаж байх үедээ 105-108 кг жинтэй байдаг байсан. Биеийн өндөр 180-181 см.

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Манай өвөө лам хүн байсан. Манайд удам дамжиж ирсэн бурхан, судар их байдаг. Өсөх наснаас маань аав, ээж минь тэдгээр бурхан шүтээнийг шүтэж ирсэн. Цагаан сарын битүүний орой судар номуудыг нь биднээр бариулаад гэрээ тойруулдаг байлаа. Тийм л хүмүүжлээр өсч хүн болсон.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Н.Гарамханд болон хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Гэр бүлийн маань хүн багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Манай гэр бүлийг спортын гэр бүл гэж ойлгож болно.

-Таны эзэмшсэн мэргэжил?

-1994 онд МҮБТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.

-Хүн бүрт хэлэх дуртай үг байдаг. Таны хэлэх дуртай үг?

-Болгоно, бүтээнэ гэсэн үгийг л хэлж явдаг.

-Таны хобби юу вэ?

-Мэдээж бөх. Бөх бол миний цусанд байдаг зүйл. Ер нь монголчууд тулааны урлагийн спортод их давуу амжилт гаргадаг. Миний аав бөх хүн байсан. Түүнийгээ дагаад ч тэр үү миний орчин тойронд байсан хүүхдүүд бүгд л барилдаж, ноцолддог байлаа. Би ч ухаан орсон цагаасаа бөх болно гэж шийдсэн байсан.

-Бүр жаахан байхдаа хүсч, мөрөөдөж байсан мэргэжил чинь ямар мэргэжил байв?

-Бөх л болно гэж боддог байсан. Одоог хүртэл санаанаас гардаггүй нэг барилдаан байдаг. Тухайн үед би таван настай байсан байх. Тэр жил цас их унасан байсан болохоор хөрс цасан дээр үеийнхээ хүүхэдтэй барилдаж байгаад, давхралдаж унаж байснаа одоо ч тод санадаг. Бөх гэдэг спорт миний бие организмд зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг анх ухаан орсон цагаасаа л мэдэрч эхэлсэн. Ер нь би бөхөөр их дутагддаг. Одоо долоо хоног бэлтгэл хийхгүй байхад л гар, хөл чичрэх жишээтэй. Тэгээд л дэвжээн дээр гараад бэлтгэлээ хийхээр зүгээр болчихдог. Тиймээс ч би өөрийгөө бөхөд заяагдсан хүн юм болов уу гэж боддог.

-Бидний амьдарч байгаа нийгэмд стресс гэдэг зүйл их байдаг. Та хэр их стресст орж байна вэ?

-Байлгүй яах вэ. Ялангуяа Улаанбаатар хотын стресс гэдэг зүйл захаас аваад л байна. Тамирчин хүний хувьд байнга бэлтгэлтэй байдаг. Уул, хадаар их алхдаг. Тэр нь стрессийг давж гарах боломжийг олгодог юм болов уу гэж боддог.


-Та ямар зан чанартай хүн бэ?

-Мэдэхгүй. Хүн бүр янз бүрээр л дүгнэдэг байх. Надад чи тийм зан чанартай хүн гээд хэлээд байдаггүй.
 
Улсын гарьд П.Сүхбат яагаад зүрхэн дээрээ арслан шивүүлсэн гэж бодож байна


-Таны хамгийн дуртай спорт?

-Мэдээж бөх. Би бөхийн 5-6 төрлөөр барилдсан байгаа юм. Тодруулбал, жүдо, самбо, чөлөөт, кураш, сумогоор барилдсан байдаг. Аливаа спорт хүнд сайхан зан чанар суулгадаг. Сайхан хүмүүжилтэй, тэвчээртэй, хүлээцтэй, дайчин шаргуу болгодог. Миний анхны багш, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч О.Цэрэндагва гэдэг хүн байлаа. Тэрбээр “Бөх хүн бол штанг шиг зангирсан том булчинтай, гүйгч шиг огцом хурдтай, гимнастикийн хүн шиг уян хатан бие бялдрыг цогцлоож чадсан хүнийг бөхийн тамирчин гэдэг юм” гэж зааж, сургаж байсан. Тэр бол үнэн юм билээ.

-Та Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг. Саяхан МЧБХ түр хороо байгуулаад, хоёр тал болж хуваагдаад нэлээд асуудал болоод байсан уу?

-Би үүнийг байх ёстой гэж боддог. МЧБХ маш сайн ажиллаж байгаа. Нэг үе зогсонги байдалд байсан. Амжилт буурч, хамт олон нь сайн бүрдээгүй байлаа. Ер нь ний нуугүй хэлэхэд тухайн үед авч явсан хүмүүс хувийн ашиг сонирхлоор виз л гаргадаг байсан. Гэтэл Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат аваад нүүрийг нь угаасан юм шиг л болгосон.

Мэдээж тэр хүн цаанаа олон ажил эхлүүлж удирдаж авч явдаг хүн. Тиймээс ч удирдах зөвлөлийн хурлаараа холбоог мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржид хүлээлгэн өгсөн. Харин аварга маань залгуулаад маш сайн авч явж байна. Манай эрэгтэйчүүдийн баг тамирчид, багш нар сая нэг асуудал дэвшүүлээд байсан. Миний хувьд энэ асуудлыг ямар өнцгөөс харж байна гэхээр ийм ардчилал энэ холбоонд байх ёстой гэж бодож байгаа. Асуудлаа ярих ёстой. МЧБХ нь ардчилсан холбоо юм шүү гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна.

Хамгийн гол нь 2016 оны олимп хаяанд ирчихээд байна. Энэ олимпод бид сайн оролцох хэрэгтэй. Чөлөөт бөхөөр Монголын анхны олимпын аваргыг төрүүлэх ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Түүнээс МЧБХ-ныхон Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ нөхдүүд шиг цагаандаа гарсан луйварчид биш. Бид бүхэнд ардчилал байна. Тиймээс ч хөгжиж, урагшилж байгаа.

-Г.Өсөхбаяр аварга та хоёрын эрэмбийн асуудал яваад байх юм. Уг нь би үндэсний бөхөө үзэх дуртай хүн. Гэхдээ яг нарийн зүлийг нь сайн мэдэхгүй байна?

-Анх 1986 онд бөхийн дугуйланд элсэн орж байлаа. Тэр цагаас эхлээд бөхийн спортод хоёргүй сэтгэлээр хандаж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн. Миний багш Монгол Улсын зууны манлай бөх Х.Баянмөнх гэдэг хүн байдаг. Би энэ хүний буянаар удирдлагад олон жил бэлтгэл сургуулилт хийж, тэр хүний буян надад шингэж дархан аварга болсон гэж хэлж, ярьж, бодож явдаг. Х.Баянмөнх аварга гэдэг хүний хүргэн болсон цагаас эхлээд надад маш олон эсэргүүцэл тулгарсан. Энэ асуудлыг ярих нь дэмий л юм байгаа юм. Гэхдээ яах вэ. Би өнөөдрийг хүртэл шахалт, дарамт, хавчлагад явж байна. Бөх мэддэг хүн бүр үүнийг мэдэж байгаа.

2001 оны Улс хувьсгалын 80 жилийн ойгоор түрүүлээд ес даваад аварга болчихлоо гэж зарласан. Гэтэл 10-ын даваа үнэлгээгүй явж байсан. Тэгэхээр хүний авах ёстой цолыг өгөхгүй, гаргасан амжилтыг үнэлэхгүй байх гэдэг хэцүү. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэгтэй л адил юм болсон. Зодог тайлах шалтгаан бол ерөөсөө л тэр. Цол өгөхгүй, дарамтад байгаа юм чинь яаж барилдах билээ. 2004 онд би гурав дахь удаагаа түрүүлсэн. Д.Сумъяабазар 2006 оны наадамд түрүүлсэн. Баяр наадмаар аварга өг гэж байгаад Д.Сумъяабазар маань аварга болоод Д.Азжаргал арслан болсон. Энэ наадмаар 10 давсан бөхөд цолыг нь өгч явъя гэсэн шийдвэр гараад тэр өвөл нь миний Даян аварга цолыг олгосон.

Түүнээс хойш би барилдаагүй зодог тайлсан. Харин 2014 онд Дархан аварга боллоо, цолныхоо үнэмлэхийг Төрийн ордонд ирж аваарай гэсэн. Ингээд л Дархан аварга болчихдог юм байна. Тэгвэл А.Сүхбат гэдэг хүн барилдалгүй хоёр цол авчихлаа. Барилдаад халуун хөлсөн дээрээ цол тэмдгээрээ шагнуулаад, найз нөхдийнхөө мөрөн дээр явж байсан бол ямар сайхан байх вэ. Тэр үеийн баяр жаргал гэдэг чинь үгээр хэлэхийн аргагүй зүйл байдаг.

Анх баяр наадамд түрүүлчихээд гүйж байхад ямар сайхан байсан билээ. Үзэгчдийн уухайн түрлэг ямар байдаг билээ. Би чадлаа гэж бодоод л миний хөлс хатаагүй байхад тэр цолыг өгсөн бол би хэчнээн их баярлах байсан бол. Тиймээс өгөх л байсан юм тухайн цаг үедээ өгчихгүй яасан юм бэ. 2004 оны амжилтыг 2014 онд үнэлж байна. Хэрвээ цаг тухайд нь миний цолыг өгч байсан бол өнөөдөр барилдаж л байх байсан.

Одоо ч барилдах боломж надад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн зарлиг уншиж танилцуулахдаа А.Сүхбатын 2004 оны амжилтыг үндэслэж Монгол Улсын Дархан аварга цолыг олгож байна. Г.Өсөхбаяр аваргын 2009 оны амжилтыг үнэлж Монгол Улсын Дархан аварга цолыг олгож байна гэж уншсан. Өнгөрсөн жил баяр наадмын хуульд өөрчлөлт ороод Далай аварга цолыг хассан учир бид хоёр Дархан аварга болсон юм. УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд бас л асуудал шийдэж, ажиллаж байгаа хүмүүс буруу шийдвэр гаргаагүй байлгүй гэж би бодож байна. Тэгэхээр эрэмбийн асуудал дээр бас л нэг хэлмэгдүүлэлт яваад л байна. Хэцүү болжээ. Ер нь бол бөхийн хөгжлийг боомилж байгаа хүмүүс л энэ асуудлыг гаргаад байна.

-МҮБХ сүүлийн 10 гаруй жил асуудалтай л яваад байх шиг байна. Та бол үндэсний бөхөөр олон жил амжилттай барилдаж байсан хүний хувьд холбооны асуудлыг юу гэж боддог вэ?

-2002 оны дээд шүүхийн тогтоол гарсан байгаа. Та нар хурлаа хий. Өнөөдрийн байдлаар бол МҮБХ-ны тэргүүн нотлогдохгүй байгаа учир тэргүүнээ сонго гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл одоо болтол 13 жил хууль бус тэргүүнтэй явж байна. Хэдэн нөхдүүд ингээд тоглож байдаг гээд ноцтой асуудал олон байгаа. МҮБХ-г энэ нөхдүүд анх байгуулахдаа “Бид бүхэн та нарын боол байна” гэж гарч ирсэн хүмүүс. Өнөөдрийг хүртэл маш олон ноцтой алдаа гаргачихсан явж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож байгаа.

Уг нь аймгийн баяр наадам чинь Засаг дагынхаа захирамжаар баяр наадмаа хийхээр баталж, төсвөө гаргаад хийдэг. Улмаар цолоо олгоод явж байгаа төрийн байгууллага шүү дээ. Гэтэл төрийн бус байгууллагын нөхдүүд эндээс аймгийн цол авсан залуучуудыг хүчингүй болгоод эрэмбэнд нь оруулахгүй. Залуустай шүүхдэлцээд явж байна. Ер нь бол эдгээр нөхдүүд 15-16 жил шүүхээр явж байгаа. Гэтэл тэд бидний эрх ашгийг хамгаалах гэж гарч ирсэн байгууллага хэрнээ бидэнтэй үзэлцээд байдаг. Энэ дунд бөхчүүд, бөхийн хөгжил хохирч байгаа. Сүүлийн үед ард түмэн бөхөөс их уйддаг болжээ. Учир нь бөхийн дүрэм, холбооны дүрмийг шинэчлэхгүй байгаа учир бөх зогсонги байдалд орлоо. Бөх хөгжөөд байгаа зүйл алга. Бөхийн тоо нэмэгдэж байгаа нь манай улсын хүн амын тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Бөх гэдэг бол Монголын ард түмний цусанд байдаг. Ард түмний олон зуун жил барилдаад ирсэн сайхан уламжлалт спорт.

Тэгэхээр бөхийг хөгжүүлэхийн тул бид бүхэн олон зүйлийг төлөвлөөд явж байна. Гэтэл хэдхэн нөхдүүдийн хар гай, балгаар монгол бөхийн хөгжил зогсонги байдалд орчихлоо. Өнөөдөр дэлхийн хөгжиж буй спортод бөхийн барилдааныг шүүхдээ хэн идэвхтэй, санаачилгатай, хурдтай байгаа нь үнэлгээ авч ялалт байгуулдаг. Тухайлбал, жүдогоор гэхэд идэвхтэй байхыг шаарддаг. Гэтэл үндэсний бөхөд хэн жин нэмсэн, хэн ухарч зугтаасан нь ялагч болоод байдаг. Их жинтэй бөх бага жинтэй бөхтэй барилдаж байхдаа өөрт нь хэцүү санагдах юм бол хоёр удаа эмч рүү яваад л шуудагдаж барьж аваад, шодооны барьц гэдгийг аваад хаячих жишээтэй. Том биетэй учир шодооны барьц авсан ч, өгсөн ч унахгүй.

Энэ асуудал нь бөхийг зогсоож байгаа юм. Бөхийн дүрэм, хууль ямар байна. Бөхчүүд түүнд нь зохицуулж амьдардаг жамтай. Тиймээс л үндэсний бөхөө шинэчлэх, аврах гээд л бид зүтгээд байгаа. Ноцтой олон асуудал бий. Бөхийн өргөөг барих үе буюу 1996 онд монголчуудын амьдрал хэцүү байсан. Тэр хэцүү цаг үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа улсаас 800 сая төгрөг баталж өгч байсан. Гэтэл тухайн 800 сая төгрөгийн тооцоо тайлан өнөөдрийг хүртэл тавигдаагүй байдаг. Улсын мөнгөөр барьсан төрийн өмчит хувьцаат компани байх ёстой байтал энэ талаар хэн ч ярихгүй, дуугарахгүй байна. Харин дуугарсан над мэтийг ад үзээд, элдвээр захиалга өгч бичүүлээд байдаг. Гэхдээ энэ бүхэн нэг л өдөр дуусна.

Учир нь тэдний хийж байгааг мэдээд, мэдрээд байгаа ард түмэн, бөхчүүд бий. Тиймээс МҮБХ-г авч явж байгаа гэх нэр зүүж байгаа хүмүүс өнөөдрийг хүртэл хулгай буюу луйвар хийж амьдарч байна гэдгийг би албан ёсоор хэлж байна. Ингэж болохгүй. Энд төр засгийн мөнгө байгаа, олон мянган бөхийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат агсан сүүлийн хэдэн жил яагаад зүрхэн дээрээ арслангийн зураг шивүүлээд амьдарч байсан гэж бодож байна. Энэ хүний өмнө тэр холбооны удирдлага гэх хүмүүс их гэм нүгэлтэй.

Амьд сэрүүн байхад нь арслан цолыг нь өгөх л байсан. Онцгой жил буюу 70 жилийн ойгоор үзүүрлэсэн бөх шүү дээ. Монголчууд түүхэндээ онцгой ойн жил шөвгийн дөрөвт үлдэх буюу зургаа давсан бөхөд заан цол өгч байсан уламжлал алдагдсан. Монгол Улсын арслан  Д.Мөнх-Эрдэнийг заан цолтой байхдаа гурав үзүүрлэхэд нь Монгол Улсын арслан цол өгч байсан. Гэтэл гарьд Б.Ган-Тогтох гурав үзүүрлэчихсэн байхад арслан цолыг нь өгдөггүй.

Б.Ган-Тогтох 12 настай байхаасаа бөхтэй холбогдоод бөхийн төлөө амьдарч байгаа. Энэ бол том нүгэл шүү. Үүний цаана олон хүний эрх ашиг хохирсоор байна. Тиймээс бид бөхийнхөө их хурлыг хийж, энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Ер нь бөхийн хурал хийх гэхээр л бөөн хэрүүл, шүүх энэ тэр болчихдог. Ийм байдлаар л сүүлийн 10 гаруй жил цагаандаа гарч, луйвар хийж явлаа даа. Энэ асуудлыг нэн яаралтай зогсоох шаардлагатай. Тиймээс бөхөө үздэг, дэмждэг идэвх санаачилгатай хүмүүс орж, ирж санал бодлоо илэрхийлээрэй. Бөхийн шинэчлэл явагдаж байгаа, хүссэн хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг хэлэхийг хүсч байна.
 
Цолоо дуудуулаад дэвж байхад нисч байгаа юм шиг л болдог

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

-Согтууруулах ундааг анх хүн төрөлхтөн хэдий үеэс бий болгосныг мэдэхгүй байна. Технологийн хувьд бол өндөр градустай нэрмэл ус. Ер нь архи баяр цэнгэл наадам, сайн сайхан, аз жаргалтай амьдралын явцад ширээн дээр нь буюу хойморт тавигдсан байдаг. Тааруулж хэрэглэвэл рашаан, хэтрүүлж хэрэглэвэл мэдээж  хор гэсэн л ойлголттой байдаг.

-Та архийг хэр их хэрэглэдэг вэ?

-Хүн юм чинь найз, нөхөдтэйгээ баярлаж, наргиж цэнгэлгүй л яах вэ. Ер нь тохируулаад хэрэглэдэг. Гэхдээ намайг энд тэнд согтуу явж байгааг хүмүүс нэг их хараагүй байх аа.

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Надад үнэт зүйл олон бий. Сайхан газар нутаг байна. Түүнчлэн өвөг дээдэс минь бидэнд баялаг сайхан түүх, соёлыг өвлүүлэн үлдээсэн гэж бахархаж явдаг. Ийм сайхан газар, шороо, ард түмэнтэй бид бүхэн баян шүү дээ. Хамгийн үнэт зүйл бол энэ.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Энэ асуултад би бөхтэй холбоотойгоор хариулмаар байна. Хорь гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд Улсын баяр наадамдаа түрүүлчихээд гүйж байх мөч маш сайхан санагддаг. Би Монгол Улсын арслан болчихлоо гэж үү. Зүүдлээд байгаа юм биш биз дээ гэж бодогдоод л шөнө босоод цолны тэмдгээ харж байсан. Би чадсан байна гэж бодож байсан үе юм болов уу даа.

-Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ. Хэр их шүүмжлүүлдэг хүн бэ?

-Хүний сайн нөхөр л шүүмжилдэг гэж боддог. Битгий ингэж харагдаад бай, биеэ ингэж авч яв, битгий ийм үг хэрэглээд бай гэх зэргээр шүүмжилж байгаа нь хүнд олон зүйл өгдөг. Би МҮБХ-той шүүхдэлцээд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын захирамжаар олгосон цолыг хүчингүй болгож байна гээд их бага хэмжээний тэмцэл өрнүүлээд явж байгаа. Энэ нөхдүүд арай л хэтэрч байна. Баримтаар нотлогдоогүй зүйл их олон удаагийн гүтгэлэг, доромжлолыг би амсч явна. Энэ бол зохион байгуулалттайгаар намайг гүтгэж байдаг. Ингэлээ гээд надад нэмэгдээд, хорогдоод байгаа зүйл алга. Гэхдээ л эвгүй шүү дээ.

-Таны сонсох дуртай ямар аялгуу, дуу байна вэ?

-Морь унаад давхиж явахдаа дуулах сайхан байдаг. Адуугаа услаад л исгэрэх дуртай. Манай аав их сайхан дуулдаг, исгэрдэг хүн байсан. Монголын тэнэгэр тал нутаг, таван хошуу мал, сайхан байгальд зохицож байдаг уртын болон ардын дуунд дуртай. Хөдөө болж байгаа найр, наадмын дуунууд сайхан. Мэдээж орчин үеийнх бол зохицохгүй шүү дээ. Бөхчүүд бидний хувьд монгол бөхийн цол дуудах нь хамгийн сайхан зүйл. Монгол хүн болж төрөөд бөхийн аварга цолтон, үндэснийхээ их баяр наадмын манлай бөх болоод цолоо дуудуулна гэдэг ховор аз завшаан гэж бодож явдаг. Цолоо дуудуулаад дэвж байхад нисч байгаа юм шиг л болдог. Цол дуудахад ээж, аав, нутаг усаа дуудуулаад зогсож байгааг Монгол байтугай дэлхий сонсч байдаг юм.

-Та зөвхөн өөртөө зориулаад сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Ер нь өртөг өндөр байна. Булган аймгийн Дашинчилэн, Бүрэгхангай сумдад миний таван мал байдаг. Мал руугаа явах их дуртай. Талдаа 250 орчим км явдаг. Түүнчлэн Дарханд бас нэг аж ахуй буюу газар тариалан, зочид буудлын бизнес байдаг. Тиймээс хоёр хол газар руу явдаг учир шатахуунд их мөнгө зардаг. Ойролцоогоор сардаа сая гаруй төгрөг зарцуулдаг байх. Ер нь хүн орлого, зарлагаа сайн тооцож байх ёстой гэж боддог.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?   

-Уулзсан хүнтэйгээ гар барьж мэндлээд, нүд рүү нь хараад харилцаа эхэлдэг. Бид бүхэн “Сайн байна уу та, тарган сайхан зусч байна уу, ажил, бие нь сайн биз дээ” гээд яриагаа зөв эхэлдэг монгол ёс заншил байна. Мэндээ зөв мэдчихвэл яриа зөв болоод явдаг. Түүнээс юу байна, юмгүй дээ гэхээр чинь юмгүй юм чинь юу ярих юм. Тэгээд л яваад өгнө. Тэгэхээр мэндлэх, хүндлэх гэдэг бол бид бүхний монголчуудын сайхан соёл юм.

-Та бусдыг өөртөө юугаар татдаг вэ?

-Өөрийгөө магтах гэдэг хэцүү. Ер нь би өөрийгөө цаг шиг ажилладаг гэж боддог. Чөлөөт цаг, зав бараг гараад байдаггүй. Ажил хэрэгч байдал маань хүмүүст таалагддаг болов уу.

-Та хэр эртэч хүн бэ?

-Би босно гэсэн цагтаа л босдог. Өглөө 06:00 цагаас ажилтай бол 05:00 цаг гэхэд л босчихдог.

-Та маш их сэтгэл хөдөлсөн үедээ түүнийгээ яаж илэрхийлдэг вэ?

-Тухайн нөхцөл байдлаасаа болоод янз бүр.

-Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг?

-Хайртай хүндээ үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Та залуу сайхан насандаа дурлалдаа шатаад уйлж байсан уу?

-Уйлж байгаагүй. Харин нойргүй хонож үзсэн.

-Танд таагүй ханддаг хүн хэр олон байдаг юм бол?

-Би хүнд муу зүйл хийгээд яваад байх биш. Хүмүүстэй үр дүнтэй бүтээлч хандахыг л боддог. Харин МҮБХ гэж өөрсдийгөө нэрлээд, тэргүүн, дэд тэргүүн гээд яваад байгаа нөхдүүд намайг янз бүрээр хэлдэг, ярьдаг.
 
Мянган төгрөгийн хашаа, байшин гэдэг бол тухайн үед орд, өргөө шиг л санагдаж байсан

-Таны хамгийн анхны цалин хэдэн төгрөг байсан бэ. Цалингаа яаж үрсэн бол?

-Би хүүхэд байхдаа буюу 12 настай байхдаа анхны цалингаа авсан. Би чинь бас нэлээд бяртай хүүхэд байсан. 12 настай байхдаа 40 литрийн савтай усыг мөрлөөд гүйчихдэг байлаа. Тэр үед аав минь миний хүү арай болоогүй байна, нуруундаа юм оруулчихна гэдэг байсан. Тухайн үед үхрээ саагаад сүүг нь хөөрүүлээд өрмийг нь аваад тараг бүрчихдаг байлаа. Аль болох ээжийнхээ ажлыг хөнгөлөх гэж зүтгэдэг байсан хэрэг. Сургуулийн уурын зуухны механик н.Баасан гэдэг хүн ах, бид хоёрыг ажилд авсан. Нэг сар галч хийгээд бид хоёр нэг хүний 250 төгрөг буюу 500 төгрөгийн цалин авч байлаа. 1983 онд 250 төгрөг гэдэг бол их мөнгө. Тухайн үед ээж маань худагт түгээгч, аав дэлгүүрт сахиул хийдэг тус бүр 250 төгрөгийн цалинтай байсан юм. Тухайн сар бид хэдийн цалин нийлээд мянган төгрөгтэй болсон. Тэр мөнгөөрөө сайхан хашаа, байшин авч туйлж байлаа. Мянган төгрөгийн хашаа, байшин гэдэг бол тухайн үед орд, өргөө шиг л санагдаж байсан. Энэ бол миний хөдөлмөрийн үр шимийг хүртсэн хамгийн дурсгалтай цалин.

-Улс төр гэж яг юу юм бэ. Та хэдэн үгээр тодорхойлооч?

-Улс төр гэдэг нь улсыг засаглах, зохион байгуулах, эрх мэдлийг хуваарилах гэсэн томъёолол л яваад байгаа юм.

-Тэгвэл улстөрч хүн ямар байх ёстой юм?

-УИХ-ын сонгуулиар манай улстөрчид сүүлийн 20 гаруй жил маш сайхан зүйлийг амлаад гарч ирсэн. Монгол Улс одоохон Азийн бар улс болно гэж олон жил ярьж байна. Гэтэл биеллээ олсон зүйл нэг ч байхгүй. Тиймээс улстөрчдийн амлаад байгаа зүйл бүгд худлаа байсан юм байна л гэж бодож байна. Гурван сая хүнийг өнгөрсөн 25 жилийн дотор нүүрийг нь угаасан юм шиг сайхан болгоод тавьчихаж болох л байсан.

-Таны үг хэр хүчтэй вэ?

-Би ажилд их нухлуулж яваа хүн. Тиймээс ч тэр хандлагаараа л бүх зүйлд ханддаг юм байна гэж бодсон. Тэгэхээр бодит амьдралаас, ажил хэрэгч байдлаас урган гарсан үг хүчтэй байна. Би тийм дэл сул зүйл яриад байдаггүй.

-Таны амьдралд тохиолдож байсан хамгийн ичмээр явдал?

-Анх айхтар ичсэн нэг явдал бий. Би хоёрдугаар ангид буюу 10 настай байсан. Тухайн үеийн багш нар хүүхдүүдтэй үнэн зүрх сэтгэлээсээ хандаж, харьцдаг. Хүүхдүүдийнхээ төлөө гэрт нь гүйгээд очдог байлаа. Нэг өдөр манай ангийн хэдэн нөхдүүд ариун цэврийн шалгалтад бүдэрсэн. Гэтэл тэр дотор нь би цохиж явдаг байгаа. Тэр үед долоо хоног бүр  хүүхдүүдийн цамцыг тайлаад оёдлыг нь дагуулан үздэг байлаа. Үзлэгээр би бөөстэй гарсан.

Бөөсийг нь цаасанд боогоод л дээр нь Сүхбат, Баярсайхан гээд нэрийг нь бичнэ. Тэгээд хичээлийн дараа бөөстэй хүүхдүүдээ бүгдийг нь дагуулаад гэр гэрээр нь явна. Гудамжинд жагсааж зогсоож байгаад загнаад л, хажуугаар явж байгаа нутгийн ах нар хараад, сонсоод л бидний нүүр рүү халуун ус цацсан юм шиг л болж байсан. Энэ явдлаас хойш хариуцлага, нэр хүнд гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг яс, махандаа тултал ойлгосон.
 
Сонгуулийн хууль яаж шийдэгдэхээс нэр дэвших эсэх нь шалтгаална

-Таныг 2016 оны сонгуульд нэр дэвших гэж байна гэх юм. Үнэн юм уу?

-Одоогоор би яг нэр дэвшинэ гэж хэлэх боломжгүй байна. Сонгуулийн хууль яаж шийдэгдэхээс нэр дэвших эсэх нь шалтгаална.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

-Би аавтайгаа байхад аз жаргалтай байсан. Аав маань миний бурхан байсан.

-Хүн бага, залуудаа маш их мөрөөддөг. Таны мөрөөдөл хэр биелсэн бэ?

-Бөх болохыг мөрөөддөг байсан минь биелсэн. Харин чөлөөт бөхөөр олимпын аварга болно гэж мөрөөдөж байсан маань биелээгүй. Тэгэхээр миний сонголт буруу байсан юм шиг байгаа юм. Чөлөөт бөхөөр тивийн аваргаас медаль аваад, дэлхийн аваргаар шагналт байранд ороод, олон улсын тэмцээнд хэд түрүүлээд л орхисон хүн. Түүнээс цаашаа амжилт гаргах нөхцөл боломжийг өөртөө бий болгож чадаагүй. Тухайн үед буюу 1990 оны дундуур амьдрал маш хүнд байсан. Тухайлбал, 1993 онд Б.Гантогтох, Л.Сэргэлэнбаатар, Ц.Цогтбаяр бид хэд Канадын дэлхийн аваргад барилдах гэж явахдаа 1350 долларыг таван газраас гуйж бүрдүүлж явж байсан. Тиймээс ч нийгэм, тамирчдын амьдрал ямар хүнд байсан нь мэдэгдэж байгаа юм. Би сарын цалингаараа жийнсэн өмд аваад өмсчихсөн. Тухайн үед жийнсэн өмдний үнэ буюу 40 мянган төгрөгийн цалинтай байсан. Миний охин төрчихсөн үе байсан юм. Гэтэл манай Баясаа цалингаа авсан уу, мөнгөгүй байна гэсэн. Тэгэхэд нь би жийнсэн өмд аваад өмсчихсөн гэсэн. Гэтэл тэр өмдөөр чинь яах юм бэ, охиноо хар даа гэж байлаа. Ийм байдлаас би энэ амьдралын эзэн нь юм байна, хичээхгүй бол болохгүй юм байна гэх мэтээр амьдралдаа их сургамж авдаг юм билээ.

Би нэг ч төгрөггүй болж үзсэн тохиолдол олон байдаг. Улсын начин цолтой мундаг хүн, охин маань төрчихсөн суудаг болоод “гого” гэж хэлдэг болчихсон байсан. Тухайн үед мөнгөгүй, ойр орчны хүмүүсээсээ мөнгө зээлээд хэрэглэчихсэн харц тулгарч чадахгүй дальдчаад л явдаг. Хөдөө гэртээ очоод ах, дүү нараасаа мал аваад гаргаад идчихдэг байлаа. 1995 онд юм байна ямар ч мөнгөггүй болчихсон байхад  эхнэр “Мөнгө байхгүй, хоол байхгүй, охины хэрэглээний юм байхгүй яах вэ” гэсэн. Гэтэл би нэг удаа барилдаанд явах болчихоод байсан.

Тэгээд би өөдөөс нь барилдаанд явах гэсэн юм, чи надад автобусны мөнгө өгчих гэсэн. Тухайн үед автобус 100 төгрөгөөр явдаг байсан. Би чинь улсын начин цолтой, бичил хорооллын тэнд хоёр өрөө байранд амьдардаг  мундаг нөхөр байлаа. Тэгсэн хэрнээ мөнгө байхгүй, би яаж барилдаандаа явах юм гэсэн.

Харин эхнэр “Бурхны урд 100 төгрөг байгаа. Бурхандаа залбирч байгаад аваад яв” гэдэг юм байна. 100 төгрөгөө аваад том бор хэтэвчиндээ хийгээд, автобусанд суугаад Спортын төв ордон орсон. Тухайн барилдаанаар хүнд, хүнд барилдаан хийсэн. Яагаад хүнд барилдаан хийсэн юм бол гэсэн чинь охин минь нүдэнд харагдаад “хоол байхгүй байна” гэдэг үг бодогдоод байсан. Тиймээс л охиндоо мөнгө олж очих ёстой гэж бодож барилдаад үзүүр, түрүүнд Б.Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Тэгээд 250 мянган төгрөгийн шагнал аваад, Спортын төв ордноос гараад гурван тор хүнстэй такси бариад гэртээ очиж байлаа. Бидний тарчиг байсан ч болгож, тэмтчиж байсан цаг үе үнэтэй, дурсамжтай байдаг.

-Яг одоо та хэнд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Өнөөдрийг хүртэл бөхийн талбарт намайг дэмжиж, надад тусалж дэмжиж байсан, унахад минь хамт унаж, давах бүрт адил уухайлан баярлаж байсан хөгжөөн дэмжигчид, ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад дахин дахин баярлалаа гэж хэлье. Би зодог тайлахгүйгээр олон жил барилдаж та бүхнийгээ баярлуулах ёстой байсан ч олон шалтгааны улмаас зодог тайлахаас өөр арга байгаагүй шүү. Гэхдээ би шавь нар, үр хүүхдүүдээ сайн дасгалжуулаад дараагийн Сүхбатыг гаргаж ирж чадна, бөхийн салбарт олон зүйлийг хийх болно. 

Монголын мэдээ
Буулгасан Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hydlaa dongod boo????????? 2015-07-08 20:50:27
    Hydlaa dongod boo??????????ene myygiin tyil bolson nobs yum daa?Beh hyn chini neg saihan er zorig eldeb myy zyilees holhon yabdag asan??????????Olon hyyhnyydiin...
    31.32.159.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зангаа зас, ард түмнээ хүндэл 2015-06-23 02:59:11
    Охид хүүхнүүд алдартай эрчүүдийг зүгээр явуулахгүй зовоодог тал их. Ард түмний өмчийг, газрыг булааж аваад хараагаад явах нь зохисгүй, хүмүүжилгүй, шуналын гай....
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Chi chadahgui l dee 2015-06-20 23:06:30
    Doping hereglej mongolchuudiig bolon bukhchuudiig muu yumand surgasan hun bol gartsaagui A. Sukhbat. Chadahaa bolihooroo zodog taillaa gej jujig tavisan.
    108.79.253.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Gggggg 2015-06-20 13:49:21
    Yostoi hudlaa gardaa
    103.26.194.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hyy 2015-06-20 05:57:02
    Hudlaa gomdlood ail ailiin ehner erguuleed yavdag er dee zailuul. Hundeldeg bsan hudlaa gar daa.
    72.226.36.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-06-20 02:53:41
    Hend gomdoj tuniad Baidgiin. Tsoliig guij bish guyadaj avah heregtei sh de. Neg l ih gomdol. Teneg shouchin, zavhai bukh.
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах
    • Хмм 2015-06-20 05:23:28
      энэ нөхөр допинг хэрэглэдэг байгаад юм нарийн болоод ирэхээр худлаа жүжиглээд болчихсон байх гэж хардаад байдгийн Хмм
      202.179.28.213
      Мэдэгдсэн Хариулах